Дархлагдсан 76 vs эгэл иргэн

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Дархлагдсан 76 vs эгэл иргэн

Хуульч О.Алтангэрэлийн булан үргэлжиж байна.

Албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон Улсын Их Хурлын гишүүдийг мөрдөн шалгах ажиллагаа хэвийн явагдах бололцоогүй болсны шалтгаан нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр Улсын Их Хурлын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт байсан билээ. Энэхүү өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн нь гэмт хэргийн газарт нотлох баримттайгаа, үйлдэл дээрээ баригдаагүй л бол түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй болгосон юм.

Машинтайгаа явж байгаад хүн дайрчихаад зугтах, хүн хутгалчихаад бултах зэрэг үйлдэл үзүүлэх юм бол газар дээрээ баригдаагүй гэдгээр сонгуульт хугацааг нь дуустал нь хүлээнэ. Дахиж сонгогдвол дахиад л хүлээнэ. Өнөөдөр гурав дараалж сонгогдсон гишүүд цөөнгүй байгааг тооцвол энэ нь маш урт хугацаа юм. Хөөн хэлэлцэх хугацаа гэж бас бий. Хугацаа дуусвал эрүүгийн хариуцлагаас шууд чөлөөлөгддөг.

Гэхдээ манай гишүүд дээрх шиг гэмт хэрэг хийх ухамсар муутай, “бага гарын” нөхөд биш тул албан тушаалаа ашиглах, урвуулах, үүнийхээ үндсэн дээр ашиг олох гэсэн гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл байна. Харин эдгээр хэрэг нь үйлдэл дээрээ баригдах ямар ч боломжгүй. Өнгөрсөн 20 жилд дарга сайд хийж байсан хүмүүс дандаа л баян байдаг бичигдээгүй хууль манайд бий. Төрийн өмчит үйлдвэрийн газрууд, томоохон агентлагуудын дарга нар дунд зэргийн компанийн захирлаас хамаагүй тансаг амьдарна. Гэр бүлийнхэн, үр хүүхдүүд нь ч ялгаагүй. Нэгэнт амьдрал нь бидний татварын мөнгөөр сайхан болоод ирэхийн цагт УИХ-ын гишүүн болохоор зүтгэцгээнэ. Сонгогдчих юм бол дархлагдлаа л гэсэн үг, дээрх заалтаар.

Энэхүү гажиг тогтолцоог эсэр­гүүцэж нэр бүхий нэгэн иргэн Үндсэн Хуулийн Цэцэд өргөдөл гаргасан байна. Түүнийхээр бол иргэн бүр тэгш эрхтэй хэмээн үндсэн хуулиар тунхагласан атлаа гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа ялгаварлаж байна. Эрхэм гишүүд өөрсдөдөө зориулж хуульд байх ёстой заалтыг хассан нь мөн л Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг гэж тэрбээр үзсэн аж. Түүний өргөдлийг Үндсэн хуулийн Цэц хянаж үзээд УИХ Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтооно. Шийдвэр яаж гарахаас үл шалтгаалаад ийнхүү өргөдөл гаргасан иргэний ухамсар, зоригийг бахдууштай.

Хуульчид бид дээрх өөрчлөлт нь байж болшгүй, цөөн хүний эрх ашигт нийцсэн шийдвэр гэдгийг мэдсээр байгаа мөртлөө энэ талаар дуугараагүй. Энэхүү цөөн хүнийг хамгаалсан шийдвэр нь амьдрал дээр эгэл жирийн хичнээн монгол хүний уур бухимдлыг төрүүлэхийг ч урьдчилан харж чадаагүй. Гэтэл эрх зүйн нэг үндэс нь “тэгш байдал” байдаг. Энэхүү тэгш байдал шат шатандаа үгүйлэгдсэнээс болж хамгийн их шүүмжлэлд өртөж байгаа хүмүүс бол хуульчид бид шүү дээ.

Эгэл жирийн иргэн замын хальтиргаанаас болж, автомашин жолоодож яваад хүн шүргэчихвэл хэдэн сар шалгагдана. Цаашилбал ял авна. Харин УИХ-ын гишүүн бол тоормос гишгэхгүй өнгөрөөд явахад яах ч үгүй. Гар утас хулгайлсан хүүхэд дор хаяж хоёр жил сууна, газрын баялгаас тэрбумаар нь завшсан эрхэм гишүүн дөрвөн жил дархлагдана.

Энэ шударга бусаар дархлагдсан хүн сүргийн эсрэг нэгэн эгэл иргэн, нам эвсэл, хөрөнгө мөнгө, улс төрөөс хамааралгүй жирийн нэгэн бүсгүй өргөдөл гаргасан байна. Өнөөдрийн нийгэмд тогтсон үнэлэмжээр бол хүчний харьцаа бараг 100 хувь 76-ийн талд байна. Гэхдээ хэсэг бүлэг хүмүүс эрх мэдэл, мөнгө төгрөгөндөө дулдуйдаж, “бүгд тэгш эрхтэй” хэмээн тунхагласан үндсэн хуулийг маань зөрчих вий хэмээн түүнээ мануулахаар “Цэц” гэдэг байгууллагыг үүсгэн байгуулсан түүхтэй. Энэ түүх шинээрээ, бүтээсэн эзэдтэйгээ байна. Харин манаач маань…?

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж