Олимпийн өмнө дасгалжуулагчаа солих шаардлага байна уу

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Олимпийн өмнө дасгалжуулагчаа солих шаардлага байна уу

Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид Францын Парис хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хангалтгүй оролцсоныг спорт сонирхогчид бүгд мэднэ. Тэр ч бүү хэл доромжлох нь доромжилж, шүүмлэх нь шүүмжилж байлаа. Мөн тус холбооны ерөнхийлөгч Х.Баттулга албаныхан болон дасгалжуулагч, тамирчдаа хатуухан донгодоод амжсан. Дэлхийн аваргаас өмнө Парист болсон жүдо бөхийн хамгийн том тэмцээн бол “Их дуулга” байв. Монголын жүдочид үүнд амжилттай оролцож алт, мөнгөн медаль хослуулсан. Тиймээс Парисын татамиг өөрсдөдөө ээлтэй гэж бодсон биз. Харин ДАШТ-д энэ бүхэн эсрэгээрээ эргэж медаль битгий хэл шагналт байр ч үгүй гэрийн зүг гэлдэрсэн. Мэдээж энэ нь манайханд том сургамж болсон байж таараа. Алдаагаа цайруулахын тулд эх орны дэвжээнд “Чингис хаан” цомоор жүдочид алтан медалийг “авдарласан”. Гэтэл энэ нь манайханд төдийгүй жүдо бөхийн холбооны удирдлагуудад хангалттай санагдаагүй бололтой. Учир юу вэ гэвэл тус холбооныхон өнгөрсөн долоо хоногоос эхлэн нэг сонирхолтой зарыг хэвлэлээр цацаж эхэлжээ. Сонирхолтой ч гэж дээ. Уншсан хүн эгдүүцмээр нэг тийм зар байх юм. “Жүдо бөхийн шигшээ багийн ахлах болон бусад дасгалжуулагчийн оронд тоонд шалгаруулж авна” гэсэн зар байна. Одоо жүдо бөхийн шигшээ багт хөдөлмөрийн баатар Ч.Насантогтох, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, Х.Болдбаатар, Д.Нармандах, олон улсын хэмжээний мастер Л.Нямлхагва нар дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Шууд хэлэхэд энэ хүмүүсийн чадварыг гүйцэх дасгалжуулагч яг одоогоор Монголд алга. Тэр тусмаа хөдөлмөрийн баатар Ч.Насантогтохтой дүйцэх дасгалжуулагч байхгүй. Ойрын  хэдэн жилдээ ч төрөхгүй биз. Тийм байхад холбооны зүгээс гаргасан ийм хачирхалтай шийдвэрийг гайхаад олохгүй юм. Ганцхан тэмцээнээс болж бүх дасгалжуулагч нараа солих гэж байгаа бол хэт туйлширчээ гэж хэлмээр байна. Жүдо бол хөлбөмбөг, сагсан бөмбөг биш. Тэс өөр спорт гэдгийг холбооны дарга нар мартсан бололтой. Хэрвээ олимпийн өмнө дасгалжуулагч нараа солих гэж бол холбоогоо ч хүртэл тэр чигээр нь шинэчлэх хэрэгтэй юм биш үү. Жүдочид гавьяа байгуулаагүйд зөвхөн дасгалжуулагч буруут гэж бодохгүй байна. Байгуулсан гавьяаг тэгш эрхтэй хүртдэг шиг ээ алдаа оноог ч гэсэн ижилхэн үүрэлцдэг байвал яасан юм бэ. Ерөөсөө л ийм тогтолцоонд шилжье. Түүнээс биш амжилт гаргаагүй л бол тамирчин, дасгалжуулагчид буруутаж, бусад нэр цэвэр үлддэг байж таарахгүй. Бүгд л хариуцлагаа ижилхэн үүрье. Тэгээд ч олимпийн өмнө дасгалжуулагчаа сольдог спортын төрөл дэлхийн хаана ч байхгүй. Дасгалжуулагчид хамгийн их халгаатай багийн спорт хүртэл олимп, дэлхийн аваргын өмнө дасгалжуулагчаасаа халж, сольж байсан тохиолдол бараг үгүй.

Харин манайхан эсрэгээр нь загнаж байх юм. Дасгалжуулагч нарыг халж сэлгэхэд хэзээ ч оройтохгүй. Гагцхүү цаг үеэ л олох хэрэгтэйг эрхбиш удирдлагууд нь мэддэг байлтай. Гэтэл юунд ийм яаруу шийдвэр гаргасныг бодоод олсонгүй. Одоо дасгалжуулагч нарын хувьд ид ачаалалтай цаг үе нь. Тамирчин бүр өөр араншинтай, бас арга барилтай. Тэр бүхний эвийг нь олж ажиллах дасгалжуулагч энэ хугацаанд гарахгүй байх. Шигшээ багийн дасгалжуулагчийг сонгоно гэдэг тийм ч амар зүйл биш. Хэдийгээр Монголын тамирчин, дасгалжуулагчид бие биенээ мэдэх ч хамтарч ажилласан нь цөөн. Жишээлбэл, Х.Цагаанбаатар, М.Бундмаа, Н.Түвшинбаяр тэргүүтэй тамирчид олон жил шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтохын удирдлага дор түүний арга барилаар нухлуулж ирсэн. Өөр дасгалжуулагчтай хамтрагч болоход нэлээд хэдэн жилийн хугацаа шаардлагатай. Олимп хүртэл хатуу сануулгатайгаар шигшээ багт өөрчлөлт оруулалгүй ажиллаад, дараа нь энэ асуудлаар нухацтай хэлэлцсэн нь илүү оновчтой шийдвэр байх болов уу. Дараа нь зөвхөн дасгалжуулагч нарыг бус холбоонд тэр чигээр нь шинэчлэлт хийсэн нь зөв алхам болж мэдэх юм. Бас илүү шударга болох биз. Дахин хэлэхэд томоохон тэмцээнд алдаа гаргаж, амжилт үзүүлээгүйн төлөө зөвхөн дасгалжуулагч шийтгэл хүлээнэ гэвэл шударга ёсонд эс нийцнэ. Хүн төрөлхтөн төгс биш учраас алдаж, онох нь энүүхэнд. Эцэст нь нэг зүйл хэлэхэд одоо ажиллаж байгаа дасгалжуулагчид нэгдүгээр маягтыг бөглөөд дахин сонгон шалгаруулалтад орж болно гэдгийг холбооны зүгээс зөвшөөрсөн бололтой. Хэрвээ тэгэх юм бол дээрх хүмүүс дахиад л шигшээ багийн дасгалжуулагчаар сонгогдох нь тодорхой юм. Тиймээс сонгон шалгаруулалт хийж цаг алдах хэрэггүй гэдгийг анхааралдаа авна биз. Лондоны олимп болоход тун бага хугацаа үлдсэн. Харин манайханд шинэ дасгалжуулагч шалгаад суух цаг байхгүй. Яагаад гэвэл жүдо бөхийн холбооныхон олимпод 10-аас доошгүй тамирчнаа оролцуулна гэж амласан. Амлалтаа биелүүлэхийн тулд дасгалжуулагч, тамирчидтайгаа тулж ажиллан олимпийн эрхийн оноо цуглуулах аянаа үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Дасгалжуулагч шалгаад сууж байтал олимп хаяанд ирж, амжилт ч үгүй, шинэ дасгалжуулагч ч үгүй сууж байх вий дээ.

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж