Д.Амартүвшин “Дэлхийн цом”-д аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Д.Амартүвшин “Дэлхийн цом”-д аваргаллаа

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны “Дэлхийн цом” ангилалд багтах олон улсын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Казахстаны Алматы хотноо боллоо. Наймдугаар сарын сүүлээр Францын нийслэл Парист болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүсч, зорьсон амжилтдаа хүрч чадаагүй жүдо бөхийн үндэсний шигшээ багийнхан дэлхийн аваргын өмнө дэндүү ачаалалтай бэлтгэл, сургуулилт хийсэн учир өдгөө сэргэлтийн бэлтгэл хийж байгаа юм. Тиймээс ч энэ удаад шигшээ багийн цөөн тооны тамирчид хувийн зардлаар Казахстаныг зорьж, “Дэлхийн цом”-д хүч үзжээ. Тэмцээнд дэлхийн 30 орны 250-иад тамирчин зодоглосноос Монголын баг тамирчид зургаан эрэгтэй, нэг эмэгтэй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцов. Улмаар эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин алт, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр зургадугаар байрт шалгарчээ.

60 кг-ын жинд барилдсан Д.Амартүвшин Бразили, ОХУ болон Украйны бөхчүүдийг ялж, хэсгийн аварга болсон бөгөөд удаахь барилдаанд Швейцарийн Майкл Итенг ялж, аваргын төлөө Казахстаны бөх Асхат Телмановыг цэвэр ялснаар аваргын алтан медаль хүртжээ.

Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа Казахстан болон ОХУ-ын жүдочдыг ялж, хэсгийн аварга болоод хагас шигшээ барилдаанд Испанийн бөх Изабель Фернандезид ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Швейцарийн бөх Ларисса Ксатариг цэвэр ялжээ.

“Дэлхийн цом”-д барилдсан бусад жүдочдын тухайд 73 кг-д Г.Одбаяр эхний барилдаандаа Молдавын бөх Виктор Сквортовт ялагдсан бол 81 кг-д Г.Түвшинжаргал эхний тойрогт Туркийн Ахмед Сарид, мөн энэ жинд хүч үзсэн О.Ууганбаатар эхний барилдаандаа ОХУ-ын Станислав Семеновт ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Мөн +100 кг-ын жинд Н.Батсуурь, А.Давааням нар хоёул эхний тойрогт хийлсэн ч хоёрдугаар тойргийн барилдаанд ялагдсанаар “Дэлхийн цом”-ыг орхижээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж