Байгаль хамгаалах аян өрнүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Байгаль хамгаалах аян өрнүүлэв

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Байгаль хамгаалах намрын сарын аян” өнөөдрөөс эхэллээ. Уг аяны нээлтийн ажиллагаанд Байгаль хамгаалах намрын аян зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд, Усны газрын хамт олон, Ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 100 гаруй хүүхэд оролцсон юм. Аян “Ус-эх дэлхий”, “Ус ба мод”, “Ус ба агаар” гэсэн гурван шаттайгаар явагдах аж. “Ус эх дэлхий” аяны хүрээнд сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, ус хэмнэх сэтгэлгээ төлөвшүүлэх цуврал сургалт, Монгол улсын усны тоо бүртгэл явуулсан урьдчилсан тайлан, аймаг нийслэлийн БОАЖГ-т усны аудит хийх зэрэг гурван ажлыг төлөвлөсөн байна.

Харин “Ус ба мод” аянд мод тарих, арчилж ургуулахын ач холбогдлын талаарх хичээлийг  радио, телевизээр явуулах, бүх нийтээр мод тарих өдөртэй болох, “Ногоон ажлын байр” үзэсгэлэн яармаг хийх, “Самар” цогц арга хэмжээг хушин ой бүхий газруудад зохион байгуулахаар болжээ. “Ус ба агаар” аянаар агаарын бохирдлыг бууруулах, хязгаарлалтын бүсэд авах арга хэмжээг дүүргүүдэд сурталчлах, Улаанбаатар хотын агаарын чанарыг индексээр үнэлж, хүмүүст мэдээлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “350” арга хэмжээ, "Мини парламент" зохион байгуулах, сарын ажлыг дүгнэж хаах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй аян ирэх сарын 19-нийг хүртэл үргэлжлэх аж.

Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж