Жүдогийн дасгалжуулагчдыг солих нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Жүдогийн дасгалжуулагчдыг солих нь зөв үү?

Монголын жүдо бөхийн холбоо зарим өдөр тутмын сонинд жүдо бөхийн шигшээ багт дасгалжуулагч сонгон шалгаруулж авах тухай зар нийтлүүлжээ. Бээжингийн олимпиос алтан медальтай ирсэн жүдочдыг Лондонгийн олимпийн гол найдвар гэж монголчууд тэр аяараа итгэж байгаа учраас энэ мэдээ спортынхны анхаарлын төвд ирээд байна. Олимп эхлэхэд нэгхэн жилийн хугацаа үлдээд байгаа энэ үед дасгалжуулагчдаа солих нь зөв үү, буруу юу гэдэгт ч эргэлзэх хүмүүс олон байгаа бололтой.

Жүдо бөхийн холбоо есдүгээр сарын эхээр болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медальгүй, шагналт байргүй ирсэн нь холбооны зүгээс дасгалжуулагч, тамирчидтай хариуцлага тооцох эхний шалтгаан болсон байх. Гэхдээ спорт холбоод шигшээ багийн дасгалжуулагчдад ийм байдлаар хариуцлага тооцож, сонгон шалгаруулалт явуулж болдог эсэхийг тодрууллаа.

Биеийн тамир, спортын газраас /БТСГ/ бидэнд өгсөн мэдээллээр бол үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид бүтцийн хувьд БТСГ-т харьяалагддаг тул дасгалжуулагчдын сонгон шалгаруулалтыг зөвхөн тус газраас баталсан журмын дагуу явуулах ёстой ажээ. Харин спорт холбоод дасгалжуулагчидтай холбоотой асуудлаар санал оруулдаг гэнэ. Зарим холбоод дэргэдээ холбооны баг байгуулан, тэндээ дасгалжуулагч ажиллуулдаг. Энэ тохиолдолд спорт холбооны дасгалжуулагчдын сонгон шалгаруулалт явуулах, өөрчлөх асуудал тухайн холбооны эрх мэдлийн асуудал болдог байна.  

Монголын жүдо бөхийн холбооноос нийтлүүлсэн “Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн орон тоонд багш, дасгалжуулагч шалгаруулж авна” гэсэн зарын талаар болон жүдо бөхийн шигшээ баг дасгалжуулагчдаа ямар үндэслэлээр өөрчлөх гэж байгааг холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбатаас тодруулахад, “Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид 2010 оны Азийн наадам, 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилтгүй оролцсон. Дээрээс нь олимпийн эрх олгох “Их дуулга”, “Дэлхийн цом” зэрэг томоохон тэмцээнүүдэд санасан хэмжээнд амжилт үзүүлэхгүй байх тохиолдол байсан. Олимпийн наадам ойртчихсон ийм цаг үед шигшээ багийн тамирчид бүхэлдээ сайн биш, цөөн хэдэн тамирчин амжилт үзүүлж байгаа зэрэг нь дасгалжуулагчдыг өөрчлөх шалтгаан болсон” гэлээ.

Нэгэнт үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын халаа сэлгээ, сонгон шалгаруулалтын асуудал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-ын шийдэх асуудал тул Монголын жүдо бөхийн холбоо шигшээ багийн дасгалжуулагчдаа өөрчлөх хүсэлтэй байгаа тухай саналаа албан ёсоор БТСГ-т хүргүүлээд байгаа аж. БТСГ асуудлыг шийдээгүй байхад “Дасгалжуулагч сонгон шалгаруулах” талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар нийтлүүлсэн тухайд БТСГ жүдо бөхийн холбоог буруутгаж байгаа бол Жүдо бөхийн холбоо “Спорт холбоод шигшээ багийн дасгалжуулагчийн асуудалд бие дааж шийдвэр гаргах эрхтэй” гэсэн тайлбар өгч байна.

Ямартай ч энэ асуудлыг өнөөдөр БТСГ-ын Дарга нарын зөвлөлийн хурлаар авч хэлэлцэх бололтой. Харин өөрсдийг нь ажлаас чөлөөлөх талаар ярилцаж байгаа энэ үед шигшээ багийн дасгалжуулагчид тамирчдын бэлтгэлийг удирдаж байгаа эсэхийг холбогдох хүмүүсээс тодруулахад, “Зарим нь бэлтгэлд ирэхгүй байгаа” гэсэн хариулт өглөө.  “Шигшээ багийн дасгалжуулагчдыг ажлаас нь чөлөөл” гэсэн чиглэлийг холбооны удирдлагуудын зүгээс өгсөн болохоор үнэхээр ч зарим багш нар БТСГ-аас ямар шийд гарахыг хүлээн, бэлтгэлийн заалаар очихгүй байгаагаа нуусангүй. Сүүлийн хэдэн өдөр гаднаас ирсэн мэргэжилтэн багш нар жүдочдын бэлтгэлийг хийлгэж байгаа гэсэн мэдээлэл ч байна.

Сануулахад, 2008 оны Бээжингийн олимпийн дараа БТСГ-аас явуулсан дасгалжуулагч сонгон шалгаруулах журмын дагуу тус газар жүдо бөхийн холбоотой зөвшилцсөний үндсэн дээр Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ч.Насантогтохыг, дасгалжуулагчаар Б.Баттулга, Х.Болдбаатар, П.Нямлхагва, Д.Нармандах, Х.Эрдэнэт-Од, Д.Цэрэнханд нарыг томилсон юм. Харин одоо Жүдо бөхийн холбоо эдгээр дасгалжуулагчдыг өөрчлөх санал оруулж, шигшээ багийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт явуулах хүсэлтэй байгаагаа холбогдох газруудад мэдэгдээд байна.

Монголын жүдо бөхийн холбооны зүгээс “Бээжингийн олимпийн дараах сонгон шалгаруулалтын үр дүнд сэтгэл хангалуун байсан. Харин одоо эдгээр дасгалжуулагчдын ажлын явц тааруу байна” гэсэн үндэслэлээр одоогийн дасгалжуулагчдаа чөлөөлж, аравдугаар сарын 3-ныг хүртэлх хугацаанд сонгон шалгаруулалтад өрсөлдөх сонирхолтой дасгалжуулагчдын материал хүлээж авна гэсэн мэдэгдэл хийгээд байгаа. Харин Жүдо бөхийн холбоог “Дур мэдэн шийдвэр гаргалаа” хэмээн буруутгаж байгаа БТСГ энэ асуудалд ямар хариулт өгөх нь өнөөдрийн байдлаар тодорхойгүй байна.

Б.Бадмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж