Карлос Тевез Аргентиний шигшээд багтсангүй

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Карлос Тевез Аргентиний шигшээд багтсангүй

Аргентиний хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдоод удаагүй байгаа Алехандро Сабелла ирэх сард эхлэх дэлхийн аваргын урьдчилсан шалгаруулалтад оролцох бүрэлдэхүүнээ зарлажээ. Түүний сонгосон 24 тоглогчийн дотор хэд хэдэн од тоглогч багтсангүй. “Манчестер Сити”-гийн Карлос Тевез, “Интер Милан”-ы Хавьер Занетти, “Марсель”-ийн Лучо Гонзалес, “Ливерпуль”-ийн Макси Родригес нарын оддыг Сабелла шигшээд уриагүй байна. Карлос Тевезийн хувьд Копа Америка тэмцээнээс хойш шигшээд дахин дуудагдаагүй өдийг хүрсэн юм. Бусдынх нь хувьд ойрын хугацаанд улсынхаа өмнөөс тоглосон ч хариуцлагатай тоглолтод багтаж чадсангүй. Алехандро Сабелла шигшээ багт Лионель Месси, Серхио Агуэро, Гонзало Игуаин, Анхель ди Мария, Хавьер Пасторэ нарын оддыг дуудсан байна. Мөн Италийн “Женоа” багийн довтлогч Родриго Паласиог шигшээд дуудсан нь гол сюрприз нь байлаа.

Аргентиний шигшээ баг аравдугаар сарын 7-нд Чилитэй, үүнээс дөрөв хоногийн дараа Венесуэльтэй 2014 оны ДАШТ-ий эрхийн төлөө тоглоно. Үүнээс өмнө буюу есдүгээр сарын 29-нд Бразилийн шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийх ч аль, аль баг нь улсдаа тоглодог тоглогчидыг энэ тоглолтод оролцуулахаар болжээ.

Score Studio
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж