Тэргүүн шадар сайд тариалангийн бүс нутагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Тэргүүн шадар сайд тариалангийн бүс нутагт ажиллав

Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан, Сэлэнгэ,Төв аймгийн тариалангийн зарим бүс нутагт ажиллалаа. Сайдын хамт  Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Х.Золжаргал, Газар тариалангийн газрын дэд дарга Есөн-Эрдэнэ болон хэвлэл мэдээллийнхэн ажилласан юм.

Улаанбаатар хотоос 100 км-ийн зайд байх Төв аймгийн Баянчандмань сумын  “ТӨДӨТӨ” ХХК-ийнхан 17 дахь жилдээ ногоо тариалж байгаа аж. Нийтдээ 20 га-д хүнсний ногоо тарьдаг, энэ жилээс хүлэмжинд ургадаг цэцэгт байцаа, чацаргана,  гүзээлгэнэ тэр ч бүү хэл шийгуа тарьсан нь үр шимээ өндөр өгчээ. Мөн олон жилийн туршлага дээрээ үндэслэн хаягдал ногоогоо жижиглэн савлах машин зохион бүтээж,  ногоогоо давс хужиртай хольж даршилсан малын тэжээл  бэлдэж эхэлсэн бөгөөд 20 га-д тарьсан ногооноос нь 3000 тн хаягдал гардаг. Тэжээл бэлдээд сар гаруй болж буй ч аль хэдийн худалдан авагч компанитай болж чадсан.  Ингэснээр илүү ашигтай ажиллах боломж бүрдсэнээ компанийхан Тэргүүн шадар сайдад  үзүүллээ. Түүнчлэн тэднийд учирч буй гол бэрхшээл нь ургац хураалтын үеэр ногоогоо зарья гэхээр өөрийн өртөгөөс хямд тусч,  зардалаа нөхөж чаддаггүй, мөн зээл тусламж олддоггүй тул тоног төхөөрөмж муу. Сумынхаа ганц нэг тракторыг хөлсөөр ажиллуулдаг  гэнэ. Тиймээс ядаж л техник тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөнгөлөлттэй зээлээр олгох гэх мэтээр дэмжээд өгвөл ногоочдод илүү үр дүнтэй урамтай байх юм аа гэдэг саналыг Г.Цогсүрэн хэлж байлаа. Тэрбээр мөн ажиллах хүч олдохгүй байна. Өдрийн 15 мянгаар цалинжуулдаг хэдий ч хүн ирдэггүй. Тэгсэн мөртлөө 21 мянган төгрөгөнд өдөр шөнөгүй дугаарлах юм хэмээн гайхах учраа олохгүй байгаагаа энэ үеэр хэлж байсан нь монголчууд бэлэн юманд дасч ажил хийж хөдөлмөрлөх хүсэлгүй болсоны нэг жишээ гэмээр байлаа.

Дараагийнх нь Дархан-Уул аймгийн  Хонгор сумын Ч.Энхжаргал захиралтай “Өглөгчийн хэрэм”, Бадамнямбуу захиралтай  “Дархан тооромт”, Орхон аймгийн “Морьтон тал “ХХК-ийн  тариалангийн компаниуд байлаа.  

Тариаланчидын хувьд “Энэ жил хангай дэлхий ивээлээ өгч сайхан намар болж, ургацын үр өгөөж чанарч боломжийн хэмжээнд байна. Техникээ ч шинэчилсэн, үрээ ч сайжруулсан, бензин шатахуунаа ч 30 хувийг урьдчилан авч байна, тариа ч сайн ургасан. Нэг үгээр хэлбэл,   “Атрын гуравдугаар аян” төр засгийн бодлого үр өгөөжөө өгсөн. Харин энэ жил тарьсан тариаг маань авах газар л олдохгүй байж мэдэх нь.  ОХУ-аас авах улаан буудайг багасгах маягаар юм уу ямар нэг байдлаар борлуултан дээр дэмжээд өгвөл болох нь тэр. Монголчууд урьд нь юмгүйн зовлон эдэлж байсан бол одоо юмтай байхын зовлон эдлэх боллоо” хэмээн нэг талаар хошигнож нөгөө талаараа ч бас ч гэж үнэний ортой зовлонг сайдад учирлаж  байлаа.

Нэгэнт хүч хөдөлмөр зарж ургуулсан үр тариагаа борлуулах тал дээр Засгийн газар тодорхой хэмжээний бодлого гаргаж ажиллах шаардлагатай хэмээн Тэргүүн шадар сайд онцолж,  үр тарианы нөөцийн багтаамжийг нэмэх зориулалт бүхий  байр савыг нэмэхэд ч  анхаарах хэрэгтэй байгааг онцолсон. Дашрамд дурдахад Тэргүүн шадар сайд МУИС-д оюутан байхдаа  таван жил тариа хураалтанд оролцсон бөгөөд дараа нь Их сургуулийнхаа багшаар ажиллаж байхдаа ч ургац хураалтанд оюутнуудаа авч явж байсан аж. Есөн жил тариа ногооны ажилд гар бие оролцсон Тэргүүн шадар сайд тэр үеийн туршлагаа ч хуваалцаж тариаланчдад ургац арвин амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөсөн. Эцэст нь сайд Сэлэнгэ аймгийн Хөтөл тосгон дахь Тариалангийн эрхлэлтийг дэмжих сангаар орж үр тарианы нөөцлөлт болон тариа ачиж ирж тушааж байгаа жолооч нартай уулзсанаар ургацын талбайд зочилсон нэг өдрийн ажлаа өндөрлүүлсэн юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж