Богдханы түймрийг унтраахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Богдханы түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Богдхан уулын Чулуутын амны Их халзангийн дээд эх гэдэг газар өнгөрсөн баасан гаригт гурван га талбайг хамарсан ойн түймэр гарсныг онцгой байдлын албаныхан мөн өдрийн 20:00 цагт цурманд оруулсан билээ.

Ойн түймрийг бүрэн унтраахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс шадар ахмад Ж.Жаргалсайханаар ахлуулсан 14 албан хаагч, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр ангиас дээд дэслэгч Ж.Батсайханаар ахлуулсан есөн албан хаагч, нийслэлийн Аврах салбараас шадар дэслэгч Б.Ганболдоор ахлуулсан 19 албан хаагч, “Богд Хан уул”-ын хамгаалалтын захиргаанаас зургаан хүн нийт 51 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

Харин ням гаригийн өдөр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Нүхтийн амны дээд тагт Хөөтэй хад гэдэг газарт гарсан 0,8 га талбайг хамарсан ойн түймрийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах 30 дугаар анги, Богдхан уулын хамгаалалтын албаны захиргааны ажилчдаас бүрдсэн нийт  33 хүн, дөрвөн автомашин, багаж хэрэгсэлтэйгээр ажиллан өчигдрийн 23:30 цагт бүрэн унтраалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сүүлийн үед хуурайшилт ихтэй байгаа тул ногоон бүсэд зорчиж буй иргэд, жолооч нар ил гал гаргахгүй байж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж