”МАХН Н.Энхбаярыг улс төрд оруулах хэрэгсэл боллоо”

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

”МАХН Н.Энхбаярыг улс төрд оруулах хэрэгсэл боллоо”

”Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга С.Молор-Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урилаа. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Хамуг Монголын хөдөлмөрийн намын  даргаар сонгогдсон юм.


-Та өнгөрсөн хавар “Есдүгээр сарын сүүлч гэхэд шинэ багаа танилцуулна” гэж байсан. Тухайн үед танд итгэх хүн бараг үгүй байсан ч хэлсэндээ хүрчээ?

-Тухайн үед намайг шинэ баг бүрдүүлнэ гэж байхад итгэх хүн ховор байсан нь үнэн. Гэвч  би хэлснээ баталж, Хамуг Монголын хө­дөлмөрийн намыг бай­гууллаа.

-Тэр үед та “Миний бай­гуулах шинэ багт МАХН-аас ирэх хүмүүс бий” гэж байсан. Ц.Шинэбаяр гишүүнийг хэлж байсан байх нь ээ?

-Тийм. Гэхдээ манай намыг МАХН-аас гарсан хүмүүсийн нэгдэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй байх. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр бид хоёр МАХН-д байх үедээ л Хамуг Монгол эвсэл байгуулсан. Эвсэл маань МАХН-тай зэрэгцээд л оршин тогтнож байсан шүү дээ. Тухайн үед Ц.Шинэбаяр гишүүн даргаар, би ерөнхий зохицуулагчаар нь ажиллаж байсан юм. Үүний дараа Хамуг Монгол гэсэн тунхагаа гаргасан. Анхнаасаа бид огцом гарч ирэхийн оронд онолын суурьтай явахаар тохирсон байсан юм.  Яг үүнийхээ  дагуу ажилласан. Эхлээд тун­хаг гаргаж, эвслээ зарлаж, хүмүүстэй уулзаж, цуглуулсан. Энэ бүхнээс харахад энэ намыг хүчээр байгуулаагүй. Харин ч байгалийн хуулиар л бий болсон нам юм.

-Таныг “МАХН-аас хүмүүс хү­лээж байгаа” гэж хэлсний чинь дараахан МАХН-ын ерөнхий зо­хицуулагч Л.Цог, нарийн бичгийн дарга Ю.Атар нар намаасаа албан ёсоор гарч байгаагаа зарлаж байсан. Тэд яасан бэ?

-Би тэднийг багтаа аваагүй. Анхнаасаа ч тэднийг хүлээж бай­гаагүй юм. Багаа дандаа шинэ хүмүүсээр бүрдүүлэх зорилготой байгаа.

-Тэд тантай хамтрах хүсэлт тавиагүй болохоор тэр үү?

-Хувь хүмүүсийн нууц, янз   бүрийн юмыг яриад яах вэ. Ямар ч байсан би анхнаасаа тэдэнтэй нэгдэхээр хүлээж байгаагүй. Хуучинтайгаа зууралдах сонирхол ч алга. Хүлээж байсан хүн маань ирсэн. Бид намаа  байгуулсан. Цаашид бид МАХН-аас ирэх хүмүүсийг маш сайн шалгаж авна. Тэгэхгүй бол нийгэмд “МАХН-аас гарсан хэсэг нөхөд нийлээд нам байгуулсан байна” гэсэн ойлголт л бий болно шүү дээ. Тийм имижтэй болохоос болгоомжилж байгаа.

-Тэгээд ямар хүмүүсээр намаа бүрдүүлсэн юм бэ?

-Ерөнхийдөө их сургуулийн багш, эрдэмтэн, сэхээтэн залуус манай намд их орж ирж байгаа. Бид ч тэднийг дэмжин хүлээн авсан. Шинэ, залуу хүний нөөцтэй нам гэх үү дээ.

-Тэгэхээр Н.Энхбаярыг М.Энх­сайхантай хамтрахаас урьтаад та бүхэн нам байгуулах бэлтгэлээ базааж эхэлсэн байх нь ээ?

-Наадмын өмнөхөн намайг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон юм. Тухайн үед намайг  “МАХН-ын билэг тэмдэг, нэр, туг, далбааг хэзээ ч хэрэглэж болохгүй” гэсэн шүүхийн тогтоол гарсан. Тэр ч бүү хэл намайг давж заалдах эрхгүй болгосон шүү дээ. Тэр үед л МАХН-ынхны надаас салах гэсэн сонирхол нь цухалзаж эхэлсэн гэх үү дээ. Шүүхийн тогтоол гарсны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нар намайг намдаа авч үлдэх, хамгаалах ямар ч үйл ажиллагаа хийгээгүй.

-Тиймээс та өрсөж хөдөлж чадсан гэсэн үг үү?

-Би МАХН-ыг улс төрийн гуравдагч том хүчин болгохыг Н.Энхбаярт үргэлж зөвлөж байсан. Өөрөөр хэлбэл “бөгс долоодог” нөхдөөсөө ангижирч, улс төрийн жижиг хүчнүүдийг зангидаад авч явж чадна, алдаа дээрээсээ суралцаж, дахин давтахгүй байх гэдэгт нь итгэж байсан юм. Гэтэл хүсэн, хүлээж байсан бүхэн маань МАХН-ын баримталж буй чиг хандлага өөрчлөгдөж, нөгөө хүмүүстэйгээ эргэж уулзаад эхэлчихсэн байхгүй юу. Үүний нэг илрэл нь дээрх жишээ байсан. Энэ бүхнийх нь дараа шинэ зүйл хүсэж, хүлээж байсан хүмүүс нь сурсан юмыг сураар боож болдоггүй юм байна гэдгийг маш сайн ойлгож, анхнаасаа баримталж байсан үзэл бодлоо хамгаалж шинэ нам байгууллаа. Харин одоо МАХН-ынхан  нам дотроо даргатайгаа зөрчилдөж, эсэргүүцэх эрүүл уур амьсгал байхгүй болсон учир улс төрийн ямар ч идэвхгүй байдалтай байна. МАХН ердөө л  Н.Энхбаярыг улс төрд буцааж оруулах нэг хэрэгсэл болчихлоо. Н.Энхбаяр ч үүнийгээ мэдээд амралтаа авчихаж. Сонгуулиа хүлээгээд л сууж байгаа байх даа. 

-Ингэхэд Ц.Шинэбаяр гишүүн намдаа ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?

-Намуудын сүүлийн 20 жилийн түүхийг судлахад даргынхаа хувийн компани шиг, дарга нь хаан лугаа хязгааргүй эрх мэдэлтэй байдаг зүй тогтол ажиглагдлаа. Зарим намын дарга нь намаа хаяад өөр намд орчихдог. Гэтэл гишүүд нь, даргаа хүлээгээд л сууж байх жишээтэй. Ганцхан хүнтэй нам ч байх жишээтэй. Тиймээс улс төрийн намуудын энэ бүх утгагүй, замбараагүй, ёс суртахуунгүй асуудлыг нэг тийш нь шийдсэн нам болж байгаагаараа манай нам онцлогтой юм. Энэ бүхнийг шийдэхийн тулд намынхаа дэргэд Цэц байгуулсан. Цэц нь улс төрийн үзэл баримтлалаа барихаас гадна намынхаа даргад хяналт тавих юм. Зарим том шийдвэр гаргахад нь даргадаа нөлөөлдөг байх юм. Намын дарга Цэцэд ажлаа мэдээлж, гол чиг үүргээ тэндээс авах юм. Үүгээр одоогийн улс төрийн намуудын алдааг давтахгүй байж чадна. Бид Цэцийн даргаар Ц.Шинэбаяр гишүүнийг сонгосон.

-Ямар алдаа гаргахгүй байж чадна гэж?

-Одоо   бол  хязгааргүй эрх мэ­дэлтэй намын даргаа Ерөнхий нарийн бичиг нь барих гэж оролдсоны улмаас тэр хоёр хүн зөрчилдөж, тус тусдаа баг байгуулчихаад л үзэж тараад байна шүү дээ. Энэ практикаас салахын тулд намын дэргэд Цэц хэрэгтэй. Ийм байхад намын Ерөнхий нарийн бичгийн дарга дотоод ажлаа л хийнэ. Дээшээ тэрсэлдэх асуудалгүй болно. Харин дарга нь гадаад харилцаагаа хариуцаад, намаа төлөөлж явна. Цэц бол намын гол тархи юм. 

– Тэгэхээр танай  намд Цэцийн дарга л бүх эрх мэдлийг атгасан юм биш үү. Харин та ердөө л намын дарга гэсэн нэр зүүсэн төдий санагдах юм?

-Яалаа гэж. Намын даргад олгогдсон олон эрх мэдэл бий шүү дээ. Тэгэхээр би тэрийгээ ашиглалгүй яах вэ. Гэхдээ Цэц намайг хэзээд хянана гэдгийг санаж, ёс суртахууны алдаа гаргахгүй байх нь чухал юм. Манайд ёс суртахууны алдаа гаргахад түүнийг нь шүүх хууль байдаггүйг би хэлж байсан. Цэц байгаа нь намын дарга ямар нэгэн ёс суртахууны алдаа гаргахад хариуцлага хүлээнэ л гэж байгаа юм. Түүнээс биш улс төрийн үйл ажиллагаа, улс төр хийх асуудлыг намын дарга хариуцалгүй яах вэ. Харин миний хажуунаас улс төрийн туршлагатай Цэцийнхэн зөвлөөд явах юм.

-Та “Н.Энхбаярт улс төрийн туршлага бий. Харин надад улс төрийн боловсрол бий” гэж байсан удаатай. Тэгвэл Ц.Шинэбаяр гишүүнд улс төрийн ямар туршлага байна вэ?

-Ц.Шинэбаяр гишүүн одоо Цэцийн багаа бүрдүүлнэ. Тэгэхээр тэнд  улс төрийн туршлагатай хү­мүүс орж ирэх юм. Цэцийн гишүүнд улс төр, амьдралын асар их туршлага бүхий хүмүүсийг авахаар заасан байгаа. Миний хувьд хэдэн жилийн дараа өөр хүнд намын даргын суудлыг өгөөд Цэцийн гишүүн  болно шүү дээ. Тэгэхээр энд хор найруулах асуудал гарахгүй гэсэн үг.

-Нам байгуулж байгаа гол зорилго чинь ирэх жилийн сонгуульд ялалт байгуулах гэдэг нь мэдээж. Гэтэл МАХН ба МҮАН-ын эвсэл. Төрийн эрх барьж буй хоёр нам та бүхэнд зорилгоо биелүүлэх боломж олгох болов уу даа?

-Мэдээж ялж чадна гэж л сонгуульд орно шүү дээ. Харин МАХН, МҮАН-ын эвсэл сонгуульд ялалт байгуулж чадахгүй л дээ. Тэдний эвсэлд Н.Энхбаяр, М.Энхсайхан нарт дулдуйдаж, хэдэн төгрөг салгах гэсэн гишүүд л байгаа шүү дээ. Түүнээс биш тунхаг боловсруулж, улс төрийн үзэл бодлоо хамгаалах хүн нэг ч байхгүй. Хоёулаа намын дарга болчихсон, өөрсдөдөө нэлээд итгэлтэй байх шиг байна билээ. Хослоод л яваг. Чухам юу болохыг нь харж л сууя. Уг нь одоо бий болоод байгаа  бүлэглэлүүд парламентад ороод ирвэл Монголд эрүүл, саруул парламент бий болох эх үндэс тавигдах юм. Гэтэл өнөөдрийн парламентад ямар ч өрсөлдөөн алга. Ямар хууль баталж байгаагаа ч мэдэхгүй кноп дарж байгаа гишүүд байна шүү дээ. Манай парламент бол олон улсын жишгээр хүлээн зөвшөөрөгдсөн парламент биш шүү дээ. Өмнөд Солонгосын парламентын гишүүд үзэл бодлоо хамгаалж зодолдож байхад  манайд УИХ-ын дарга нь үүргэлчихсэн л сууж харагддаг байх аа.

-Нам байгуулахад санхүүгийн асуудал толгойны өвчин болох нь бий. Танай намын хувьд санхүүгийн асуудлаа хэрхэн ший­дэж байна вэ?

-Манай намынхан санхүүжилтээ гишүүд, дэмжигчдээсээ бүрдүүлж байгаа. Ялангуяа гадаадад бай­гаа монголчууд биднийг маш их дэмжиж байна. Тэндээс санхүү­жилтийнхээ тодорхой хувийг бүрдүүлэх төлөвлөгөөтэй байна. Дотоодод бол намууд аль хэдийнэ бизнесийн бүлэглэл, санхүүгийн эрх мэдэлтнүүдийг хуваагаад авчихжээ. Сонгууль дөхөөд ирэхээр санхүүжилтийн асуудал илүү хурцдах байх. Энэ бүх асуудлыг  тухайн үед нь шийдээд явах байх аа.

-Хандив авах замаар уу?

-Тийм зүйлс гарахыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бусад намынхны хийдгийг хийхгүй. Арай  өөрөөр   санхүүжих байх.

-Муугаар төсөөлөхөд танай намаас 2012 оны сонгуульд нэг ч хүн парламентад суудал аваагүй гэе.  Сонгуулийн үр дүнгээс ха­маарч намаа татан буулгачих юм биш биз дээ?

-2012 оны дараа ч гэсэн амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Энэ бүхнийг л бодож нам байгуулж байгаа шүү дээ. Сонгууль дөхөөд ирэхээр үйл ажиллагаа нь сэргэж, эрчимждэг. Сонгууль дуусахаар гэртээ харьчихдаг тийм нам олон л байна. Тийм зүйл манай намд тохиолдохгүй гэж хэлмээр байна.

-Та олон жил Герман улсад амьдарсан болохоор таниас асуухгүй өнгөрч болохгүй нэг асуулт байна. ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель ирэх сард манай улсад айлчилна. Энэ айлчлалаар Германы тал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцаар эдийн засгийн ашиг сонирхлоо хамгаалсан наймаа хийх магадлалтай гэж байгаа. Германчууд ийм үйлдэл хийх хүмүүс мөн үү?

-Монгол Улсад хуучнаар зүүн Герман маш их зүйл хийж өгсөн. Хэчнээн үйлдвэр барьж өгөв. Олон  монгол хүн тэнд сурсан даа. ОХУ-ын дараа орох халамжлан хүмүүжүүлэгч маань байсан шүү дээ. Биднийг хүн болгож, Монгол Улсыг дэлхий дахинд таниулсан найз нөхдөө бид ардчиллын 20 жилд дэндүү гомдоосон.  Нэг хэсэг нь Японд барилдаж, нөгөө хэсэг нь АНУ-д ардчилал гэж цээжээ дэлдсэн. Гэтэл одоо хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байна. Тэгэхээр германчуудын тавьсан саналыг улс төрийн уян хатан бодлогоор дэмжих хэрэгтэй болов уу.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж