Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан зохион байгуулсан монголын үндэсний бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдааны түрүү бөхөөр улсын залуу заан Ч.Санжаадамба тодорч, улсын отгон аварга С.Мөнхбат үзүүрлэлээ. Харин их шөвөгт өнөө жилийн түүхт ойн барилдаанд ес давснаар улсын арслан цол хүртсэн Г.Эрхэмбаяр үлдсэн бол дунд шөвөгт улсын арслан До.Ганхуяг, улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Ө.Бат-Орших нар тунан үлдсэн юм.
Энэ сарын 17-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийж, ес хоног үргэлжилсэн, 13 даваатай бөхийн барилдааны түрүү бөхөөр тодорч, Гиннесийн номонд нэрээ мөнхлөх өвөрмөц нэгэн амжилтын эзэн болсон, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээ, Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны бөх, улсын заан Ч.Санжаадамбыг суварга хэлбэртэй цом, 15 сая төгрөгөөр байлсан. Мөн их шөвөгт шалгарсан улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Г.Эрхэмбаяр нарт цом хүртээж, С.Мөнхбатад 10 сая төгрөгийн батламж гардуулсан юм.
С.Цэлмэг