
Багагүй хугацаанд үргэлжилсэн ажил хаялтыг долоо хоног үргэлжилсэн шаргуу яриа, хэлэлцээрийн дүнд шийдвэрлэсэн. Ингэснээр Италийн хөлбөмбөгийн шинэ улирлыг есдүгээр сарын 9-нд эхлүүлэхээр болсон билээ. Гэхдээ шинэ улирал хуваарийн дагуу шууд хоёрдугаар тойргоос эхэлсэн болохоор эхний тойргийн тоглолтууд цуцлагдаад байлаа. Харин Италийн хөлбөмбөгийн удирдлагууд хуралдаад цуцлагдсан тойргийг арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нөхөж явуулахаар болжээ. Энэ хүрээнд “Милан” “Кальяри”-гийн талбайд, “Интер” талбай дээрээ “Лечче”-тэй, “Наполи” – “Жэноа”, “Удинезе” – “Ювентус” гэсэн тоглолтууд болно. Лигийн удирдлагууд мөн энэ үеэр Сери А-гийн телевизийн шууд дамжуулалтын эрхийг “Скай Италиа” телевизэд олгосон байна. Харин олон улсад дамжуулах эрхийг ерөнхий сайд Силвио Берлусконигийн эзэмшдэг RTI телевизэд 2015 он хүртэл эрхтэй өгчээ.