Сайдууд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.09.26-нд нийтлэгдсэн

Сайдууд мэдээлэл хийнэ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хорооны ээлжит хурал өнөөдөр Төрийн ордонд 10.00 цагаас зарлагджээ. Тус хуралд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга нар оролцож, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлынхаа талаар мэдээлэл хийхээр болсон байна.

Сүүлийн 10 гаруй жилийн туршид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилт тавин ажиллаж байгаа ч тодорхой үр дүн гараагүй юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль санаачилж, улмаар УИХ батлан, дагуулж, хөтөлбөр хүртэл баталсан. Харин өнгөрсөн хавраас хэрэгжиж эхэлсэн хуулийн хүрээнд салбарын яамдууд ямар ажил хийсэн талаар энэ удаагийн хуралдаанд танилцуулна.

Ямар ч байсан одоогоор нийслэлийн хэмжээнд утаа бага гаргадаг зуухыг иргэдэд таниулах ажил зохион байгуулагдаж буй ч борлуулалт тааруу байгаа юм. Энэ өвлөөс урьтаж 70 мянган айлд утаа бага гаргадаг зуухыг борлуулахаар шийдэж, үнийг нь буулгасан ч эдүгээ дөнгөж 10 мянга гаруй зуух борлогдсон мэдээ бий. Мөн хагас коксжуулсан нүүрс нийлүүлэх ажил хангалтгүй байгаагаас утааг энэ өвөл 30 хувь хүртэл бууруулах зорилт биелэлээ олж чадахгүйд хүрч мэдэхээр байгаа. Тиймээс орон сууцжуулах хөтөлбөр хамгийн их хүлээлт үүсгэж буй. Гэхдээ хөрөнгө мөнгөнөөс шалтгаалан орон сууцжуулах хөтөлбөр далайцтай хэрэгжиж чадахгүй байгаа бөгөөд энэ өдөр салбар хариуцсан сайд нар ажлынхаа тухай танилцуулна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж