Ц.Болдыг баривчилсан нь үнэн гэв

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Ц.Болдыг баривчилсан нь үнэн гэв

СХД-ийн засаг дарга Ц.Болд, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр нарыг баривчилсан талаар мэдээлсэн. Тэднийг эрүүгийн гэмт хэрэгт сэжигтнээр татан баривчилсан ба СХД-ийн засаг дарга Ц.Болдоос УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгттэй тэмцэх хэлтсийнхэн байцаалт аваад суллажээ. Харин Нийслэлийн захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаярыг цагдан хорьсон хэвээр байгаа аж. Энэ талаар нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн шалгах хоёрдугаар хэлтсийн дарга  Т.Жадамбаас тодрууллаа.

-СХД-ийн засаг дарга Ц.Болд, Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн дарга Б.Дэлгэрбаяр нарыг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж баривчилсан гэх мэдээллийг зарим эх сурвалж үгүйсгэж байна. Энэ талаар тодруулаач?

-Тэдэнд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 19-нд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тэгээд энэ сарын 22-нд  буюу өнгөрөгч пүрэв гаригт баривчилсан нь үнэн. Хуулиараа баривчлаад  72 цагийн дотор цагдан хорих, суллах эсэхийг шийддэг. СХД-ийн засаг дарга Ц.Болдыг цагдан хорих шаардлагагүй гэж үзээд сулласан. Харин Б.Дэлгэрбаярыг хорьж байгаа. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад цагдан хорих шаардлагатай гэж үзвэл эрх нь нээлттэй.

-Тэдэнд ямар зүйл ангиар хэрэг үүсгэсэн бэ. Улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан гэх асуудал яригдаж байгаа юм билээ?

-Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа. Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа тул хохирлын хэмжээ тодорхойгүй. Хэрэв энэ хэрэг албан тушаалтай холбоотой бол АТГ-т шилжүүлж болно. 300 сая төгрөг хохирол гэсэн зүйл тогтоогдоогүй гэв.

Хэрэв тэдний гэм буруутай нь тогтоогдвол 5-10 хүртэлх жилийн хорих ял эдлэх хуулийн заалттай аж. Зарим хэвлэлд гарсан мэдээллээр тэднийг хамтран цас хайлуулах бодис авах нэрийдлээр жил бүр төсөвт мөнгө суулгаж, хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байгаа аж. Одоогоор хуурамч баримт гарган улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байгаа гэнэ.

Д.Төмөр

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж