УИХ-ын дарга төрийн бодлогыг таниулав

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга төрийн бодлогыг таниулав

Ховд аймагт томилолтоор ажиллаж байгаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл эхлээд тус аймгийн Чандмань суманд ажиллаж, сумын хүн эмнэлэг, дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцан,  бизнес эрхлэгчид болон иргэдтэй уулзалт хийсэн юм.

Тус сум 2965 хүн амтай, 115 мянган толгой малтай, Улаанбаатар хотоос 1375 км-ийн зайтай оршдог аж. Эднийх эмнэлгийн хоёр байртай агаад хуучин байр нь 1973 онд ашиглалтад орсон хэдий ч бүрэн урсгал засвар хийж, дээвэр, шалыг нь бүрэн шинэчилснээр дахин ашиглах боломжтой гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газар үзжээ. Харин эмнэлгийн шинэ байр нь 2000 онд ашиглалтад орсон, өнгөрсөн онд урсгал засвар хийсэн аж. Сумын иргэд ходоод, дотоод эрхтний тогтолцоо болон зүрх судасны өвчнөөр гол төлөв өвчилж байна. Эмч нар өвчлөлийн энэ шалтгааныг сумын усны чанартай холбон тайлбарлаж байлаа.

Сумын арван жилийн сургуульд 600 гаруй сурагч суралцдаг, 30 багштай, 29 ажилтантай, барилгын хувьд 1960 онд ашиглалтад орсон учраас сургуулийн өргөтгөл, шинэ сургуулийн байрны асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатайг сургуулийн захирал хэлж байв. Тус сургуулийг 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нар бүрэн комьютержүүлэх ажлыг хийж, энэ ажлын хүрээнд ""Мэдээлэл зүйн танхим"" байгуулан 14 комьютертэй болгон тохижуулж өгсөн нь сурагчдад комьютер ашиглах боломж олгосон гэж мэдээлэл зүйн багш С.Болор-Эрдэнэ хэлж байв.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус суманд ажиллах хугацаандаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ‘’Бит төв’’-д зочиллоо. Энэ төвд жижиг, дунд бизнес эрхлэгчид ноос, ноолуураар бэлэн хувцас, бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг аж. УИХ-ын даргыг энд ажиллах үед сумын бизнес эрхлэгчдийг дэмжих бизнес инкубаторын сургалт тус төвд болж байв. Сургалтад сумын 16 иргэн оролцож жижиг, дунд бизнес эрхлэх, зээл, санхүүгийн асуудлаар санал солилцож, арга туршлагаа хуваалцжээ.

Сумын зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус сумын иргэдтэй уулзалт хийж, УИХ-аас батлан гаргасан хуулиудын тухай иргэдэд мэдээлэл өгч, сумын өмнө тулгамдсан асуудлын талаар санаа бодлоо солилцов.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл иргэдэд хандаж хэлэхдээ, хөдөө аж ахуй эрхлэгчид болон малчдыг дэмжих зорилгоор төрийн бодлогуудыг дэс дараатайгаар хэрэгжүүлж байна. Энэ жил Монгол Улсын хэмжээнд 40 гаруй сая мал өвөлжихөөс Ховд аймагт хоёр сая мал өвөлжинө. 2009 оны зуднаас малчдад учирсан хохирол, малын хорогдол бүрэн арилсан байна. Гэсэн ч өвлийн улирлыг өнтэй давахын тулд малчдын өөрсдийн хөдөлмөр зүтгэл чухал. Иймээс өвлийн бэлтгэл ажлыг сайтар базаан, хадлан тэжээл бэлтгэх нь чухал. Төрөөс малчдыг дэмжих зорилгоор олон чухал арга хэмжээ авч буйн нэг нь ‘’Монгол мал” нндэсний хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд малыг эрүүлжүүлэх болон мал ахуйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд анхаарч байна. Малыг эрүүлжүүлснээр малын сүү, махыг гадаад орнууд руу экспортлох боломж ч нээгдэнэ.

Монгол орны эдийн засгийн тулгуур болсон мал аж ахуйгаас гадна уул уурхайн салбар  манай улсын эдийн засагт хүч түрэн орж байна. Гэвч уул уурхайгаас ажлын байр нэмэгдэх нь хязгаарлагдмал тул иргэд мал аж ахуй, газар тариаланг түшиж амьдрах нь ирээдүйд баталгаатай амьдралыг бий болгож, ажлын байр нэмэгдүүлэх нэг чухал хүчин зүйл мөн. Иймээс цаашид бид малчдын эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын асуудлыг шийдвэрлэнэ гэсэн зорилт тавин ажиллаж байна хэмээн онцолж байлаа.
 
Иргэдийн хувьд УИХ-ын даргад хандан малчдын зээл, Хүний хөгжил сангаас олгох мөнгөн тэтгэмж, ажлын байр, бэлчээрийн тухай асуудал болон сумын өмнө тулгамдсан асуудлаар асуулт тавьж байсан юм. Малчдын асуултад УИХ-ын даргын өгсөн хариултыг багцлан хүргэе.

УИХ-ын ээлжит намрын чуулганаар хэлэлцэх асуудлын тухайд:

-Монгол Улсын эцэг хууль болох Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсэг ажиллаж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ намрын ээлжит чуулганаараа хэлэлцэнэ.

Мөн Компаний тухай хуулинд өөрчлөлт оруулна, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулна. Учир нь ажлын байр бий болгох шаардлага нийгэмд байгаатай зэрэгцэн сумдад ажлын байрны талаархи мэдээллийг интернэтийн сүлжээнд оруулан, бирж байгуулж иргэдийг ажлын байрны мэдээллээр ханган, ажилд зуучлах шаардлагатай байна. Мөн иргэдээс ирж байгаа нэг гомдол бол ажлын байртай болохын тулд сумдад мөнгө, авлига цэцэглэж байна гэсэн мэдээлэл юм. Иймээс энэ асуудлыг сумдын удирдлага анхаарч, хууль бус үйлдлийг зогсоох шаардлагатай.

Боловсролын салбар, багш нарын хувьд:

-Багш болгон зөөврийн комьютертэй болох ажлыг хийнэ. 60 тэрбум төгрөгөөр эмнэлэг болон сургуулийн багш нарыг зөөврийн комьютертэй болгох ажлыг эхлүүлсэн. Улсын хэмжээнд бүх эмнэлэг, сургуулиуд зөөврийн комьютертэй болно. Орчин үеийн шинжлэх ухаан техникийн хөгжлөөс бид хоцрох ёсгүй. Ийм хэрэгцээ шаардлагын улмаас дээрх арга хэмжээг авч байна.

Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн тухай:

-УИХ-ын чуулган алслагдсан болон говийн аймгуудын бүсийн нэмэгдлийн асуудлыг хоёр удаа хэлэлцсэн. Төрийн албан хаагчийн  цалингийн нэмэгдлийн асуудлыг зохицуулан, 20 хувийн бүсийн нэмэгдэлтэй болгохоор шийдвэрлэж болно. Харин төрийн албан хаагчдаас бусад иргэдийн хувьд бүсийн нэмэгдлийг хэрхэн олгох нь сайтар бодож, хэлэлцэж шийдвэрлэх асуудал болоод байна.

Бэлчээрийн хуулийн хувьд:

-Малчид бэлчээрийн асуудлыг сүүлийн жилд ярьж байна. Энэ асуудал парламентаас парламент дамжин шийдвэр хүлээсэн асуудал болсон. Гэхдээ шууд шийдвэрлэх боломжгүй, учир нь Монгол орон өргөн уудам нутагтай, газар нутгийн онцлог өөр өөр өвөрмөц тогтоцтой. Иймээс бид нэгдсэн нэг хууль батлаад шууд зохицуулах боломж хязгаарлагдмал. Хангайн бүс, говийн бүс, хээр талын гэх мэтчилэн зохицуулалтыг хийхгүй бол нэг эрх зүйн зохицуулалтаар бэлчээрийг хуульчлах боломж хомс байна.

Газар тариалангийн хувьд:

-Мал аж ахуйг газар тариалантай холбох шаардлага байна. Усалгаатай газар тариаланг хөгжүүлэн төмс, хүнсний ногоо, малын тэжээл тарьж ургуулах боломж малчин бүрт байна. Хөдөө орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн шилжих хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ үед хөдөө орон нутагт амьдрах бололцоо боломж бий. Газар тариалан эрхлэгчдийг дэмжиж, төрөөс нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэсэн, гадаадаас импортоор оруулж ирэх хүнсний ногооны татварыг 15 хувь хүртэл нэмэгдүүлсэн гэх мэт газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлогыг УИХ шийдвэрлэсэн.

Оюутнуудын хувьд:

-УИХ оюутнуудыг дэмжихийн тулд сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмж олгож байхаар болсон. Гэвч энэ нь тэтгэмжийг хэт хавтгайруулсан гэхээсээ илүүтэйгээр их сургууль төгсөгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, их сургуульд орох босгыг өндөрсгөх хүчин зүйл болно. Мөн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагаанд онцгой анхаарна. Үүнийг төр бодлогоор дэмжинэ хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэл иргэдийн асуусан асуултад хариулахдаа онцлов.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тус сумын иргэдээс тавьсан санал хүсэлтийн дагуу 320 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ сургуулийн байр барих ажлыг дэмжихээ мэдэгдэв. Мөн сумын хүн эмнэлгийн хуучин барилгад  их засвар хийж, амбулатори болгож шинэчлэх ажлыг дэмжихээр болов гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж