Эдийн засгийн эрсдлийг сануулав

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн эрсдлийг сануулав

-Бэлэн мөнгө тараах нь төр, иргэний хоорондын хариуцлагын тогтолцоог сулруулдаг-

Дэлхийн банкны тэргүүлэх эдийн засагч Рожер ван дэн Бринк Монголын эдийн засагт дахиад л эрсдэл гарч болзошгүй байгаа талаар анхааруулж байна. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард манай сонинд ярилцлага өгч Голланд өвчний талаар сануулж байсан билээ. Харин энэ удаад ирэх 2012 оны төсөв хүндрэл дагуулж магадгүй гэхийн зэрэгцээ аливаа хавтгайруулж тараадаг бэлэн мөнгө нь төр, иргэдийн хоорондох хариуцлагын тогтолцоог сулруулдагийг мөн  санууллаа. Ингээд түүний яриаг хүргэе.

-Юуны өмнө эдийн засгийн өсөлт 17 хувиас дээш гарсанд монголчуудад баяр хүргэмээр байна. Энэ бол зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай өсөлт бус бусад бүх салбарууд томорч, өссөнтэй холбоотой. Инфляцийн хувьд ч төв банк мөнгөний зөв бодлого явуулж байна гэж сайшаамаар байна. Энэ оны хоёрдугаар сард төв банкнаас жилийн эцэс гэхэд инфляци 21 хувьд хүрч болзошгүй гэж зарлаж байсан. Үүнээс хэдэн сарын өмнө буюу өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Дэлхийн банкны зүгээс оны эцэст инфляци 20 гаруй хувьд хүрч болзошгүй байгааг мөн сануулсан. Инфляцийн төвшин ингэж их хөөрөгдөх аюул байгааг сануулан Төв банк бодлогын хүүгээ өсгөх, банкинд заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэх гэх мэтчилэнгээр үр дүнтэй бодлогын арга хэмжээ авч чадсан, мөн урьдчилан тооцоолж байснаар Монголын Засгийн газрын төсвийн зарцуулалт бүрэн хийгдээгүй болон өнгөрсөн хавар махны интервенц хийсэн зэрэг нь  инфляцийн өсөлтөөс сэргийлж чадлаа. Одоогийн байдлаар 9,9 хувьтай байгаа нь энэхүү арга хэмжээнүүдийн үр дүн юм. Ирэх сард инфляци бага зэрэг буурна гэсэн хандлага ажиглагдсан. Гэхдээ инфляцийн чиг хандлага эрсдэл дагуулсаар байна.

-Ирэх сард инфляци буурна гэж үү? Жирийн иргэдийн хувьд ч инфляци өсөх байх гэсэн хүлээлттэй бий…?

-Инфляцийн ерөнхий чиг хандлага бол өсч байгаа. Ерөнхий чиг хандлагаар суурь инфляци бол 13 орчим хувьтай байна. Хэдийгээр сар сард өсөлт бууралт гарч байна. Ирэх сард л гэхэд буурч магадгүй гэх хандлага бий.  Гэхдээ Монгол Улсын хувьд инфляци улирлын чанартай өсөлт бууралттай байдаг. Энэхүү улирлын чиг хандлагаар бол инфляци бага зэрэг буурах магадлалтай. Харамсалтай нь Монгол Улсын хувьд улирлын өсөлт бууралт их хэлбэлзэлтэй байдаг учир дүн шинжилгээ хийхэд нилээд төвөгтэй. Инфляцийн төвшинд нөлөөлөх гадаад болон дотоод хүчин зүйлүүдийг бас авч үзэх хэрэгтэй. БНХАУ-ын хувьд хүнсний үнээс шалтгаалан инфляци өнгөрсөн наймдугаар сарын байдлаар ерөнхий төвшин 6,2 хувьд хүрч өссөн байгаа. ОХУ-д инфляци 8,2 хувь буюу бас өндөр хувьтай байгаа. Тэгэхээр хөрш орнуудын зүгээс болон бусад гадаад нөлөөлөл нь Монгол Улс дахь инфляцын төвшинд  эерэгээр нөлөөлөхгүй нь гэж харагдаж байна. Инфляцийн төвшинг авч үзэхийн тулд мөн дотоод хүчин зүйлийн нөлөөллийг авч үзэх хэрэгтэй. Инфляцид нэгдүгээрт, төсвийн бодлого, хоёрдугаарт, мөнгөний бодлого чухал нөлөөлөх хүчин зүйл болдог. Одоогоор Монгол Улсын хувьд мөнгөний бодлого зөв сайшаагууштай хандлагатай байгаа гэж би дээр хэлсэн. Төв банк өнөөгийнх шигээ шуурхай арга хэмжээ авч, мөнгөний бодлогоо үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бид зөвлөмөөр байна.

-Инфляци хүлээгдэж байснаас өндөр хувьд хүрээгүй нь мөнгөний бодлого, өөрөөр хэлбэл төв банк бодлогын хүүгээ чангатгасан нь сайнаар нөлөөлсөн гэж та хэллээ. Тэгэхээр цаашид ч бас мөнгөний бодлогоо чангаруулах хэрэгтэй гэж зөвлөж байгаа юм байна, тийм үү. Саяхан Монголбанкны зүгээс ч мөнгөний бодлогыг цаашид чангатгах хандлагатай байгаа гэж мэдээлэл гаргасан байсан?

-Танай төв банк ерөнхийдөө зөв бодлого баримталж байгаа. Нарийн судалгааг бол төв банкнаас өөрсдөөс нь лавласан нь дээр байх аа. Бид бол зөв арга хэмжээ авч байгаа, үүнийгээ үргэлжлүүлэн хадгалж байгаасай гэж л хүснэ.

-Инфляцид нөлөөлөх бас нэг гол хүчин зүйл нь төсвийн бодлого. Төсвийг хэтэрхий тэлсэнээр инфляцид нөлөөлж, хүндрэлтэй зүйл гарах болов уу гэсэн болгоомжлол бий. Олон улсын байгууллагууд болон төв банкны зүгээс инфляцийг хөөрөгдөхгүйн тулд Засгийн газар зардлаа багасгах, бэлэн мөнгө тараахгүй байх хэрэгтэй гэж анхааруулаад байдаг. Харин манай төсвийн бодлого эсрэгээрээ тэлж байна гэсэн шүүмжлэл бий?

-Төсвийн бодлого бол нилээд эрсдэл дагуулахаар байна. Эдийн засаг 17-гоос дээш өсч байгаа тохиолдолд Засгийн газрын бодлого өндөр өсөлтийг хэт халаахгүй байхад чиглэх ёстой. 2011 оны төсвийн бодлогоор бол Засгийн газрын зардал 35 хувь өсөхөөр байгаа. Энэхүү зардлын 40 хувь нь гэхэд зөвхөн цалин болон мөнгөн  шилжүүлэг. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүн эрдсийн бус салбарын буюу уул уурхайгаас бусад салбарын орлогын 60 хувьтай тэнцэхүйц байгаа юм. Тийм ч учраас 2011 оны төсвийг нэлээд эрсдэлтэй төсөв гэж үзнэ. Гэтэл одоо 2011 оны төсөвт дахиад тодотгол хийхээр болж байна. Засгийн газрын орлого ихэссэн, үүнийг хэрхэн зарцуулах талаараа тодотгол хийх гэж байна.

-Тэртэй тэргүй эдийн засаг халж байхад дахиад зарцуулалтыг нэмэхээр улам л инфляцийг хөөрөгдөнө гэсэн үг. Тэгэхээр яах ёстой юм бэ? Нэгэнт орлого ихэссэн учраас зарцуулаад л байх ёстой юм уу, эсвэл хадгалах, өөрөөр хэлбэл зарцуулалт, зардлаа багасгах ёстой бус уу?

-Өмнөх ярилцлага дээрээ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль дээр бид энэ талаар нэлээд их ярилцсан. Орлого ихэсч байгаа сайн үед ирээдүйд гарч болох эрсдэл хүндрэлд зориулсан нөөц бий болгох ёстой гэж. Эрдсийн салбараас орж ирсэн илүү орлого Тогтворжилтын санд хадгалагдаж байгаа гэж ойлгож байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зорилт ёсоор бол илүү орлогыг нөөцлөн хадгалж байх ёстой. Зарцуулалт нэмэгдэхэд мэдээж инфляцийг хөөрөгдөнө. Төсвийн нийт дүр зураг, эдийн засаг хаана халж байна вэ гэдгийг харж, тэр халалтыг зохицуулах бодлогыг баримтлах ёстой.

-Төсвийн урсгал зардлаас гад­на бэлэн мөнгө тараах нь инф­ляцийг хөөрөгдөж байгаа. Энд би иргэн бүрт олгож байгаа 21 мянган төгрөгийг хэлж байна л даа. Ийнхүү бэлэн мөнгө тарааснаар инфляцийг улам хөөрөгдөж байна гэж эдийн засагчид ч мөн төв банкны зүгээс ч шүүмжилдэг?

-Тийм ээ. Бэлэн мөнгө тараахыг бид өмнө нь шүүмжилж байсан. Харин Монголын улс төрийн намууд зөвшилцөөд 2012 оны сонгуульд бэлэн мөнгө тараах амлалт өгөхгүй байхаар тохиролцож чадсанд их талархалтай хандаж байгаа.

-Саяхан Дэлхийн банкнаас гаргасан эдийн засгийн тоймд АНУ-ын Аляска мужийн тухай дурдсан байсан. Монгол Улс шиг бас иргэддээ бэлэн мөнгө тараадаг. Яагаад Аляскийг онцлон жишээ болгож авсан юм бэ? Иргэддээ бэлэн мөнгө тараадаг өөр улсууд ч бас байгаа л байх, Арабын орнууд гэх мэтчилэн…?

-Аляска жилд дунджаар иргэддээ 1800 ам.доллар тараадаг. Энэ нь нэг хүнд ногдох ДНБ-гийн 3,0, үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний 1,8 хувь. Харин Монгол Улсын хувьд, Монгол Улсын Засгийн газраас нэг хүнд ногдох орлогын 7 хувь эсвэл ДНБ ний 10 хувьтай тэнцэхүйц хэмжээний бэлэн мөнгийг 2011 онд иргэн бүртээ хуваарилна.  Бэлэн мөнгө тарааснаар хүмүүс бэлэнчлэх сэтгэлгээтэй ажил хийх сонирхолгүй болдог. Мөн Аляскад хийсэн судалгаагаар бол дээр хэлсэн 1800 ам.долларыг тараасны дараа хүн амын гэнэтийн үхэл, нас баралт 13 хувь нэмэгддэг гэсэн тоо гарсан.

-Манайд сар бүрийн 21 мян­ган төгрөг тараасны дараа дэл­гүүрийн архины гүйлгээ эрс нэмэгдэж, эрүүлжүүлэхийн ачаа­лал бас ихэсдэг гэдэг яриа байдаг. Бодит байдал ч тиймэрхүү л байгаа. Өөрөөр хэлбэл, архи аваад уучихдаг гэж. Аляскад мөнгө тараасны дараа үхэл ихэсдэг гэдэг нь бас л үүнтэй адилхан шалтгаантай гэсэн үг үү?

-Бид бол харсан үзсэн зүйлээ хэлж байгаа юм биш. Дээрх тоо бол судалгааны үр дүн. Та нар ч гэсэн Монголдоо судалгаа хийж үзсэний дараа л хүмүүс архи уугаад үхээд байна  уу гэдэг нь тодорхой болох байх. Гэхдээ ямар ч гэсэн дээрх судалгаагаар бэлэн мөнгө тараасны дараа хэрэглээ өсч, үүнээс үүдсэн үхэл нэмэгддэг гэсэн тоо гарсан. Энэ бол дан архидалт, мансууруулах бодисоос болсон үхлийн тоо гэж хэлж чадахгүй. Ерөнхийдөө л хэрэглээ өссөнөөр цус харвах ч гэх юм уу, бүх төрлийн гэнэтийн үхэл өсдөг л гэсэн судалгаа. Аляскад жилдээ л нэг удаа мөнгийг олгодог. Мөнгө олгосон долоо хоногт гэнэтийн үхэл өсдөг гэсэн судалгаа юм. Энэ бол хувь хүнд тохиолдож байгаа асуудлын жишээ. Аляскийн газрын тосны орлогыг хуримтлуулж Аляскийн Засгийн газрын санхүүжүүлэх сан байгуулсан. Тухайлбал, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц гэх мэт нийгмийн үйлчилгээг бүхэлд нь санхүүжүүлэхээр байгуулсан. Байдал хүндэрсэн тохиолдолд татварыг гэнэт нэмэгдүүлэхгүйгээр санхүүжүүлж байх зорилготой санг харамсалтай нь улстөрчид нь бэлэн мөнгө тараах сан болгож хувиргаснаар анх Байнгын сан гэдэг нэртэй байсан сан нь сүүлдээ бэлэн мөнгө тараадаг сан буюу Ноогдол ашгийн сан гэдэг нэртэй болсон. Харин одоо газрын тосны үнэ унаснаар орлого буурч Аляскийн Засгийн газар хүнд байдалд ороод байна. Хэдийгээр орлого буурсан боловч тарааж буй бэлэн мөнгөнийхээ хэмжээг буулгаж болохгүй. Ард түмэн нь нэгэнт дассан учраас эсэргүүцэлтэй тулгарна. Татварын хувь хэмжээгээ нэмэгдүүлэн алдаж буй орлогоо нөхөх ч бас хүнд болсон. Та бүхэн санаж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Сара Пэйлиний асуудлыг санаж байгаа байх. Нэр дэвшигч намаас нь татварыг нэмэх ёсгүй гэсэн байр суурьтай атал Аляскаас гаралтай Сара Пэйлиний хувьд мужид нь татварыг нь өсгөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Татвараа нэмж чадахгүй бол нөгөө талд зардлаа бууруулахаас өөр арга байхгүй. Нэгэнт ногдол ашиг аваад сурчихсан ард түмэн анхны зорилгыг нь мартчихсан, төрийн үйлчилгээ үнэгүй бас дээрээс нь бэлэн мөнгө олгож байх ёстой гэсэн сэтгэлгээтэй болсон байдаг. Ингэснээр засаглалд маш том асуудал үүсгэдэг. Нэг ёсондоо Засгийн газар, ард түмний хооронд маш том ангал, хавцал үүсгэдэг. Уг нь хүн татвараа төлөөд үүнийг нь Засгийн газар төрийн үйлчилгээндээ зөв зарцуулж байна уу гэдгийг хянаж байх ёстой байтал үнэгүй бэлэн зүйл аваад дасчихсан. Засгийн газар бэлэн мөнгө тараахаа больё, татвараа нэмье ч гэсэн ард түмний эсэргүүцэлтэй тулдаг.

-Монголын хувьд иймэрхүү байдал бий болох вий гэсэн бол­гоомжлолын үүднээс л Аляскийн жишээг татсан юм байна, тийм үү?

-Монгол Улсын хувьд иймэрхүү судалгаа хийх цаг хугацаа хараахан болоогүй байна. Тэгэхдээ иймэрхүү байдал үүсч болзошгүй шинж тэмдэг ажиглагдаж байна.

-Харин ч тарааж байгаа мөн­гөнийхөө хувьд Аляскаас даваад гарчихсан юм биш үү, монголчууд бид. Тарааж байгаа мөнгийг нь ДНБ-д харьцуулсан дээрх харьцуулалтаар бол? Шогчилбол монголчууд бид дахиад нэг дэлхийд байдаггүй дээд амжилт тогтоочихжээ гэж…

-Араб гэх мэт улсуудад байнгын бус, онцгой үед бэлэн мөнгө тараадаг. Жишээлбэл 2008 оны эдийн засгийн хямралын үеэр бэлэн мөнгө тарааж байсан. Миний мэдэхээр Аляскаас өөр ингэж системтэйгээр бэлэн мөнгө тараадаг улс Монголоос өөр байхгүй. Гэхдээ энэ бол зөвхөн энэ жилийн тараасан мөнгийг л хэлж байгаа хэрэг. Харин дараа жил иргэн бүрт нэг сая төгрөг олгоно гэж байгаагаар бол энэ тоо бүр ч ихэснэ л дээ. Хэрэв улстөрчид амлалтаа биелүүлж нэг сая төгрөгөө тараах юм бол 2012 оны төсөв маш их эрсдэл, инфляци дагуулах болно. Хямралын оргил үед 2008 онд сонгууль болсон, харин наймдугаар сард инфляци хамгийн өндөр буюу 34 хувьд хүрч байсан. Тийм учраас 2012 оны эхний есөн сарыг маш их эрсдэлтэй байна байх гэж харж байна. Инфляцид ядуус хамгийн их өртдөг учраас их санаа зовж байна л даа. Өсч байгаа эдийн засагтай оронд инфляци өсөх нь байдаг л зүйл гэж үздэг боловч ядуусаа бид мартаж болохгүй. Яг туслалцаа шаардлагатай хэсэгт чиглэсэн нийгмийн халамжийн систем байхгүй тохиолдолд маш эрсдэлтэй. Монгол улсын зүгээс Нийгмийн хамгааллын багц хөтөлбөрийг  оруулж ирж байгаад бид бас их баяртай байгаа. Дэлхийн эдийн засгийн байдал хямралтай байгаа өнөө үед өсөлтийг дагаад байнга гарч ирдэг уналт тулгарахаас өмнө ядуусаа хамгаалах хөтөлбөрөө маш сайн боловсруулах ёстой. Мөн инфляциас болж дотоодын бизнесийн салбарынхан өрсөлдөх чадвараа алдаж хүнд байдалд ордог. Уул уурхайн бус салбарынхан барилгын материал болон бусад зүйлсийн үнэ нэмэгдэхэд хамгийн хүнд тусдаг.

-Дэлхийн банк Хөгжлийн бан­кинд техникийн туслалцаа үзүүлэх гэж байгаа гэсэн. Маш олон хөтөлбөрүүдийг сан­хүү­жүүлэх Хөгжлийн банк?  

-Бид Хөгжлийн банкны удирдлагаар Солонгосын багийнхан ажиллаж байгааг их дэмжиж байгаа. Төрийн банк учраас улс төрийн нөлөөлөл орох их магадлалтай. Тиймээс удирдлагын багийг гаднаас сонгосон нь их оновчтой болсон. Хөгжлийн банк эдийн засгийн үр дүнтэй төслүүдийг сонгох ёстой. Гэтэл салбарын яамдууд өнөөдөр аль хэдийнэ хэрэгжээд эхэлсэн төслүүдийг санхүүжүүлэх хүсэлт гаргаад байна. Тэртэй тэргүй төсвөөс санхүүжих төслийг ингэж Хөгжлийн банк руу тулгаж байгаа нь эрсдэлтэй. Жишээлбэл шууд эдийн засгийн үр ашиг өгөхгүй зам тавих гэх мэт төслийг санхүүжүүлэх хүсэлт гаргаж байна. Гэтэл Хөгжлийн банк арилжааны зээл аваад төсвийн хөрөнгөөр санхүүжих ёстой төслийг санхүүжүүлээд өөрсдөө эргээд дахин зээлээ төлөх байдалд хүрэх гээд байна.

-Мэдээж хэрэг арилжааны зээл гэдэг хүү, хугацаа гэх мэт нөхцлүүдтэй байгаа. Түүгээр зам барих төслийг ч юм уу сан­хүүжүүлнэ гэхээр төр, бас Хөгжлийн банк давхар давхар өрөнд унахаар юм байна л гэсэн үг үү?

-Тийм ээ. Ийм хүндрэлтэй байдал үүсгэх ёсгүй юм, уг нь. Тийм учраас Хөгжлийн банк үр ашгийг нь тооцсон, зөв төслийг л санхүүжүүлэх нь зүйтэй.

-Өмнө нь бид Хөгжлийн банк сайн гэсэн төсөл болгоныг санхүүжүүлэх бус. Тухайн төслүүд эдийн засагт ямар нөлөөлөл үзүү­лэх вэ гэдгийг ерөнхийд нь харж томьёолох хэрэгтэй гэж ярьж байсан. Нарийн тоо­цоо судалгаагүй, салангад төслүү­дийг санжүүжүүлээд эхлэхэд ха­рин эдийн засагт сөргөөр нө­лөөлж ч магадгүй гэж байсан. Гэтэл өнөөдөр нийт эдийн засгаа бүхэлд нь харах нь бүү хэл яагаад Засгийн газрын шахах гээд байгаа найдвар муутай төслүүдээс бултах вэ гэсэн бүр ч эвгүй байдалд ухарч ирчихээд байгаа болж таарах нь ээ?

-Тийм ээ, төслүүд  тус бүрдээ ямар ач холбогдолтойг харахаас гадна  нийт эдийн засагт санхүүжүүлэх төслүүд нийлээд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг мөн сайтар харах хэрэгтэй.

А.Алтантуяа

   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж