Боксын ДАШТ өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Боксын ДАШТ өнөөдөр эхэлнэ

Азербайжаны нийслэл Баку хотноо сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ. Олимпийн наадмын эрх олгох тус тэмцээнд дэлхийн 130-аад орны ширэн бээлийтнүүд 10 жингийн ангилалд хүч сорих юм. Монголын баг тамирчдын тухайд найман жинд тамирчдаа сойно. Энэ жилийн дэлхийн аваргаас -91 ба +91 кг-ын жингээс бусад жингүүдэд эхний 10 байрт шалгарсан тамирчдад олимпийн эрх олгох бол дээрх хоёр жинд эхний зургаан байрт шалгарч гэмээнэ ирэх жил Лондонг зорих эрхтэй болно.

Дэлхийн аваргын хуваарийн дагуу өнөөдөр Монголын цагаар 19.00 цагаас хэсгийн тоглолтууд эхлэх ба шигшээ тулаанууд аравдугаар сарын 4-нөөс эхлэх юм. Улмаар ирэх сарын 8-нд дэлхийн аваргууд тодорно.

Өнөөдөр буюу тэмцээний эхний өдөр 49 ба -91 кг-ын жингийн тулаанууд болно. 49 кг-ын жинд өрсөлдөх Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба эхний тойргийн тулааныг өнжиж байгаа тул хоёрдугаар тойргийн тулаанаа аравдугаар сарын 3-нд хийх юм. Харин маргааш 52 ба 56 кг-ын тоглолтууд эхлэх ба 52 кг-ын жинд Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт Болгарын тамирчин Стефан Ивановтой, 56 кг-д ОУХМ Д.Отгондалай Армяны боксчин Ховханнес Бачковтой тулалдана.

ДАШТ-д тулалдах Монголын ширэн бээлийтнүүд:

49 кг: П.Сэрдамба (Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин)
52 кг: Н.Төгсцогт (Гавьяат тамирчин)
56 кг: Д.Отгондалай (ОУХМ)
60 кг: Б.Жавхлан (ОУХМ)
64 кг: У.Мөнх-Эрдэнэ (Гавьяат тамирчин)
69 кг: Б.Түвшинбат (ОУХМ)
75 кг: Т.Чулуунтөмөр (ОУХМ)
81 кг: С.Эрдэнэбаяр (ОУХМ)

Дашрамд дуулгахад, “Боловсрол суваг” телевиз, “Sport box” спортын суваг боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээ тоглолтоос эхлэн анх удаа албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэх болно.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж