“Да хүрээ”-гээр нэг иймэрхүү

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

“Да хүрээ”-гээр нэг иймэрхүү

Амралтын өдөр байсан болоод ч тэр үү, “Да хүрээ” хүн машинаар дүүрчээ.  Цаг агаар дулаахан сайхан байгаа нь тус захаар хөл хөдөлгөөн ихсэхэд нөлөөлсөн биз. “Авгайдаа хайртай хүний авдаг л унаа даа” гэгчээр аятайхан ч байна, “арай ч дээ энийг хэн авдаг юм” гэж дуу алдмаар нь ч байна. Өнгөрсөн хавар тус захаар ороход өнөө цунамид өртсөн машин ороод ирэх вий дээ гэсэн хардлага байсан. Гэтэл өнөөдөр тус захаар машин сонирхож яваа хүмүүсийн дунд “өнөөх чинь ороод ирсэн гэнэ лээ” гэх үгс чих шүргэх нь сонсогдсон.

Машин сонирхсон, сонжсон янз бүрийн хүмүүсийн дунд нөгөө л япон машинтай холбоотой яриа гарах. Худалдан авагчид нь сонжсон, хардсан асуултууд тавьж худалдаж буй нөхөр нь тайлбарласан, тайшруулсан хариулт өгөх. Япон машинаас цацрагт идэвхт бодис илэрсэн гэх мэдээлэл тархсан нь худалдан авагчдын дунд багагүй болгоомжлол үүсгэсэн бололтой. Японы хаанаас, хэзээ оруулж ирсэн гэх ганцхан асуултад машины ченжүүд ээрэгдэж байна лээ. Мэдээж, машины ченжүүд мангар хүмүүс биш болохоор юу гэж л Японы зүүн эрэг орчмоос ачуулсан гэж хэлэх вэ дээ.

Өнгөрсөн хавартай харьцуулахад, япон тэрэгний үнэ ханш ерөнхийдөө тогтвортой, харин солонгос тэрэгний үнэ ханш бага зэрэг нэмэгдсэн юм шиг санагдсан. “Тоёото прусс” долоон сая, “королла”  есөн сая гэхчилэн үнээр зарж байснаас харахад үнийн хувьд өөрчлөлт алга. Харин үйлдвэрлэхээ болиод удаж байгаа эксель машины үнэ дөрвөн сая болтлоо өсч. Дорнодын гэх нөхөр эксель машины дөрвөн саяар үнэлж, түүний машин дээр нэлээд  хүн шавсан харагдсан. Бодвол сонирхсон, сонжсон нөхдүүд биз. Дөнгөж орж ирсэн “мазда демо” гэхэд 5,2 сая төгрөгийн ханштай байна лээ. Монголд оруулж ирээд удаагүй байгаа “Ланд 200 ВХ” гэхэд л 87000 ам.доллар буюу 123 сая 540 мянган төгрөг байсан.

Монголчуудын хөлөглөдөг машины дийлэнх нь Японы брэндүүд. Тиймдээ ч цацрагт идэвхит бодис япон машинаас илэрсэн гэх мэдээлэл худалдан авагч, худалдагч хоёрт хоёуланд нь түгшүүр төрүүлж буй дэг.  Нэг нь цацрагт идэвхт бодистой машин худалдан авахаас эмээж, нөгөө хүн худалдаж авахгүй байх вий гэхээс айж байгаа  нь илт.

“Японоос оруулж, ирсэн шинжилгээнд хамруулаад цэвэр гарсан” гэх тайлбаруудыг тэндэхийн ченжүүд маань мэт л уншиж байна лээ. Ямар хараад худалдан авагчид шинжилгээнд хамруулсан эсэх, цацрагт идэвхт бодистой эсэхийг ялгаж мэдэх биш.

Цөмийн энергийн газрын мэргэжилтний хэлснээр Японоос орж ирсэн арваад машинд “нарийн шинжилгээ” хийхэд нөгөө “аюул” илэрсэн юм байх. Ер нь өнгөрсөн наймдугаар сараас Цөмийн энергийн газрын Цөмийн хяналтын хэлтсийнхэн хилээр орж ирж буй япон машинд үзлэг шалгалт хийж байгаа юм билээ. Наймдугаар сараас хойш сар хүрэхгүйн хугацаанд арваад машинас “аюул” илэрсэн гэхээр түүнээс өмнө хичнээн цацрагт идэвхт бодисын “тээгч” Монголын хилээр нэвтэрч, нэвтрүүлснийг хэлэх аргагүй юм. Ямар ч байсан цацрагт идэвхт бодис илэрсэн машинуудыг “Материал импэкс”-ийн гаалийн хяналтын талбайд  байрлуулаад байгаа юм билээ. Уг “тээгч”-үүдээс  зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин илүү буюу  1.0 хувийн цацраг идэвхт бодис илрээд байгаа юм  байна. Монголчууд цөмийн хог хаягдлаас бүх нийтээрээ жигшиж, түүний эсрэг компанит ажил дээр дээргүй өрнүүлж байх зуур нөгөө гайхал нь япон машинаар дамжин хэдийн Монголд ороод ирж.  Гэтэл япон машин зардаг ченжүүд нь үүнээс айх нь байтугай “Сүртэй гэдэг нь, тийм ч их илрээгүй гэсэн ш тээ” гэсэн үгийг хэлээд зогсож байх нь тэр. Цөмийн энергийн газар наймдугаар сараас хойш нийтдээ 1100 орчим машинд үзлэг шалгалт хийсэн гэнэ. Цацрагт идэвхт болис илэрсэн машинуудыг Онцгой байдлын ерөнхий газартай хамтран ариутгалд оруулах ч бүрэн устаж алга болж чадах уу гэсэн эргэлзээ бас байхгүй.  Хайя, хүүе хэмээн монголчууд хашгиралдаж байх зуур хамар дор нь нөгөө цацрагт идэвхт бодис “тээгч” ороод ирчихсэн байгааг юу гэхэв. Цацрагт идэвхт бодис илэрсэн машинуудын марк нь “тоёото карина”, сүүлийн үеийн загварын “прусс”, “марк II”  гэнэ.  Өөрөөр хэлбэл, цунамид өртсөн машинуудыг төрөл арилжтал нь өөрчлөөд танд зарчихаж байгаа та мэдэхгүй шүү дээ. Импортоор орж ирж байгаа япон машин болгон гаалийн үзлэгт хамрагдаж чадах уу гэсэн асуулт байна. Танил тал ар өврийн хаалгаар таны гар дээр ямар ч үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй машин очиж буй  юм бил үү хэн мэдэх вэ дээ.

Японд болсон цунамид олон зуун машин өртсөн.Тэдгээр машиныг шинэ юм шиг засч сэлбээд Монголд оруулж ирнэ шүү гэх яриа тухайн үед дэгдэж байсан билээ. Уг яриа үнэний ортой болжээ. Япон машин оруулж ирээд найман жил болж байгаа гэх Н.Батаа гэх ченжийн хэлснээр хэвлэлийнхэн л хэргийн буруутан гэнэ. Арваадхан машинаас илэрсэн цацрагт идэвхт бодисыг сүр бадруулан мэдээлснээс болоод ашиг нь буурч магадгүй болоод байгааг хуучлав. Тэрбээр “сувдан цагаан өнгөтэй прусс байна шүү” хэмээн зарж буй “бараагаа” рекламдав. Тэгэнгээ эмэгтэй хүнд яг тохирсон гэж байгаа бас.

Түүний хажууханд байх солонгос тэрэг зарж буй нөхөр намайг даллалаа. Мань залуу “япон машин осолтой болсон ш тээ. Харахад шив шинэ мөртлөө дотор талын эд анги нь бөөн шороо байна лээ” хэмээн олих нь тэр.  Ийнхүү их хөлийн газар элдвийн юм өрнөж байна. Энд эргэлзээ, эмзэглэл, хар, хор бүгд л өрнөх ажээ.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж