Ардчиллын үнэт зүйлсийг өнөөдрийн өндөрлөгөөс “хайв”

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Ардчиллын үнэт зүйлсийг өнөөдрийн өндөрлөгөөс “хайв”

-“Иргэнд суурилсан хөгжлийн яриа” алс баруун хязгаарт үргэлжиллээ-

Далайн эргээр нэгэн өвгөн явж байжээ. Өөрийгөө “үхэхээс бусдыг үзсэн дээ” гэж бодож явахад нь далайн давалгаанд шидэгдэн эрэг дээгүүр хаягдсан далайн од хэмээх бяцхан амьтад олноороо жаргах нарны туяанд гялтганан харагдаж байлаа. Харамсалтай нь далайн түрлэг удахгүй буцаж, эдгээр амьтдад хатаж үхэх аюул тулгарсан байв. Өвгөн тэдгээр амьтдын амийг аврахаар далайн одыг нэг нэгээр нь аван ус руу хийж эхлэв. Нэлээд олон далайн одыг ус руу хийчихээд өндийн харвал хэзээ ч дуусамгүйгээр олноороо ярайн харагдаж, хийж буй зүйл нь ямар ч үр дүнгүй мэт санагджээ. Тиймээс хийж байсан ажлаа орхиод цааш нуруугаа үүрэн алхтал нэгэн бяцхан жаал далайн одыг ус руу хийж байхтай тааралдав. Өвгөн,

-Хүү минь ээ, наад хийж буй зүйл чинь ямар ч үр дүнгүй болохыг мэдэж байна уу? гэхэд хүү,

-Ах минь, үр дүн нь надад биш, энэ миний гарт буй далайн одод байгаа юм гэжээ.

Хүмүүс аливаа зүйлийг хийхдээ үр дүнг нь зөвхөн өөр дээрээ л хүлээн авдаг, түүний хийсэн үйлдэл бусдад ямраар тусч байгааг тооцдоггүй гэсэн үг л дээ. Хэрвээ тэр бүхнийг бүрэн дүүрэн тооцож, үнэлж чаддаг байсан бол энэ хорвоо арай өөр ч байх байсан юм бил үү.

Ардчилсан намын гишүүдийн “Нэг ардчилал” клубын “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” нээлттэй хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт алс баруун хязгаар Ховд, Увс аймагт үргэлжилсэн юм, найм дахь удаагаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөх М.Батчимэг, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу нар болон тус аймгаас Ардчилсан намын ҮЗХ-нд сонгогдсон гишүүд, ”Нэг ардчилал” клубынхэн оролцон орон нутгийн иргэдтэй уулзаж, ярилцсан юм.

“Нэг ардчилал” гэж юу юм бэ гэхээр ихэнх нь “Ардчилсан нам дахь залуучуудын фракци” гэж хэлэх байх. Насаар нь харах юм бол үнэндээ залуучуудын фракци ч хараахан биш. Тэдний ихэнх нь залуучуудын холбоонд байх наснаас хэтэрсэн буюу 35 нас хүрсэн эрхмүүд. Гэхдээ нам доторх бусад фракц бүлгүүд рүү гүйгээд орчихьё гэхэд бас хаалга үүд нь хаалттай ч юм уу, үзэл бодлын хувьд шууд уусан зохицох боломжгүй нэг хэсэг л дээ. Учир нь тэдний олонхи нь ерэн онд Ардчилсан хувьсгал ялж байх тэр цагт дөнгөж сургуулийнхаа дүрэмт хувцаснаас салж, оюутны ширээнд шилжиж байсан. Энэ утгаараа ардчиллын үнэ цэнэ, хуучин болоод шинэ нийгмийн ялгаа заагийг одоогийн залуусаас арай илүү мэдэх юм. Нөгөөтэйгүүр тэд засаг барьж байгаа ах нараасаа ялгаатай нь хорин жилийн өмнө бидний сонгосон ардчилсан, шударга ёс, иргэний нийгмийг байгуулах зорилт маань өнөөдөр биеллээ олсон уу, бид тэр зорилгынхоо төлөө явж чадаж байна уу, үгүй юу, хэрэв ямар нэг байдлаар гажуудсан, алдаж оносон бол чухам юун дээрээ алдсан бэ гэдгийг олж харах, өөр өөрсдийн олж харснаа бас бусдадаа хэлж сануулахаар оролдож буй явдал. Үүгээрээ тэд өөрсдийн өмнөх болоод дараа үеэсээ илүү тод ялгардаг. Бичвэрийн эхэнд сануулсан сургамжит өгүүллэг ч бас үүнтэй холбоотой. Бид хорин жил ардчиллын замаар явсан, ардчилал бол олонхийн засаглал, угаасаа ийм л байсан, тийм ч байх ёстой гээд яваад байх уу, эсвэл арай өөр талаас нь харах цаг болсон уу?

Төр “аврал” уу, эсвэл “аюул” уу?

Ер нь төр гэж юу юм бэ? Төр бидний аврал уу, эсвэл аюул уу? Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн 50 хувь нь төр бол “аврал”, харин үлдсэн 50 хувь нь “төр бол аюул” гэж хариулсан. Нэг талаас төр бидний аюулгүй байдлыг хангах, гаднын түрэмгийллээс хамгаалах, оршин амьдрах эрүүл, аюулгүй нөхцөл байдлыг бий болгож өгөх үүрэгтэй. Нөгөө талаас төр өөрөө иргэдийнхээ бизнесийн ашиг сонирхолд халдах, сонгуулийн эрхийг нь хулгайлах болж, ажлын байр нэмэгдүүлж, амьдрах орчныг нь сайжруулахын оронд өөрийгөө улам томруулан тэжээх болсны учир шалтгаан юунд байна вэ? Үүний хариулт нь төр өөрөө дангаараа бол аврагч ч биш, аюул ч биш юм. Хэрэв төрийн эрх мэдэл иргэдийн гарт жинхэнэ утгаараа байж, төрөөс гарч байгаа бодлого шийдвэр болгон иргэдийнхээ төлөө байгаа цагт төр аврагч болж харагддаг. Харин эрх мэдлийг цөөхөн хүний гарт төвлөрүүлээд, тэд нь төрийн нэрээр хүссэн шийдвэрээ гаргадаг, дарангуйлдаг, иргэд нь ямар ч эрх мэдэлгүй байх юм бол төр бидний “аюул” болдог. Тиймээс ардчилсан төрийн иргэн бүр өөрсдөө хариуцлагатай байж, төрдөө хяналт тавьж чаддаг байх хэрэгтэй гэсэн санааг М.Батчимэг зөвлөх хэлсэн.

Ерэн онд Монголд ардчилсан хувьсгал ялахад дэлхийн олон орны судлаачид “Ардчилал ялах хамгийн бага магадлалтай оронд ардчилал ялав” хэмээн гайхширч байж. Магадгүй дэлхийн хоёр том гүрний дунд хавчигдан амьдарч, ертөнцийн нүд, чихнээс таслагдаад байсан жижиг буурай орон гэдэг утгаар тэгж үнэлсэн биз. Гэвч ардчилал, эрх чөлөө бол монгол хүний цусанд, генд нь байдаг мэдрэмж. Төв Азийн өргөн уудам газар нутагт хэдэн мянган жилийн турш нүүдэллэн амьдарч, хатуу ширүүн байгалийн шалгуурыг даван өөрөө өөрийгөө авч явж ирсэн ард түмнийг социализмын эрхшээлд байсан 70 жил, сүүлийн арван жилийн турш Монголын төрөөс явуулж буй бодлого харин ч улам сул дорой, амьдрах чадваргүй болгож байна гэдгийг тэр мөн хэлсэн. Түүнээс гадна монголчууд ардчиллаас урвахгүй байх хамгийн том шалтгаан нь ирэх 10, 20 жилд уул уурхайгаас орж ирэх асар их баялаг. Хичнээн эх оронч байлаа гээд цөөхөн хүн эрх барьдаг байх юм бол энэ их баялгад эзэн суух гэсэн их гүрнүүдийн шахалт дарамтыг Монголын төр тэсвэрлэж чадахгүй. Эдийн засгийн чадавхи маань, цэрэг зэвсэг маань ямар билээ. Үүний хамгийн тод жишээ нь Зөвлөлтийн эрхшээлд байсан 70 жилийн түүхэнд хичнээн олон оюун билэгтэн, эх орончдоо хүйс тэмтрүүллээ. Харин ардчилал хэдий дутагдалтай ч гэсэн, Ардчилсан нам дотроо зөрчилтэй харагддаг ч байсан тэр маргаан мэтгэлцээн дундаас нь иргэд мэдээлэл авч, дүгнэлтээ хийж чаддаг. Ийм их өрсөлдөөн, мэтгэлцээн дунд ядахдаа дарангуйлагч гарах боломж байдаггүй. Хэрвээ ирэх сонгууль урьд өмнөх сонгуулиудтай адил мөнгөний сонгууль болох юм бол монголчууд сонгуульд ялахгүй, тийм их мөнгө монголчуудад ч байхгүй. Харин харийнханд тэр мөнгө байгаа, тэд л мөнгөө төлж, хөгжмөө захиалах болно. Тиймээс иргэд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй, хариуцлагатай байхын тулд мэдээлэлтэй, мэдлэгтэй байх ёстой гэдэг нь Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөс аюулгүй байдлын асуудлаар иргэдэд өгсөн бас нэг “мессэж”.

Уул уурхай иргэдэд өгөөжтэй юу?

Сүүлийн нэг жилийн дотор Монгол Улсын эдийн засаг эрчимтэй өсч байгаа тухай амтай болгон л сайрхаж байна. Оны эхний улиралд 9.9 хувийн өсөлттэй байсан эдийн засаг хоёрдугаар улиралд 17.3 хувиар өсчээ гэж. Тэр ч байтугай Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө БНХАУ-ыг гүйцэж түрүүлээд дэлхийд гуравдугаарт жагссан тухай саяхан Сангийн сайд маань онцолсон. Өөр нэг жишээ дурдвал, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс хийсэн судалгаагаар манай орны иргэдийн нэг жилийн дотор төрөөс авч байгаа боловсролын үйлчилгээ нь 110 ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Дэлхийд энэ тоог хамгийн багадаа 500 ам.долларт барьдаг бол манайтай ижил төстэй, уул уурхайн баялаг бүхий хөгжиж байгаа орнуудад нэг хүнд ногдох боловсролын үйлчилгээ 2000 ам.доллараар үнэлэгдэж байна. Тэгэхээр дарга нарын яриад байгаа эдийн засгийн өсөлт бодитой өсөлт үү, эсвэл зүгээр түр зуурын “хаван” уу? Энэ өсөлт нь иргэдийн амьдралд ямар бодитой өөрчлөлтийг авчирсан бэ гэдэг асуулт гарна.

Дэлхий дээр газрын тосны нөөц дуусч, нар салхины сэргээгдэх эрчим хүч маш үнэтэй учраас үлдэж байгаа ганц нөөц нь нүүрс. Нүүрснээс бензин, дулаан, эрчим хүч гаргаж байна. Харин нүүрсний ихэнх нөөц Хятад, Монгол, АНУ гуравт л байдаг гэнэ. Гэвч Хятад, АНУ хоёр өөрсдийнхөө нүүрсийг хадгалчихсан. Яагаад гэвэл Хятад улс ажилгүйдэлгүй, эдийн засаг нь тогтвортой байхын тулд эдийн засаг нь жилд 10 хувиар өсч байх ёстой. Эдийн засаг нь жилд 10 хувиар өсч байхын тулд эрчим хүчний хэрэглээ нь жилд 2 хувиар өсч байх ёстой. Яагаад гэвэл Хятадын үйлдвэрүүдийн 70-80 хувь нь нүүрсээр ажилладаг. Харин Хятад улс нүүрснийхээ нөөцийг одоогийнхоо хэрэгцээгээр ашиглах юм бол 30 жилийн дараа дуусна, тэгээд цаашид яах вэ?

Тиймээс Хятадын зах зээл дээрх нүүрсний үнэ Монголын нүүрсний үнээс хамаагүй өндөр. Дэлхий дээр долоон тэрбум шахуу хүн амьдарч, тэдний хэрэглээ жил тутам өсч байгаа. Дэлхийн зах зээл дээрх зэс, нүүрсний хэрэглээ улам бүр өсч, харин нөөц нь багассаар байгаа ийм үед Монгол Улс энэ зах зээл дээр зүгээр нь жижигхэн шатрын хүү биш, харин нүүрсний томоохон тоглогч болох боломж байгааг Ч.Отгочулуу зөвлөх сануулсан. Тиймээс уул уурхайг “хэрэггүй, муухай” гэдэг ганцхан нүдээр харж болохгүй гэж. Харамсалтай нь манай эдийн засаг тун өрөөсгөл явж байгаа аж. Татварын орлогын 80 хувь, экспортын орлогын 80 хувь зөвхөн уул уурхайгаас ордог. Удахгүй Тавантолгой, Оюутолгойн орд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл татварын орлогын 99 хувь, экспортын орлогын 99 хувь нь дангаараа уул уурхайгаас орох болно. Үүний нэг аюултай тал нь бодлого боловсруулагч нар зөвхөн уул уурхай дээр ажиллаад, зөвхөн тэр салбарын гэрээ хэлэлцээр дээр хүч хаяж, нервээ бараад яг ажлын байр бий болгодог хөдөө аж ахуй, мал аж ахуй, банк санхүү, үйлдвэрлэлийн бусад салбар нь анхаарлын гадна хаягдаж байгаа явдал.

Үйлдвэрлэлийнх нь бүтцийг харсан ч 70 хувь нь уул уурхай. Энэ бол дэлхий дээр өөр хаана ч байхгүй, уул уурхайгаас дэндүү хараат бүтэц гэнэ. Хэдийгээр уул уурхайг орон нутагт ажлын байр гаргана гэж хардаг ч түүний оронд сумын Засаг даргатай яриад нэг удаагийнх нь наадам хийх мөнгийг өгчихөөд явах нь элбэг. Тэгээд ч яг судлаад үзэх юм бол уул уурхай ажлын байр бий болгодоггүй аж. Ачаа тээврийн салбарт хамгийн ихээр нөлөөдөг ч хөдөө аж ахуй, мал аж ахуй, худалдаа  үйлчилгээ, боловсруулах үйлдвэрүүд гэх мэт суурь салбаруудад шууд нөлөөлдөггүй. Харин ч уул уурхайгаас орж ирсэн ямар ч хяналтгүй сул мөнгийг цалин, тэтгэмж болгоод тараадгаас тэр нь инфляцийг өсгөж, Монголбанк хариу арга хэмжээ болгож бодлогын хүүгээ өсгөдөг, бодлогын хүү нэмэгдмэгц үйлдвэрлэгч дээр очиж байгаа зээлийн хүү мөн дагаад өсдөг. Үр дүнд нь “Оюутолгой” ХК-д бэлтгэн нийлүүлэгч хийж байгаа Монголын компани жилийн 16 хувийн хүүтэй зээлийг 150 хувийн барьцаатайгаар дотоодынхоо банкнаас 2-3 жилийн хугацаатай авдаг бол гаднын компани жилийн 3 хувийн хүүтэй зээлийг өөрийн орны банкаас 20-30 жилийн хугацаатай авдаг. Тийм учраас дотоодын компаниудын хувьд ямагт өрсөлдөх чадваргүй байдаг. Үүн дээр бид гаднынхыг муулах бус, харин ч тэднээс суралцах хэрэгтэй болж байна.

Бас нэг сэтгэл эмзэглэм зүйл бол манай улсыг хэдийгээр уул уурхайн орон, эдийн засаг нь уул уурхайгаас бүрэн хамааралтай гэж ярьж байгаа боловч үнэн хэрэгтээ эдийн засаг нь хоёр хуваагдчихсан, уул уурхайн салбар нь Хятадын эдийн засгийн интерацчилалд ороод явчихсан байна гэдэг дүгнэлтийг Ч.Отгочулуу зөвлөх хийсэн. Тэгэхээр уул уурхай дээр дахиад л бодлого хэрэгтэй болох нь, гэхдээ одоогийноос тэс өөр.

Амлалт чухал уу, бодлого уу?

Өнгөрөгч 2008 оны сонгуулиар улс төрийн намууд амласан. Хангалттай амласан. Зарим нэг нь амлалтаа “хамтарч” биелүүлэхийн тулд эрх мэдлээ хүртэл хуваасан билээ. Гэвч “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” хэмээх популист амлалтуудаас үүдсэн гай гамшиг, бэлэн мөнгөний “дайн” өнөөдөр монголчуудыг юунд хүргэж, хаана авчирсныг бүгдээрээ л мэдэж байгаа. Тэгэхээр амлах нь хэрэгтэй юу, бодлого чухал уу гэдэг асуулт гарч байгаа юм. “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлгийн ч гол зорилго нь энэ байсан. Энэ асуултыг хариултыг иргэдтэй хамт хайхын тулд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Хариуцлагатай улс төр” гэдэг сэдвийг сонгож. Учир нь “Нээлттэй академи” ТББ-аас иргэдийн дунд хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар ”Монголын төрөөс иргэд юу хүлээж байна вэ?” гэдэг асуултад судалгаанд оролцогчдын 70-80 хувь нь “хариуцлага хэрэгтэй байна, төрийн эрх мэдэлд байгаа хүмүүс хэтэрхий хариуцлагагүй байна” гэсэн хариултыг өгсөн аж. Тэгээд илтгэгч нь “Дээдэс нь хулгай хийвэл доодос нь хулгайд дуртай болдог” гэсэн ишлэлээр лекциэ эхэлсэн, тэр нь ч оносон биз.    

Манайхны улстөрчдийн яриа хөөрөө, байр байдлыг харсан Өмнөд Солонгосын хэсэг нөхдүүд “Танай 76 тэнэг бишээ, тэнэг байсан бол тэд сонгогдохгүй шүү дээ. Зүгээр л санаачлагагүй, сэтгэлгүй хүмүүс байна” гэдэг дүгнэлтийг хийсэн аж. Иргэддээ хүртээлтэй, санаачлагатай ажиллахгүй байна, харин яаж бизнесээ өргөжүүлэх вэ, яаж тэр хулгайлсан мөнгөөрөө дахин сонгогдох вэ гэдэг дээр л санаачлагатай ажиллаж байна гэж. Бидэнд ч бас танил сэдэв байгаа биз. Тэдний санаачлага төсөвт хэр их мөнгө төвлөрүүлж, түүнийгээ тендер нэрээр хэрхэн хуваах, цаашлаад татвар төлөгчдөөс цуглуулсан тэр мөнгөөрөө буцаагаад иргэдийн саналыг хэрхэн худалдаж авах дээр төвлөрдөг болоод удаж байгаа. Үүнээс үүдээд “улс төрийн лидер” гэдэг ойлголтыг өөрчлөх цаг болсныг Х.Тэмүүжин гишүүн сануулсан.

Өмнө бид УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон хүмүүсийг, нэгдсэн чуулган дээр хамгийн олон удаа хэрүүл хийж, хоосон популизм ярьсан нөхдийг, эсвэл нам дотроо хамгийн их нөлөөтэй гэж үзэгддэг, хамгийн сайн хор найруулдаг хэсгийг, бүр цаашлаад тухайн тохиолдолд хамгийн олон хүнийг нэг зааланд цуглуулж, тэдний олонхид таалагдаж чаддаг хүмүүсийг улс төрийн лидер хэмээн үздэг байсан байж магадгүй. Харин түүний хувьд “Улс төр гэдэг шоу биш, хор найруулах ч биш, улс төр гэдэг бол өөрчлөлт. Өөрт нь итгэж саналаа өгсөн, энэ улс орон илүү гэрэл гэгээтэй хөгжил рүү яваасай гэж найдсан хүмүүст зориулж өөрчлөлтийг хийх ёстой. Тэр өөрчлөлтийн төлөө явж, тэр нь олон хүнд үр ашгаа өгч байгаа хүнийг улс төрийн лидер гэнэ. Хэрвээ бид улс төрийн лидерийн тухай хуучин ойлголтоо өөрчлөхгүй л бол өнөө л тамын тогоон дотроо бие биенээ татаж унагаасан хэвээр, чөтгөрийн тойрогтоо амьдарсаар байх болно” гэсэн. Гэхдээ мэдээж үүний тулд юу хийх ёстой вэ гэдэг бас л асуулт.

Бүхэлдээ авлигажчихсан энэ төр засгийг, иргэндээ үйлчилдэггүй хууль шүүхийн байгууллагыг, жирийн иргэнээс хол хөндий хуулийг яаж өөрчлөх вэ? Ганц Х.Тэмүүжин гишүүн, дээр нь Л.Гантөмөр нэмэгдээд, Ардчилсан намын бүлгийн 26 гишүүн бүгд хоёр гараа өргөөд ч өөрчлөлтийг хийж чадахгүй. Яагаад гэвэл УИХ-ын шийдвэр олонхиороо гардаг учраас. 40 хүн эсэргүүцэхэд л ямар ч зөв бодлого, цэцэн мэргэн санааг шалан дээр унадаж, шороотой хутгаж чаддаг хойно. Тиймээс сонгогчид, Монголын улс төр өөрөө хариуцлагатай байх ёстой гэнэ. Тэгэхгүй бол уул уурхайгаас орж ирж байгаа энэ их мөнгөний чимээ, төрд цугларч байгаа мөнгөний сургаас болж “Яавал энэ мөнгөнөөс хувь хүртэх вэ, компаниа томруулах вэ, яаж өөртөө ахиухан ашиг унагаачих вэ” гэсэн харалган бодолтой хүмүүс төрийн анхан, дунд, доод бүх шатанд хувалз шиг шигдсэн байна. Энэ хүмүүсийг яавал төрөөс зайлуулах юм бэ. Монголд яагаад одоо болтол авлигыг хязгаарласан бүрэн төгс хууль байхгүй байгаа юм бэ. Энэ асуултын хариуд төрийн албанд сонирхлын зөрчлийг хязгаарлсан хууль хэрэгтэй талаар эрхэм гишүүн ярина лээ.

Өнгөрөгч хаврын чуулганаар хэлэлцэн батлах ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулчихсан уг хууль яагаад гарахгүй байна гэдгийг ч иргэд өөрсдөө эрхэм гишүүнээс өөрөөс нь нэхсэн. Харамсалтай нь одоогийн парламент дотор “Хэрвээ ийм хууль гаргах байсан юм бол бид яах гэж, чи яах гэж сонгуульд орсон юм, яах гэж сайд болсон юм бэ” гэж ил цагаан эсэргүүцдэг, түүнийг нь битүүхэн дэмждэг гишүүд олонхи байна гэдгийг хэлээд “Үнэн зөв манлайллыг дэмжиж чаддаг, өөрчлөлтийг бүрэн төгс хийх хэрэгтэй гэж үздэг хариуцлагатай улстөрчид Монголд хэрэгтэй байна” гэсэн юм. Энэ нь мэдээж сонгогчдод өөрт нь хандаж хэлсэн үг биз. Ирэх сонгуулиар та хэн нэгний халаасны зузаанаар сонголтоо хийх үү, эсвэл өөртөө, үр хүүхэддээ хэрэгтэй өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих үү гэж.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр үүн дээр саналаа нэмэрлэсэн. Тэр нь Сонгуулийн тухай хуулийг шинэчлэх, жижигт тойрогт дулдуйдсан мажоритари тогтолцоо, мөнгөний сонгуулийг халж, хувь тэнцүүлсэн байдлаар сонгуулийг зохион байгуулах. Хэрвээ тэгэхгүй бол Ардчилсан нам сонгуульд ялахын тулд Ч.Хүрэлбаатараас, Б.Чойжилсүрэнгээс баян нөхрийг л Увсад дэвшүүлэх болно. Энэ их мөнгөний өрсөлдөөн гал авалцуулна, тэр галыг бид зогсоож чадахгүй гэдгийг анхааруулж байлаа. Харин хариуцлага хүлээдэггүй төрийг хариуцлагажуулахын тулд төрийн бүх байгуулллагыг үүрэгжүүлэх хэрэгтэй гэв. Монгол Улсад одоо мөрдөж буй бүх хуулийг судалж үзэхэд Монголын төрийн байгууллагууд 3800 гаруй эрх эдэлж, 500 гаруй үүрэг хүлээдэг аж. Эрх үүргийн харьцаа 8:1. Жишээлбэл, Байгаль орчны сайд 198 эрх эдэлж, харин “байгаль хамгаалах” ганцхан үүрэг хүлээдэг. Харин иргэд 56 үүрэг хүлээж, 55 төрлийн эрх эдэлдэг байна. Тиймээс Монголын төрийг хариуцлагажуулахын тулд эрх үүргийн харьцааг тэнцвэржүүлж, иргэдийн өмнө хүлээсэн үүрэг нэг бүрчлэн хариуцлага зааж өгөх хэрэгтэй гэнэ. Тиймээс энэ тал дээр бодлогын том шинэчлэл хийж, хууль боловсруулах шаардлагатай юм байна. Харин “УИХ Сонгуулийн хуулиа хувь тэнцүүлсэн байдлаар баталж чадах уу?” гэсэн иргэдийн асуултад хэн хэн нь хариулсангүй, “38:38 бол эцсийн хувилбар” гэдгийг л хэлнэ билээ. Учир нь хуулийг батлуулахын тулд УИХ дотор дахиад 38 санал хэрэгтэй.

Иргэнээсээ баян төртэй …

Ховд аймагт 2008 оны сонгуулиар 92000 хүн тоологдож байжээ. Харин одоо 76000 хүн үлдсэн байна. Бусад нь нийслэл хот болон зэргэлдээ аймгууд руу амьдрал хөөн одсон байна… Тоосгоны үйлдвэрт өдрийн 15.000 төгрөгийн цалинтай туслах ажил хийлгэх гэтэл ажиллах хүн олдохгүй байна аа. Харин бараан зах тойрсон 50 гаруй билльярдын ширээн дээр 500 залуу өдөр бүр оочерлоод зогсч байна… Өнгөрсөн жил төсвийн ажилчдын цалинг 30 хувиар нэмсэн, одоо дахиад 30 хувь нэмэх гэж байна. Энэ жил Хүний хөгжлийн сангийн нэрээр 800 тэрбум төгрөгийг бэлнээр тараасан, ирэх жил төсвийн орлогынхоо тал хувийг дахиад бэлнээр тараах тухай ярьж байна. Монголын төр иргэдээсээ баян болсон байна. Иргэд бид энэ баян төртэй өрсөлдөж чадахаа байлаа. Ажилчдынхаа цалинг тавьж дийлэхээ болилоо, бизнес маань зогслоо, ядуучуудын эгнээнд шилжлээ шүү…

Энэ бол орон нутгийн иргэдээс төрийн түшээд, эрх баригчдад дайсан үг. Увс аймагт зохион байгуулсан “Иргэн суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлгийн бас нэг сонирхол татсан илтгэгч нь тус аймгаас Ардчилсан намын ҮЗХ-нд сонгогдсон “Нэг ардчилал” клубын гишүүн Н.Туяа. “Өрсөлдөх чадвар ба иргэнд суурилсан яриа” сэдвээр хийсэн түүний лекц Ардчилсан намын хорин жилийн өмнө тунхагласан “Иргэн баян бол төр баян” гэдэг уриаг нэхэн сануулахад чиглэж. Өрсөлдөгч нам маань төр баян бол иргэн баян гээд ирж байна, /ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар сая ирэхдээ иргэдийг цуглуулахын тулд хүн бүрт 3000 төгрөгийн нэгж тараасан аж, харин Б.Чойжилсүрэн гишүүн 10 мянгаар золгодог. сурв/ харин иргэдээ баяжуулах Ардчилсан намын бодлого хаачсан бэ гэж.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн таван жилд 2,2 дахин өсчээ. Гоё сонсогдож байгаа байна уу. Харин нийт хадгаламжийн 95 хувь нь хүн амын 5 хувьд, ердөө 20 гэр бүлд ноогдож байна гэвэл танд ямар сонсогдох бол. Энэ жил төсвийн нийт зарлага ДНБ-ийн 52 хувьд хүрчээ. Түүний 20 хувь нь тендер нэрээр албан тушаалтнуудыг баяжуулсан байна. Төрийн үндсэн гурван үүрэг бол эдийн засгийн болон улс төрийн тогтвортой байдал, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах явдал. Харин манай төр үүнээс бусад бүх зүйлд оролцдог учраас төсөв нь ингэж томроод байгаа хэрэг. Зах зээл хөнжсөн бусад оронд бол төсвийн зарлаг ДНБ-ий 20-30 хувь байх ёстой гэж үздэг. Хүний хөгжлийн 21 мянгыг тараахын тулд жилийн дотор 800 тэрбум төгрөг цацсан, одоо бидэнд юу үлдсэн бэ? Цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 40 хувь нь гэртээ цоожлуулж байгаа, цэцэрлэгийн барилга байхгүй учраас. V цахилгаан станцын суурийг одоо болтол тавиагүй, Улаанбаатарын хүүхдүүд уушигны өвчтэй төрсөөр л байна. Тэгэхээр бид юуг золиосолж энэ мөнгийг авсан бэ? Энэ бол мэдээллийг мэдлэг болгож сурах тухай иргэдэд өгсөн түүний зөвлөгөө. “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” энэ удаа алс баруун хязгаар Ховд, Увс аймагт ийнхүү үргэлжилсэн юм. Оюутнууд, сурагчидтай хийсэн уулзалтын талаар дараа өгүүлэх болно.

Б.СЭМҮҮН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж