Сиамын ихэр төрсөн нь үнэн

Хуучирсан мэдээ: 2010.04.23-нд нийтлэгдсэн

Сиамын ихэр төрсөн нь үнэн

Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд сиамын ихэр төрсөн тухай мэдээлэл цацагдлаа. Уг мэдээллийн дагуу тус эмнэлгийн  Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн захирал, анагаах ухааны доктор Г.Санждоржоос тодрууллаа.

-Сиамын ихэр төрсөн гэх юм. Үнэн үү?

-Сүүлийн үед ургийн гажиг төрөлт нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ нь нийт хүн амын өсөлт, төрөлт ихэсч байгаатай холбоотой. Нөгөө талаас хүрээлэн байгаа орчноос нөлөөлж байхыг үгүйсгэхгүй юм. Энэ сарын 20-нд  үдээс өмнө манай эмнэлэгт хүмүүсийн ярьдагаар сиамын ихэр буюу наалдсан хоёр ураг төрсөн.  Сиамны ихэр гэдэг маань бас л ургийн гаж хөгжлийн хэлбэр юм л даа. Энэ удаа хоёр толгойтой, хоёр хөлтэй, нэг биетэй эрэгтэй хүүхэд байсан. Өөрөөр хэлбэл, хоёр хүүхэд наалдсан төрөлт  гэж ойлгож болно.

-Эх нь эмчийн хяналтанд байсан уу. Эхийн хэвлийд байхад нь оношлох боломж байгаагүй юм уу?

-Эмчийн хяналтанд байсан.  Бага сартай жирэмсэн байхдаа оношлуулахад хоёр ихэр гэж гарч ирсэн гэсэн. Найман сартай байхад нь манай эмнэлгийнхэн сиами гэдгийг нь тодорхойлсон. Тэгээд төрөх хугацааг нь хүлээж байгаад кесовора хагалгаагаар төрүүлсэн. Гэвч  хүүхэд амьдрах боломжгүй байлаа.

-Эх нь хэдэн настай вэ. Хэд дэхь төрөлт нь байв?

-30 гаруй настай. Хоёр дахь төрөлт нь байсан. Анхны хүүхэд нь эрүүл саруул өсөн торниж байгаа.

-Ямар ажил эрхэлдэг хүн бэ. Удмын  гаж өвчин бий юу?

-Хувиараа ажил эрхэлдэг. Ихрийн удамтай гэсэн. Түүнээс биш гаж өвчинтэй эсэхийг нь мэдэхгүй байна.

-Ер нь манай улсад  өмнө нь сиами ихэр хүүхэд төрж байсан уу?

-Өнгөрсөн жил нэг төрсөн. Нийтдээ хоёр сиами төрөлт бүртгэгдээд байна.

-Өнгөрсөн жил төрж байсан сиами ихрийн талаар мэлээлэл өгөөч?

-Энэ талаар ярих боломжгүй.

 -Одоо эхийн биеийн байдал ямар байна?

-Сайн байгаа.

-Сиамын ихэр хүүхэд төрүүлсэн гээд сэтгэл санаагаар унаж байна уу?

-Үгүй ээ.  Өмнө нь ургийнхаа талаар мэдэж байсан болохоор сэтгэл санаа нь ч гайгүй байгаа. Өнөө маргаашгүй эмнэлгээс гарна.

-Хэдэн килограмм бэ?

-2,6 килограмм

-Энэхүү гаж хөгжлөөс яаж урьдчилан сэргийлэх вэ?

-Орчны агаарын бохирдол, үйлдвэр химийн янз бүрийн хортой бодисын нөлөөлөл байна. Мөн хувь хүний амьдралын хэвшил ч бас  нөлөөтэй шүү. Хортой нөхцөл ажилладаг бол бас нөлөөлөх тал бий.

-Дэлхий нийтэд дээрх төрөлт хэр тохиолддог вэ?

-Ер нь бий. Шинжлэх  ухаанд 200 төрөлт тутам нэг ургийн гажиг байх магадлалтай гэж үздэг.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж