Багануурт баяжуулах үйлдвэр байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Багануурт баяжуулах үйлдвэр байгуулна

Төвийн бүсийн дийлэнх хувийг нүүрсээр хангадаг Багануурын уурхайн шинэ дарга Н.Мэргэнбаатартай уулзаж ярилцлаа.

-Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж буй. Танайхаас нүүрсээр хангагддаг станциудын өвлийн бэлтгэл хэр хангагдаж байна?

-Багануурын уурхай төвийн бүсийн 60 хувийг нүүрсээр хангадаг. Өнөөдрийн байдлаар 4-р станц 10, 3-р станц 13, 2-р станц 6, Дарханы дулааны станц 15, Эрдэнэтийн дулааны станц 21 хоногийн нөөцтэй байна. Товчхондоо 2011-2012 оны өвлийн бэлтгэл ажил 90 орчим хувьтай явж байна гэж хэлж болно.

-Дунджаар 10 хоногийн нөөцтэй байхад л бэлтгэл хангагдчихаж байгаа нь энэ үү?

-Үгүй л  дээ. Өвлийн ачааллын нөөц арай өөр байдаг. Эрчим хүчний яамнаас бүх станцуудад аравдугаар сарын 1 гэхэд өвлийн ачааллаар 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөцтэй байх үүргийг өгсөн. Манай уурхайн хувьд одоогоор 455 мянган тонн нүүрсний нөөц нээчихсэн байгаа. Үүнээс 30 орчим мянган тонн нь усан дор байгаа юм. Хүйтнээс өмнө түүнийгээ гаргаж авахын тулд саяхан эсрэг хутгууртай экскаватор түрээсээр авсан.

-Усан доороос олборлолт хийнэ гэдэг нь уурхайн нөөц багассантай холбоотой юу?

-Үгүй дээ. Багануурын уурхай 1978 онд ашиглалтанд орсон. 708 сая тонн нүүрсний нөөцтэй хэмээн үнэлэгдсэн байдаг юм. Өнгөрсөн 33 жилийн хугацаанд ойролцоогоор 85 сая тонн нүүрс олборлосон. Одоогоор бид хоёр үндсэн хэсгээс олборлолт хийж байгаа. Олборлолт хийж байгаа тэр хэсэгт л устай байна гэсэн үг. 

-Та энэ албыг аваад хоёр сар гаруйн хугацаа өнгөрчихөж. Ажил хүлээж авахад байдал ямархуу байсан бэ?

-Санхүүгийн хувьд маш хүнд байдалд орсон орчин угтсан даа. Уурхайн үндсэн хөрөнгө 83 орчим тэрбум төгрөг, харин урт болон богино хугацааны зээл 94 орчим тэрбум төгрөгт хүрсэн, дансандаа ойролцоогоор 20 орчим сая төгрөгтэй. Сүүлийн хоёр сарын цалинг зээлээр тавьчихсан. Нэг иймэрхүү төрхтэй угтсан даа.

-Яаралтай мэс заслын ширээн дээр л хүлээж авсан юм байна?

-Нүүрстэй холбогдуулан барьж буй төрийн бодлогын хүрээнд ДЦС-уудад тодорхой хэмжээний татаас өгсөн. Үүнтэй холбогдуулан ДЦС-уудаас 4,9 тэрбум төгрөгийн өглөг орж ирсэн. Түүгээрээ цалингийнхаа зээлийг үндсэндээ барагдуулаад, хоёр орчим тэрбумыг нь нефтийнхээ өрөнд өгсөн. Нефтийн өр ойролцоогоор дөрөв орчим тэрбум төгрөгт хүрчихсэн байсан юм. Мөн түүнээс гадна яаралтай төлөх ёстой төлбөрүүдээ барагдуулж, эхний ээлжинд гал унтраах шив дээ. Тиймээс өнөөдрийн тухайд нэг үеэ бодвол санхүүгийн байдал харьцангуй дээшилсэн, гэхдээ өртэй. Энэ жил дөрвөн тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах бизнес төлөвлөгөө хийгдсэн юм билээ. Эхний хагас жилийн байдлаар ойролцоогоор хоёр тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.

-Алдагдалтай ажиллах нь тодорхой гэсэн үг үү? Алдагдал үүрүүлдэг гол асуудал нь юу юм бэ?

-Өнөөдрийг хүртэл төр нүүрсний үнийг тогтоож байгаа. Өнөөдөр манай уурхайн гаргаж буй нэг тонн нүүрсний өртөг 21 мянган төгрөг. Гэтэл борлуулалтын үнэ нь 20,500 төгрөг. Тонн тутмаас  500 төгрөг алдаж байна гэсэн үг. Энэ бол харин ч нэмэгдсэн үнэ шүү. 5 сарын 1-нээс нүүрсний үнийг бага хэмжээгээр нэмсэн шүү дээ. Уг нь зах зээлийн жамаараа нүүрсний үнийг нэмэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл  хүн амын амьжиргааны түвшинтэй тааруу байгаа учраас төрөөс нүүрсний үнэнд хяналт тавихаас өөр аргагүй болж байгаа юм.

-Хувьчлах тухай асуудал нэг бус удаа яригдаж байсан. Уурхайд төрийн оролцоо хэдэн хувьтай вэ?

-75 хувь нь төрийнх, 21 хувь нь АНУ-ын нэг компанийнх, үлдсэн дөрвөн хувь нь хувь хүмүүсийнх юм билээ. Уг нь хувьчилбал санхүүгийн орчин сайжирч ашигтай ажиллах боломжтой. Гэхдээ стратегийн орд гэдэг утгаараа төрийн оролцоо байх ёстой байх.

Ц.ХЭРЛЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж