-Орон нутгаас сонгогдож, нэхэмжлэл гаргасан төлөөлөл ямар шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан юм бэ?
-Ерөнхийдөө Матад сумын байгаль орчин “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдөр ямаршуухан болсон талаар хэн хүнгүй мэдэж байгаа. Мэргэжлийн байгууллага болох “Мөнх Оргил Трейд” компанийн шинжээчдээр хийлгэсэн үнэлгээний дагуу 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэгч Матад сумын Засаг дарга Ц.Наранцэцэг нь тус компанитай хамтарч ажиллах нэрийдлээр 30 сая төгрөгийг сумын төсөвт хандивлуулж, бусад нэр бүхий таван нэхэмжлэгч иргэдэд янз бүрийн дарамт үзүүлсээр байгаад нэхэмжлэлээс нь татгалзуулсан. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Ц.Батхүү нь дээрх нэхэмжлэгч нарын татгалзсан явдал нь хууль зөрчөөгүй, бусдын эрх ашгийг хөндөхгүй гэсэн захирамжыг гаргаж суухдаа тэр олон нутгийн иргэдийн эрх ашгийг хөндөхгүй гэж үзсэн нь ч бас буруутай алхам.
-Дарамталсан гэдгийг батлах баримт бий юу, мөнгө төгрөг амалсан хэрэг үү?
-Хэрвээ өгсөн нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа бол тухайн иргэд өөрийн биеэр нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд очиж, өргөдөл гарган, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтыг наториатаар баталгаажуулах ёстой. Тэд нар өөрийн биеэр ирж, нэхэмжлэлээсээ татгалзаагүй нь үнэн. Гэтэл хариуцагч тал болох “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн өмгөөлөгч болох Б.Цэцэнбилэг нь өнгөрсөн наймдугаар сарын 4-нд тус дүүргийн шүүхэд хандан 11/185 дугаар бүхий хүсэлтийг гаргасан ба энэ хүсэлтэндээ нэхэмжлэгч иргэдийн гаргасан гэх нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан хүсэлтүүдийг хавсаргасан байна. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан гэх хүсэлтүүдэд зурсан гарын үсгийн хэвийг нотариатаар гэрчлүүлээгүй тул энэ нь нэхэмжлэгч нар өөрсдөө гарын үсэг зурсан гэх нотолгоо болж чадахгүй. Тэгээд ч ийм түүхий үндэслэлийг тухайн шүүгч хүлээн авлаа гэдэг нь хууль бус юм. Мөнгө, төгрөг амалсан байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
-Одоо орон нутгийн иргэд болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс хэнд хандах вэ?
-Одоогоор зөвлөл болон нутгийн иргэдийн төлөөлөл хуралдаж, нэгдсэн дүгнэлт гаргаж байгаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн удирдлага болон хууль бус захирамж гаргасан шүүгч Ц.Батхүү, мөн тус дүүргийн шүүхийн Ёс зүйн хороонд гомдол гаргахаар болоод байна. Бид энэхүү гомдол, хүсэлтээ энэ долоо хоногт холбогдох хүмүүст хүргүүлнэ. Цаашид тус компаниар нөхөн сэргээлт хийлгэх, нөхөн төлбөрийн хохирлыг барагдуулах тал дээр бид тууштай тэмцэх болно.
"Ардын эрх" сонин