“Бизнес эрхлэгч залуучуудын клуб”-ыг шинээр байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“Бизнес эрхлэгч залуучуудын клуб”-ыг шинээр байгууллаа

Улс орны хөгжлийн цөмд хувийн хэвшлийн эзлэх хувь, үүрэх ачаа үлэмж их бөгөөд бизнесийн салбарт залуусын эзлэх хувь өсөн нэмэгдсээр байна. “Монгол залуусын чуулган”-аас гаргасан санаачилгыг МҮХАҮТ дэмжиж, бизнес эрхлэгч залуусын анхны уулзалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан. Уулзалтад МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл “Монголын бизнесийн орчны талаар”, JCI Монгол байгууллагын 2012 оны үндэсний ерөнхийлөгч, “Чоно” группийн ерөнхий захирал Ш.Алтанбагана “Залуусын бизнесийг дэмжих нь”, гадаадын хөрөнгө оруулалттай “М.А.D” ХХК-ны захирал, Белги улсын иргэн Кристофер де Грубен “Монголын бизнес эрхлэгчид гадаад түншлэгчтэй хамтран ажиллахад тулгарч буй бэрхшээл” сэдвээр мэдээлэл өгч, уулзалтад оролцогч залуус нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Зохион байгуулагчдаас дэвшүүлсэн санаачилгыг тус уулзалтын оролцогчид дэмжиж “Бизнес эрхлэгч залуучуудын клуб”-ыг шинээр байгууллаа. Бизнес эрхэлж байгаа болон бизнест шинээр хөл тавьж буй залуучуудыг мэдээллээр хангах, бусдын амжилтаас суралцах, харилцан туршлага солилцох, нийгмийн идэвхитэй оролцооны боломж бүрдүүлэх, тэдэнд зориулсан бодлогын өмгөөлөл болон дэмжин урамшуулах тогтолцоог шинээр бий болгоход энэхүү клубын үүрэг ихээхэн байгаа. “Бизнес эрхлэгч залуучуудын клуб”-ээс цаашид олон ажлыг санаачлан зохион байгуулах тул бизнесийн байгууллагын удирдлага, гүйцэтгэлийн бүх төвшний болон хувиараа бизнес эрхлэгч залуусыг  гишүүнээр элсч, үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцохыг уриаллаа.

Б.Даваа
“Монголын мэдээ” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж