Тайзны дэргэдэх асарт “Жимсний хаан” хэмээгддэг чацаргана, түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн, амталгаат худалдаа болж байв. Чацарганы тариалалтаар сүүлийн хэдэн жилд чамгүй амжилт үзүүлсэн Увс аймгийнхан болон “Чацаргана” үндэсний хөтөлбөрийн бүтээгдэхүүнүүдэд нийслэлчүүд ам сайтай байлаа. Тэндээс үргэлжлүүлэн төв талбайд босгосон хоёр том хүлэмжийн нэг рүү зүглэв. Хүнсний болон нарийн ногоо, зөгийн бал, мод, бутны худалдаа энд болж байв. Цэвэр зөгийн балыг хиймэлээс нь ялгах сургалт маягийн арга хэмжээ хүртэл энэ хүлэмжид өрнөх аж. Зөгийн балны хувьд сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймгийнхан нэлээд амжилттай байгаа гэнэ. Тэдний хэлж буйгаар зөгийн бал гэж нэрлэж дэлгүүрүүдээр худалдаалдаг зүйл бол хайлуулсан элсэн чихэр байдаг аж.
“Эх оронч хэрэглээ” гэх үгийг сүүлийн үед манайхан нэлээд хэрэглэдэг болжээ. Энэ үгийг онцлох ногоочид ч олширсон байв. Ногоочдын дундаас нэгийг нь онцлон танилцсан юм. Энэ бол өнгөрсөн онд Улсын тэргүүний тариаланчаар шалгарсан Ц.Даваасамбуугийн гэр бүл. Тэд Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас ирцгээжээ. Улсын тэргүүний тариаланчийн гэргий тарьсан ногоогоо өөрөө зарахаар зогсож байлаа.
Тэрбээр өөрийгөө Ногоочин И.Алимаа хэмээн танилцуулсан юм. Түүний хувьд энэ зун 45 киллограм жинтэй хулуу тарьжээ.
-Танайхан хэдэн жил ногоо тарьж байна вэ?
-Нөхөр бид хоёр 24 гаруй жил ногоо тарьж байна. Үүнээс сүүлийн 10 жилд нь ногоогоо өрхийн хэрэгцээний зориулалтаар бус хүмүүст зарахаар зорьж, хөдөлмөрлөсөн юм байна.
-Хэчнээн төрлийн ногоо байна вэ. Мөн хулууг яаж ийм том ургуулсан бэ?
-Ойролцоогоор 17 төрлийн ногоо тарьдаг. Энд авчирсан нь 12 төрлийнх байна. Хулууны хувьд энд авчирсан хамгийн том нь 45 килограмм орчим болж байгаа. Гадны орнуудад 100 килограмм болтол нь ургуулсан байдаг юм билээ. Манай оронд ч тийм том болгож ургуулах боломжтой. Хавар эрт тариад ганцхан зуны хугацаанд ийм том болчихож байгаа юм.
-Ер нь Монголд ургуулахад байгаль, цаг уурын нөхцлөөс шалтгаалаад ургуулахад түвэгтэй ногоо бий юү?
-Арчилж, ургуулж чадвал үр шимээ өгөхгүй хүнсний ногоо гэж байхгүй л дээ.
Түүний тарьсан хулууг иргэд нэлээд сонирхож байлаа. Мөн тэрбээр “Хулуугаа зүсэж, хагаслаж зарах уу” гэж асуусан болгонд “Бүтнээр нь зарна” хэмээн уйгагүй тайлбарласаар байх аж. Дараагийн хүлэмжинд мөн л монгол газарт тарьж ургуулсан хүнсний ногоо зарж байна. Мөн арчилгаа, тордолгоо их шаарддаг вандуй, амтат чинжүү зэргийг ч худалдаалж байв. Хүнсний ногооны хувьд энэ жил төмс, лууван, байцаа килограмм нь 600 төгрөгийн үнэтэй байна. Нарийн ногоогоор хийсэн амтат салатуудын үнэ 1500-3000 төгрөгт хүрчээ.
“Намрын ногоон өдрүүд-2011” арга хэмжээний хүрээнд зөвхөн хүнсний ногоо бус цагаан идээний өргөтгөсөн худалдаа болж байна. Сүү, цагаан идээний үндэсний үйлдвэрлэгчид өөрсдийн асараа барьж, амталгаат худалдаагаа хийж байлаа. Мөн эх орны улаанбуудайнаас гарган авч буй архи, шар айрагны танилцуулгыг хийхээ ч зохион байгуулагчид мартаагүй бололтой. Арга хэмжээний үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамт олон байнгын хяналт, шалгалтыг явуулж, худалдаалж байгаа бүтээгдэхүүнүүдийг анхаарахаар болсон байна.
Тус газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний хяналтын хэлтсийн дарга О.Нарантуяа ийнхүү ярьж байна.
-Саяхныг хүртэл бид хүнсний ногооныхоо 70 хувийг импортоор авч 30-хан хувийг нь дотооддоо тариалдаг байлаа. Харин өнөөдөр байдал эсрэгээрээ эргэж эх орныхоо хөрсөнд хүнсний ногооныхоо 70 хувийг тариалдаг болжээ. Энэ бол мэдээж сайхан хэрэг. Гэхдээ эх орны хөрсөнд ургасан гээд шинжилж, шалгахгүй байна гэж юу байхав. Энэ өдрүүдэд манай мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар төлөвлөгөөний дагуу ажиллана. Мөн худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнүүдийг газар дээр нь лабораторийн шинжилгээнд хамруулж байна.
"Улс төрийн тойм" сонин