Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Дэлхийн анхдагчид

Та бүхэнд дэлхийн хамгийн анхны зүйлсүүдийг танилцуулж байна. Дэлхийн анхны кредит карт, дэлхийн анхны унадаг дугуй, гар утас, өндөр барилга гэх мэт зүйлсүүд энэ жагсаалтад багтсан байгаа. Анхдагчдын жагсаалтыг уншигч танд танилцуулж байна.

Агаараас авсан гэрэл зураг


Дэлхийд хамгийн анх удаа агаараас гэрэл зураг авсан зурагчин бол Жеймс Воллос Блек юм. Тэрээр 1860 оны аравдугаар сарын 13-нд Бостон хотын зургийг агаарын бөмбөлгөн дээрээс авчээ. Түүнийг энэ зургыг дархаас хоёр жилийн өмнө буюу 1858 онд Францын уран бүтээлч Гаспард Феликс Туначон нэгэн аппаратаар Вивр Валли хэмээх тосгоны гэрэл зургийг дарсан ч тухайн үедээ газардах үед нь хүчтэй галын дөлд шатсан гэсэн баримт бий. Харин өдгөө дэлхийд анхны хэмээх нэрийг Блекийн гэрэл зураг авч чаджээ.

Цагаан толгой

Археологич Жон болон Дебора Дарнелл нар 1994 онд Египетийн Луксор хотын ойролцоох Вади эль Нор тосгоны газар доороос шохойн чулуун дээр эгнүүлэн бичсэн дүрс үсгийг илрүүлжээ. Анхны цагаан толгойг манай эриний өмнөх 1900-аад жилийн тэртээ хэрэглэдэг байсан бөгөөд нэг дуудлага бүхий өөр хоорондоо давтагдахгүй дүрсүүд байсан юм.

Атомын бөмбөг

1945 оны долдугаар сарын 16-ны 5:29:45 цагт Лос Аламост “Гаджет” нэртэй анхны атомын бөмбөгийг амжилттай туршсан байна. Яг энэ өдрийн энэ цагт Нью Мексикогийн талд “Тринити” нэртэй атомын бөмбөгийг туршсан ч амжилтгүй болсон юм. 1945 оны наймдугаар сарын 16-нд атомын бөмбөгийг анх удаа дайнд ашигласан билээ. АНУ-ын арми “Энола Гей” гэж нэрлэсэн онгоцноос “Литл Бой” нэртэй атомын бөмбөгийг Япон улсын Хирошимад хаясан юм. Үүнээс гурван өдрийн дараа “Фет Мэн” нэртэй атомын бөмбөгд Нагасакид унасан ажээ.

Дэлхийн анхны АТМ буюу бэлэн мөнгөний машин

АТМ /Automatic Teller Machine/-ын анхны санааг Дон Ветзел гаргасан бөгөөд патентыг нь тэр авсан юм. 1968 онд Даллас хотын нэгэн банкинд бэлэн мөнгө авах гэж хэдэн цаг дугаарлан зогссоныхоо дараа тоглоомын төвд анивчиж байсан жижиг гэрлүүдийг хараад банкны утасны шугамтай холбосон цахилгаан дамжуулагчийг ашиглан машинаас бэлэн мөнгө авч болох шинэ санааг тэрээр бодож олжээ. Яг жилийн дараа дотроо 5 сая доллар багтаасан, том машиныг Нью-Йорк хотын Кемикал банкинд холбосон байна. Анхны АТМ компьютерт холбогдоогүй байсан бөгөөд зөвхөн утасны шугамтай л холбогдож байсан гэдэг тиймээс одоогийнх шиг мөнгө нь тийм ч хурдан гардаггүй байсан аж. АТМ ашиглагчдын хүрээ нь ч мөн хумигдмал байв. Зөвхөн тухайн банкны тусгай үйлчлүүлэгчдэд өгсөн кредит картан дээр АТМ-аас авч болох мөнгөний хэмжээг заан өгдөг байжээ. 1967 онд Лондон хотын Барклэй банк Жон Шефердийн зохион бүтээсэн АТМ-ыг ашигласан гэдэг ч уг АТМ нь тухайн үедээ бүрэн автомат биш байсан бөгөөд зөвхөн банкны теллер нэмэлт үйлдэл хийж, кредит картыг нь шалгасан нөхцөлд бэлэн мөнгө авдаг байсан билээ.

Кредит карт

1949 онд Френк МакНамара Нью-Йорк хотын “Межорс Габин Грилл” ресторанд найзуудтайгаа хоол идэж байхдаа кредит картны санааг бодож олжээ. Тэрээр найзуудтайгаа сууж байгаад тооцоо хийхээ мартаад гарсан байна. Удалгүй араас нь рестораны зохион байгуулагч араас нь гарч ирсэн бөгөөд Френк тооцоогоо төлсөн ажээ. Үүнээс нэг өдрийн дараа тэрээр зоогийн газрын зохион байгуулагчтай дахин уулзаж тусгай үйлчилгээний карттай болохыг зөвлөсөн бөгөөд тэр картыг нь Френк хийхээр болсон байна. Яг нэг жилийн дараа буюу 1950 он гэхэд Нью-Йорк хотын 14 ресторан зоогийн газар тусгай үйлчилгээний картыг хэрэглэх болжээ. Одоогийн бидний хэрэглэдэг кредит карт зоогийн газраас мэндэлсэн аж.

Унадаг дугуй

1817 онд Германы эрдэмтэн Барон фон Драйс анхны унадаг дугуйг зохион бүтээсэн байна. Түүний бүтээсэн унадаг дугуйг залж болдгоороо онцлог байлаа. Анхны унадаг дугуйг модоор хийсэн ч дөрөө гэж байсангүй. Тиймээс зөвхөн замын уруу явхад л тохиромжтой байсан гэдэг. Анхны унадаг дугуйны дээд цаг нь уруу замд 15 км/ц хүрдэг байжээ. Гэвч олон нийт ийм дугуй зохиогдсоныг 1830-аад онд л мэдсэн билээ.

Тэрбумтан


1916 оны есдүгээр сарын 29 онд “Нью-Йорк таймс” сонин тэрбумтан хэмээх үгийг анх удаа ашиглажээ. Дэлхийн тэрбумтан гэдэг нэрийг анх авсан хүн нь алдарт Жон Д.Рокфеллер юм. Тухайн үед түүний хөрөнгө яг нэг тэрбум долларт хүрээд байжээ. Тэрээр 1855 онд бизнест суралцаж эхэлсэн бөгөөд 1862 онд Стандарт Ойл компаныг үүсгэн байгуулсан аж.

Компакт диск

Хөгжмийн зах зээлд ихэвчлэн хэрэглэдэг байсан пянзаас хэд дахин бага бөгөөд чанарын хувьд харьцангуй илүү компакт дискийг анх АНУ-д худалдаанд гаргасан байна. 1984 оны наймдугаар сарын 21-нд Брюс Спрингстиний “Born in the USA” цомог худалдаанд гарсан бөгөөд дэлхийн хамгийн анхны компакт диск болсон билээ.

Гар утас


1984 онд дэлхийн анхны гар утас болох “The Brick” худалдаанд гарчээ. Анхны гар утас 3995 долларын үнэтэй байсан гэдэг. “The Brick” гэж нэрлэгдсэн уг гар утасны загварыг Motorola DynaTac 8000X гэж нэрлэдэг бөгөөд Руди Кролоп зохион бүтээжээ. Анхны гар утас 2 фунт буюу нэг гаруй килограмм жинтэй байсан юм. Нэг удаагийн цэнэглэгдэхдээ хоёр гаруй цаг цэнэглэдэг байсан бөгөөд цэнэглэсэн утсаар мөн 1-2 цаг ярьдаг байжээ.

Зоосон мөнгө

МЭӨ 600 онд эртний Лидийн /одоогийн Турк/эзэнт гүрэн зоосон мөнгө ашигладаг байжээ. Лидийн эзэнт гүрний гурав дахь их хаан Аляаттын засаглалын үед дээрээ арслан дүрсэлсэн зоосыг худалдаанд ашигладаг байсан аж. Лидийн удирдагч Аляатт нь алт, мөнгөн зоос гаргасан бөгөөд үүгээрээ худалдаа арилжаа хийх, гадны орнуудтай гэрээ хэлэлцээр хийхэд ашигласан байсан гэж судлаачид үздэг билээ.

Үгийн сүлжээ

Харин 1913 оны 12 дугаар сарын 21-нд “Нью-Йорк Ворлд” сонинд Артур Винн нийтлүүлсэн нь дэлхийн анхны үгийн сүлжээ юм байна. Өөр хоорондоо хэмжээний хувьд ижил дөрвөлжингүүдийг хөндлөн, босоо чиглэлд байрлуулж, янз бүрийн хэлбэрт оруулсан байх бөгөөд доор нь асуулт бичсэн нэгэн тоглоом 19 дүгээр зууны Англи оронд ихээхэн дэлгэрчээ. Энэ нь үгийн сүлжээ байлаа. Гэхдээ энэ нь зөвхөн хаадын язгуур угсаатнуудад л өргөн тархсан байна.

Компьютер

Дэлхийн хамгийн анхны компьютер 1941 онд мэндэлжээ. Колосус гэж нэрлэсэн уг компьютерийг Харолд Томас Флавер зохион бүтээсэн бөгөөд Английн засгийн газрын маш нууц даалгаврын хүрээнд зохион бүтээсэн байна. Үүнийг бүтээх болсон шалтгаан нь Нацист Германы цэргийн нууцыг холбоотны арми мэдэх болсонд оршиж байсан гэдэг. Дэлхийн анхны компьютер бүхэл бүтэн нэг өрөөг дүүргэхүйц хэмжээнийх байсан бөгөөд 60,000 паунд буюу 27850 килограмм жинтэй байжээ. Мөн 18 мянган вакуум лампууд анхны компьютерийг ажиллуулж байсан гэдэг. Анхны компьютерийг зөвхөн цэргийн хэрэгцээнд ашиглаж байжээ.

“Зогс” тэмдэг

1915 онд дэлхийн анхны зогс тэмдэгийг зохион бүтээсэн бөгөөд энэ ондоо Небраска мужийн Блейр хотын замд анх ашиглажээ. Анхны зогс тэмдэг цагаан дэвсгэр дээр хар өнгөөр “зогс” гэж бичсэн байв. 1924 онд дэвсгэрийг нь шараар, “зогс” бичгийг хараар бичэж сольжээ. Харин одоогийн улаан дэвсгэр дээр цагаан өнгөөр бичсэн тэмдэг 1954 оноос хэрэглэгдэж эхэлсэн байна.

Өндөр барилга

1885 онд Чикаго мужийн Иллинойс хотод “Home Insurance Building” хэмээх барилга сүндэрлэсэн нь дэлхийн анхны өндөр барилга болсон байна. Анхны өндөр барилгын их биеийг анх удаа төмрөөр тулсан бөгөөд үүнээс хойш бүх өндөр барилгууд төмөр арматуртай болсон билээ. “Home Insurance Building” хэмээх барилга 138 фит буюу 45.1104 метрийн өндөртэй байсан юм.

Дэлхийн хамгийн анхны марк

1837 онд Британийн шуудангийн ажилтан Роуланд Хилл дэлхийн хамгийн анхны маркийг зохион бүтээжээ. Тухайн үед илгээгчийн илгээсэн материал өөр хүмүүст очих нь элбэг байсан бөгөөд тусгай материалаар маркийг хийх болжээ. Зохион бүтээгдсэнээсээ хойш гурван жилийн дараа 1840 оны тавдугаар сарын 6-нд шуудангийн системд анх удаа хэрэглэгдсэн нь “Penny Black” нэртэй байлаа.

Б.Болорсүх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж