Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс хоорондын улс төрийн харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаар баяжуулахыг эрмэлзэн ажиллахаа хоёр тал илэрхийлэв. Ялангуяа хоёр улсын хувьд эдийн засгийн голлох салбар нь уул уурхай, хөдөө аж ахуйн салбар байгаа нь эдгээр чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нөөц бололцоог бүрдүүлж байгааг хоёр тал онцлон тэмдэглэв. ӨАБНУ-ын хуримтлуулсан туршлагаас суралцах, ялангуяа нүүрснээс шингэн түлш гаргах, мэргэжилтэн, ажилтнуудыг давтан сургалтанд хамруулах зэрэг тодорхой чиглэлд хамтын ажиллагааг төвлөрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа монголын тал илэрхийлэв.
Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар холбогдох гэрээ, хэлэлцээр байгуулж, харилцааны эрх зүйн орчныг бий болгох нь чухал гэдэг дээр хоёр тал ижил байр суурьтай байлаа. Мөн харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулан хөгжүүлэх үүднээс хоёр талын бизнес эрхлэгчдийн хоорондын харилцаа, холбоог өргөжүүлэх талаар ярилцав.
Зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны сонирхсон бусад асуудлаар санал солилцов гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.