Шар бүсийн хот-ын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Шар бүсийн хот-ын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Өнгөрсөн бямба гарагт Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Билэгт,  нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга  Ц.Болдсайхан,  Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И. Доржсүрэн,  Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг дарга М.Мөнхбаяр болон албаны хүмүүс Нийслэл өргөөний анхны шав тавьсан газарт очиж хүндэтгэл үзүүллээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын ойн өмнө Ширээтцагаан нуурын хөвөөнд босгосон гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ. 
   
Улаанбаатар хотын түүхтэй салшгүй холбоотой энэ газарт одоогоос  372 жилийн өмнө Их, Бага Монгол уулын хооронд Автай сэцэн хааны удам Түшээт хан Гомбодорж XI жарны шаргачин туулай жил буюу 1639 онд хуралдсан халхын ноёдын чуулганаар таван настай хүү Занабазрыгаа Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилж байжээ. Занабазарт зориулан Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээтцагаан нуурын хөвөөнд байгуулсан “шар бүсийн хот” нь Монгол Улсын нийслэлийн үндэс болсон түүхтэй.  Ёслолын үеэр урлагийнхан гэрэлт хөшөөг хүндэтгэн  ая дуугаа өргөж, лам хуврагууд байгаль дэлхийгээ аргадан ном хурлаа.
   
Өнөөгийн Монгол орны нийслэлийн үүсэл болсон энэ нутаг хангай, говь, тал хээрийн бүх шинжийг хадгалсан үнэхээр үзэсгэлэнтэй нутаг. Шар бүсийн орд буюу анхдугаар Богдын өргөө анх Монгол гэрийн хэв шинж бүхий тооно, унь, хана хаалга бүхий Монгол уран барилгын өвөрмөц шийдлийг шингээж бүтээсэн цагаан эсгий бүрээстэй их сүм өргөөтэй байжээ. Түүнийгээ тойрсон гэр хэлбэртэй жижиг дуганууд, суварга тэргүүтнээс бүрдэж байсан бөгөөд эргэн тойронд нь  шар бүсийн хамгаалттай байснаас Шар бүсийн өргөө хэмээн нэрийджээ.  


Эх сурвалж: http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж