Ажлын хэсгийн хуралдаан хойшлов

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийн хуралдаан хойшлов

УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааныг хойшлуулан байж, ажлын хэсгийн хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарласан ч хуралдаан хойшлоод байна. Тодруулбал, өнөөдөр 10.00 цагт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэгтгэсэн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан эхлэх байсан ч,  гишүүдийн тоо хангалтгүй байснаас 14.30 цаг болгожээ. Тус хуралдаанаар УИХ-аас баталсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газарт олгосон 24 тэрбум төгрөг, мөн Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн 11 тэрбум төгрөгийг авч хэлэлцэхээр болсон гэх мэдээлэл байна. Сонгуулийг шударга явуулахын тулд хүн амын бүртгэл үнэн зөв бодитой байх ёстой гэж үзэн, өнгөрсөн нэг жил шахамын хугацаанд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь орон даяар хүн амын шинэчилсэн бүртгэл явуулсан юм. Үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан. Мөн иргэдийн үнэмлэхийг чиптэй болгохоор болсон. Ингэснээр сонгууль өгсөн иргэдийн хувьд хоёр удаа сонгууль өгөх гэх мэт зөрчил гарахгүй болно гэж үзэж буй билээ. Харин Сонгуулийн ерөнхий хороонд олгосон 11 тэрбум төгрөгийн хувьд саналын хуудсыг автомат машинаар уншуулахаар болж, улсын төсөвт уг хөрөнгийг суулгасан юм. Гэхдээ УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийн тогтолцоон дээрээ нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байснаас болж, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг намрын чуулган руу шилжүүлээд буй.  Үүнээс болж, автомат машин худалдан авч, тохируулга хийх зэрэг ажил хойшлоод байгаа юм, нөгөө талаас эл мөнгө дууссан гэх албан бус мэдээлэл ч байгаа тул, энэ бүхнийг ажлын хэсэг өнөөдрийн хуралдаанаараа тодруулахаар болжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж