УИХ-ын гишүүн Х.Наранхүү “Эрдэнэт” үйлдвэрийн захирал байхдаа их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан гэх үндэслэлээр сэжигтнээр татагдсанаасаа хойш чимээгүй болчихлоо. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч “УИХ-ын гишүүн Х.Наранхүүгийн эд хөрөнгийг битүүмжилж, яллах саналыг нийслэлийн Прокурорын газарт тавьсан” гэх мэдээлэл бий. Мөн түүнийг Монгол Улсаас гарахыг буюу хил давахыг хориглосон гэж байгаа. Харин энэ талаар нийслэлийн Прокурорын газрын нэгдүгээр албаны хяналтын прокурор Т.Жадамбаагаас тодруулахад “Мөрдөн байцаалт дуусаагүй байна. Эд хөрөнгийг нь битүүмжилсэн, хил давахыг нь хориглосон зүйл байхгүй. Мөрдөн байцаалт ирэх сарын сүүлчээр дуусах байх” гэх хариултыг өглөө. Авлигатай тэмцэх газрын зүгээс “Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хөрөнгө битүүмжлэх, батлан даалт, барьцаа авах, хил давах эрхийг хязгаарлах талаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд мөрдөн байцаагч, прокурорын эрх хэмжээний асуудал” гэх тайлбарыг өгсөн юм. Тэгэхээр Х.Наранхүү гишүүний эд хөрөнгийг битүүмжилсэн, хил давахыг хориглосон талаарх мэдээлэл нь ташаа болж таарах нь. Гэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэж бий. Х.Наранхүүг сэжигтнээр татаж шалгаж буй нь түүний бүрэн эрхт халдсан явдал биш гэдгийг нийслэлийн Прокурор болон Мөрдөн байцаах газрынхны зүгээс мэдэгдсэн юм. Харин энэ талаар хуулийн хүрээнд авч үзье. УИХ-ын тухай хуулийн 34.7-д зааснаар “Гишүүний бүрэн эрх эдлэхээс өмнөх хугацаанд хууль зөрчсөн үйлдэлд нь холбогдуулан баривчилсан, эрүүгийн хэрэг үүсгэсэн бол энэ хуулийн 6.9.1, 6.9.2-т заасны дагуу бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ” хэмээн заасан байдаг аж. Харин 6.9.1-д зааснаар “Гэмт үйлдлийнх нь явцад эсвэл гэмт хэргийн газарт эд мөрийн баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан”, 6.9.2-т “Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг УИХ-д оруулсан” тохиолдолд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх талаар хэлэлцэх юм. Одоогоор Улсын ерөнхий прокурор санал оруулаагүй учир бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн үг. Тиймээс хуулийн дагуу Х.Наранхүү гишүүн шалгуулж, буруутай нь тогтоогдвол хэргээ үүрэхээс өөр аргагүй болж буй юм. Өөрийг нь сэжигтнээр татан шалгаж байгаа талаар эрхэм гишүүн мэдэхгүй байгаа нь хачирхалтай. Түүний туслах нь хүртэл “Одоогоор мэдсэн зүйл алга” гэж байсан удаатай. Гэхдээ тэд олны хэл амнаас эмээж мэдсэн ч мэдээгүй юм шиг царайлан ийм хариулт өгсөн байж ч болох. Гэвч хэрэг бишдэж байгааг мэдсэн УИХ-ын гишүүн Х.Наранхүү өмгөөлөгчдийн багийг ажиллуулж эхэлсэн бололтой. Учир нь түүний өмгөөлөгчид нийслэлийн Прокурорын газарт хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтээ гаргасан гэж буй. Тэд хүсэлтдээ хэд, хэдэн хуулийг иш татсан аж. Мөн “Эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Эрүүгийн хэргийг нягтлан харж хэрэгсэхгүй болгож өгөөч” гэсэн бичиг хүргүүлжээ. Сүүлийн үед УИХ-ын гишүүд Авлигатай тэмцэх газарт шалгуулах нь хэвийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй. Янз бүрийн хэрэгт нэр холбогдож байсхийгээд л дуудагдаж, шуугиан тарих болсон нь парламентын нэр хүндийг унагаж байгаа талаар шүүмжлэх хэсэг ч бий. Ер нь сонгогч бид ийм шүүмжлэл хүлээхээс өөр аргагүй парламентын гишүүдийг заавал сонгох шаардлага байхгүй гэдэгт л асуудал байх шиг байна.
Ц.Энхцэцэг
"Улс төрийн тойм" сонин