Эдийн засгийн өсөлтөөс донорууд дайжлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн өсөлтөөс донорууд дайжлаа

Таатай гэмээр таагүй мэ­дээл­лээр өнгөрөгч долоо хоног өндөр­лөлөө. Хэрэвзээ завгүй хүмүүс байгаа бол таатай мэ­дээл­­­лийг уншихыг хүсвэл үргэл­жүүлж, түгшүүрийн до­хиог харахыг хүсвэл төгсгөл хэс­гийг нь гүйлгэхийг зөвлөх байна.

Ардчилсан орнуудын хам­тын нийгэмлэг (АОХН)-ийн дар­­­гын хувьд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, НҮБ-ын Ард­чил­лын бүлгийн сайд нарын хурал, АОХН-ийн Удирдах зөвлөлийн анхдугаар уулзалтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы үеэр буюу энэ сарын 22-23-нд Нью-Йорк хотноо удирдан зохион байгуулав. Энэ нь түүнийг Монголын тө­дий­гүй бусад улсуудын хувьд долоо хоногийн гол үйл явдлын эзэн болгов. Түүгээр зогсохгүй НҮБ-ын Ардчиллын бүлгийн сайд нарын хуралд “Ардчиллын боловсрол” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндсэн илтгэл тавьсан юм. Нэг үеэ бодвол монгол­чууд дэлхийд танигдаж басхүү зарим асуудалд түрүүлж алхаж буйгийн нэгэн жишээ энэ. Нөгөөтэйгүүр “Нээлттэй засаглалын түншлэл” санаачилгын нээлтийн ажил­ла­гааны үеэр авсан гэрэл зу­раг монголчуудыг багагүй бухим­дуулаад амжлаа. Энэ зурагт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дээш өргөн мэндчилсэн гаранд Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржийн нүүр таглуулав. Энэ зургийг Монго­лын мэдээллийн сайтууд болон “Вашингтон таймс” сони­ны цахим хуудас нийтлэн Обама Ерөнхийлөгчийн энэ үйлдэл дипломат ёсонд хэр нийцэж байгаа тухай асуужээ. Монголын мэдээллийн гол эх сурвалж болсон www.news.mn сайтын хамгийн их хандалт авсан мэдээллээр энэхүү мэдээ­лэл шалгарч, зарим нь энэ тухай “Обама уучлалт гуйх ёстой” хэмээн сэтгэгдэлээ үлдээснээр сэтгэл амрав бололтой.

Монгол баян орны эгнээнд шилжив

Инфляцийн эсрэг төв банкнаас бодлогын хүүг чангатгах арга хэмжээ авсан нь үр дүнгээ өгсөн бодит арга хэмжээ гэдгийг гадна, дотны эдийн засагчид дуу нэгтэйгээр “батлав”. Гэхдээ бодлогын хүүг дахин өсгөх шаардлагатай байна. Үгүй гэвэл инфляци цаашид өсөх болно гэдгийг ч зөвлөсөөр байна. Гэсэн ч Монголбанкны мөнгөний зөв бодлого, эдийн засагт оруулж буй хөрөнгө оруулалтын өсөлт зэрэг нь Монголын эдийн засгийг 17 хувь өсөхөд хүр­гэжээ. Ингэснээр манай улс эдийн засгийн өсөлтөөрөө хөг­жин­гүй орнуудаас ч урдуур алхаж эхний гуравт орсон гэсэн таатай мэдээлэл бий. Уул үзэлгүй хормой шууж, ус үзэлгүй гутал тайлав гэгчээр энэ таатай мэдээллийн хажуугаар удахгүй хийх төсвийн тодотголоор зарлагыг улам бүр тэлэх бодлого барьж буй нь эргээд өөрсдийгөө сөхрүүлж ч магадгүй гэсэн болгоомжлолыг дагуулж бай­на. Тиймээс ч үүн дээрээ анхаарахыг Дэлхийн банкныхан анхаа­руул­жээ. Дашрамд дур­да­хад, “хэмжээлэшгүй” баян улс болсон мэт бодлого барьж буй нь гадныхныг гайхуулахад хүргэжээ. Дэлхийд нэр хүндтэй эдийн засагчийн хэлснээр ний­гэм рүү чиглэсэн хавтгайрсан халамжаараа Монгол Улс дэлхийн рекордыг эвдэхэд тун ойрхон яваа аж. Рекорд тогтоох уу, түр азнах уу гэдэг бодох л бодлого.

Үйлдвэрлэгчгүй эдийн засгийн өсөлт

Монголын эдийн засгийн өсөлтийн талаар өмнө дурд­сан. Харамсалтай нь манайд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэр­лэх нь байтугай туслах бүтээгдэ­хүү­нийг ч үйлдвэрлэгч алга гэж хэлж болно. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй гэх ч тэндээс олборлож буй нүүрс, алт, зэс зэргээ түүхийгээр нь гадагш гаргасан хэвээрэй. Бусад салбар ч ялгаагүй. Архи­ны үйлдвэрүүдийг эс тооцвол монголын томоохон аж ахуйн нэгжүүдэд гадаадаас шатахуун, цахилгаан, гоо сайхан, хүнс, хувцас, гутал зэрэг бараа бүтээгдэхүүнийг авчирч дотооддоо борлуулдаг импорлогчид л багтах жишээ­ний. Тэр тоолонгоор монго­лын валют дотооддоо тос болох бус гадаадыг чиглэж буй. Энэ утгаараа Монгол Улс томоохон үйлдвэрлэгчгүй хэрнээ эдийн Засаг нь өссөөр байгаа нь бодит өсөлт бус гэлтэй. Нөгөөтэйгүүр энэхүү эдийн засгийн өсөлт нь уул уурхайг дагасан гадны хөрөнгө оруулалт гэх тайлбарыг дагуулах нь дамжиггүй.

Донорууд буцаж байна

Залууст бэлгэвч, хөгшидөд шаардлагатай эм тариа, ядууст хоол, хувцас тараадаг туслам­жийн байгууллагууд монголоос гарч байна. Монголын эдийн засгийн өсөлт гадны тусламжийн байгууллагуудыг биднээс нүү­рээ буруулахад хүргэв. Энэ нь ОУВС-гийн Монгол дахь Суурин төлөөлөгч энэ сарын сүүлчээр нутаг буцаж, оронд нь шинэ томилгоо хийхгүй болсон гэдгээр илрэв. Тэд Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрыг Токиогоос удирдахаар болсноо өнгөрөгч долоо хоногт дуулгалаа. Энэ шалтгааныхаа талаар “Монголын Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Станд бай” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн, нөгөө талаар ОУВС төсвийн хязгаарлалт хийх болсонтой уялдаж ийм арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Суурин төлөөлөгч ажиллахгүй ч гэсэн Монголын Засгийн газартай бодлогын яриа хэлэлцээ хэвийн үргэлжилж, цаашид ч урт удаан хугацаанд үр бүтээлтэй хамтран ажиллах болно” гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүртэл өсч, цаашид өсөх хандлагатай болсон нь тэднийг ийм алхам хийхэд хүргэжээ. Монгол буурай орноос хөгжиж буй орны статуст шилжиж байна. Харамсалтай нь энэ тааламжтай үзүүлэлт Монголын нийт хүн амд огтхон ч эерэг нөхцлийг авчирсангүй. Эдийн засгийн өсөлт энгийн иргэдийн амьдралд огтхон ч нө­лөө­­лөөгүйгээр барахгүй харин ч дарамт болж эхэллээ. Монголын нийт баялгийг 200 гаруй өрх л эзэмшиж байна гэх яриа үнэн­дээ хоосон хийрхэл биш бололтой. Хөгжиж буй орны тоонд ороод буй Монголын тал хувь нь амьдардаг нийслэлд 8000 орчим өрх гэрэл, цахилгаангүй амьдарч байна. 170 гаруй мянган бүртгэлтэй ажилгүйчүүд бий гэсэн тоог ч өнгөрөгч долоо хоногт танилцууллаа. Энэ мэт таагүй үзүүлэлтийн хажуугаар нийгмийн доод давхарга руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагуудын санхүүжилт зогсчээ. Бүтэн бо­лон хагас өнчин хүүхдүүдэд хув­цас, хичээлийн хэрэгсэл, хоолны мөнгө тараадаг байгуул­лагуудын тал хувийнх нь санхүүжилт зогссон гэсэн албан бус мэдээлэл гарчээ. Үүнийг хажуугаар жирийн иргэдийн орло­го нь зарлагаасаа илүү гарч чадахгүй байгаа зэрэг нь эдийн засгийн өсөлт саар үр дагаврыг тэдэнд илгээв бололтой. Халам­жийн тогтолцоотой энэ нийгэмд хамгийн их ад үзэгддэг дундаж давхаргынхан аажмаар доод эгнээнд шилжиж эхлэв.

Энэ мэтээр эдийн засгийн өсөлт улстөрчдөд шоудах бас нэг жи­шээ болсон бол ядууст улам хэ­­цүүхэн өдрүүдийг авчирах нь ээ.

Л.НАРАНТӨГС

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж