Сонгуулийн хуулийн тоосон дунд Төсвийн хууль түүхийрэх вий гэсэн бас нэг болгоомжлол байна. Хамаг анхаарлаа Сонгуулийн хууль руу тавьчихаад ирэх жилийн төсвөө түмэн цоорхойтой баталж, он гармагц баахан тодотгол хийх ажил гарвал яана. Бас мажоритар тогтолцооны балаг болох тойргийн сэтгэлгээндээ автаж төсвийн мөнгөөр багийн бага сургуулийн дээврийн цоорхой нөхөж, Балдан гуайн хаваржаа руу сайжруулсан зам тавина гэх нь холгүй юм болно. Пропорциональ давуу Сонгуулийн хуультай болчихвол ядаж хулганын хөеө шиг төсвөө хуй салхинд тавьж туухаа болихгүй юү. Намрын чуулганаар л гэхэд ирэх жилийн төсөв батлахаас наана энэ жилийн дутуу алсан могой шиг төсөвтөө тодотгол хийнэ гэж байгаа. Хэрэгтэй хэрэггүй юманд мөнгө цацсаар байгаад томоохон хөрөнгө оруулалтуудаа дутуу санхүүжүүлснээ нөхөх юм гэнэ лээ. Уг нь ингэх хэрэггүй гэж ОУВС сануулж байгаа. Бас “Та нар дураараа шийддэг юм чинь түүгээрээ л болохгүй юү. Санхүү, эдийн засаг чинь хөл дээрээ бослоо. Манайх суурин төлөөлөгчийн газраа Монголоос нүүлгэлээ шүү” гэж анхааруулаад авсан.
Оюутолгойн гэрээг дахиж засах, Тавантолгойн ордыг ашиглах эрх нээх гээд Иргэний хөдөлгөөн, парламентын гадуурх намуудын аазгайг хөдөлгөсөн асуудлууд байна. Сонгууль дөхөж байгаа болохоор гэрээний байдал эвгүйдвэл морьтой, явган жагсагч, гэр, майхантай тэмцэгчид гараад ирэхдээ ч ядахгүй. Ордны хашааны гаднаас цонх нэвт харвах цэц магнайчууд ч дахиад тодорч мэднэ.
УИХ-ын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд цөөн сар үлдсэн ч эрхэм гишүүдэд тохиох барцад арилахгүй байна. Улсын ерөнхий прокуророос Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг гурвантаа тавьсан ч “Төрийн түшээ хүн газар дээрээ баригдаагүй, нотлох баримтаа гартаа атгаад явж байгаагүй бол хэрэг биш” гэсэн хариуг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо мөн төдий удаа прокурорт илгээсэн. Энэ асуудал эргээд задрахыг үгүй гэх газаргүй. Сүүлийн үед Х.Наранхүү гишүүний байдал ч бишдэх шинжтэй боллоо. Эрдэнэт үйлдвэрийн захирал байхдаа улсын мөнгө шамшигдуулсан гэх дуулиан өнгөрсөн хавраас хойш тасарсангүй. “Хөрөнгийг нь битүүмжилсэн, гадаадад явахыг нь хориглосон” гэсэн яриа дуулдаж буй ч ОХУ руу “Нэгдсэн Орос”-ын хуралд суухаар явсныг бодоход арай ч хөл хорионд ороогүй бололтой. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах саналыг хүний өөрийн намын нэр бүхий гишүүд гурав дахь удаагаа сөхчихөөд сууж байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэхээр боллоо. 2000 онд хэлтэй амтай гар хүрснээс хойш зориглож хөндөөгүй байгаа Үндсэн хуулиа эрхэм гишүүд дахиж янзлахаар зориглоод байгаа. Шүүх гэж шинэчлэлийн салхи нэвтрээгүй газрын салхивчийг нээж цэвэр агаар нэвтрүүлэхээр Шүүхийн тухай багц хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн бариад буй. Тавын таван том хуулиас бүрдэх энэ төслийг хэлэлцэхэд цаг багагүй орно. Энэ мэтээр хэдхэн хоногийн дараа улс төрийн халуун намрын өдрүүд эхлэх гэж байна.