Ардчилсан ерөнхийлөгчөөс туршлага судлана

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Ардчилсан ерөнхийлөгчөөс туршлага судлана

АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ТУРШЛАГА СУДЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛСЭЭР БАЙНА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монгол Улсын Ерөн­хийлөгчийн голлох үүрэгтэй оролцож буй нэг арга хэмжээ нь Ардчилсан орнуу­дын хамтын нийгэм­лэгийн хурал­даан юм. Түүний хувьд тус нийгэм­лэгийг энэ оноос 2013 оныг дуус­тал  даргалахаар бол­­сон. Тиймээс ч  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21-нд Ардчил­сан орнуудын хамтын нийгэм­лэгийн хү­рээнд Ард­чил­лын боловс­ролын асууд­лаар төр, засгийн тэргүүн нарын санаачилгын бүлгийн үйл ажиллагаа эхлүүлж байгаагаа мэдэгдсэн билээ. Түүний санаачил­гад Финланд, Ниге­ри, Румын улсын Ерөнхийлөгч нар болон Люксембургийн Ерөнхий сайд нэгдсэн байна. Тэд ард түмнээ,  ялан­гуяа  залуу үеийг ардчиллын үнэ цэнэ, зарчимд сургах үүрэг, хэрэг­цээ шаардлагыг нэмэгдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриал­сан юм. Үүгээр ч зогсохгүй Монгол Улсын анхны Ардчилсан Ерөнхий­лөгчийн туршлагыг бусад улс орны төрийн  тэргүүнүүд хуваалцах хүсэл­тэй байгаа­гаа илэрхийлсээр  байгаа ажээ. Энэ сарын 21-нд л гэхэд Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж Ливийн Үндэс­ний шилжил­­тийн зөвлөлийн  тэргүүн Мустафа Аль Жалилтай уулзаж шилжил­­тийг үр дүнтэй хийх, сайн засаглалыг тогтоох талаар харилцан ярилцсан байна.  Харин Тунисын Ерөнхий сайд Мохамед Ганучи энэ сарын 22-нд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Ардчиллыг шинээр тогтоогоод удаагүй байгаа Тунис улсад бусад орны туршлага, дэмжлэг маш их хэрэгтэй байгаа бөгөөд чухам тийм  дэмжлэгийг үзүүлж чадах орнуудын нэг бол Монгол Улс гэж бодож байна. Танай улс ардчиллыг бэхжүүлэх суурь болсон Үндсэн хуулиа батлахаас эхлээд, ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүртлээ маш их бэрхшээлийг туулсан нь дамжиггүй. Гэвч 20 жилийн богино хугацаанд чамлахааргүй амжилтад хүрлээ. Энэ жил Киргиз Улс танай ардчиллын туршлагыг судлахаар төлөөлөгчдөө илгээсэн гэж би сонссон. Бид ч мөн адил ирэх жил гэхэд өөрийн хүмүүсээ Улаанбаатарт илгээж, туршлага судлах хүсэлтэй байна” гэжээ. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шведийн улстөрч, хүний эрхийг хамгаалагч Мариа Лейснэртэй эл өдөр уулзсан аж. Хатагтай Мариа Лейснер  “Монгол Улс Ардчилсан орнуудын хам­тын нийгэмлэгийг даргалж байх хугацаандаа гишүүн орнуудын үйл ажил­лагааг идэвхжүүлэхэд анхаарна гэснийг би талархан хүлээн авсан. Ялангуяа Ази тивээс тус байгууллагад гишүүнээр элсэх орнуудын тоо ирэх хоёр жилийн дотор нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Учир нь Монгол бол Азидаа загвар болсон “ардчилал” юм.  Бид туршлагатай  “буурь суусан“ ардчиллаас гадна  “шинэ залуу” ардчил­лаар хүчээ сэлбэх хэрэгтэй байна” гэсэн аж. Эдгээр нь дэлхийн бусад улс орны төрийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгчид ихээхэн итгэл, найд­лага тавьж байгаагийн илрэл юм.  Олон улсын хэвлэл мэдээл­лийн хэрэгслүүд ч үүнийг онцолж байгаа аж. Ямартай ч Ерөнхийлөгч энэ сарын 22-нд Ардчилсан орнуудын хам­тын нийгэмлэгийн хуралдааныг амжилт­тай зохион байгуулсан байна.  Хурлын үеэр  тус нийгэмлэгийн Удир­­дах зөвлөлийг байгуулжээ. Хурал­­даанд оролцсон орнуудаас 25 нь Удирдах зөвлөлд орж ажиллахаа албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр тус нийгэмлэгийг дарга­лах хугацаан­даа ардчиллын боловсролыг дэлгэрүүлж иргэний нийг­мийн байгууллагын төлөвшлийг дэмжих, Азийн бүс нутгийн орнуудын хам­тын ажиллагааг нэмэгдүүлэх, шинээр болон шилжилтийн үедээ яваа улс орнуудын ардчиллыг бэхжүү­лэх үйлст дэмжлэг үзүүлэх, турш­лага хуваалцах зэрэг арга хэмжээнд ач холбогдол өгч ажиллана гэдгээ мэдэг­дээд байгаа юм. Мөн  авлигатай тэмцэх асуудлыг тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон ажиллана гэдгээ илэрхийлсэн байна.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж