Торон хаалт зэрлэг амьтдыг мөхөлд хүргэх аюултай

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Торон хаалт зэрлэг амьтдыг мөхөлд хүргэх аюултай

 Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн Монгол дахь хөтөлбөрийн газраас “Зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд дэд бүтцийн хөгжлөөс үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнийг арилгах арга зам” сэдэвт хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөлгөөнд Дэлхийн байгаль хамгаалах сан, БОАЖЯ, Ашигт малтмалын газар, Монголын төмөр зам болон хувийн хэвшлийн төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцсон юм.  Тал хээрийн эко системийн уудам орон зайд нүүдэллэн амьдардаг цагаан зээр, хулан, хар сүүлт зэрэг амьтдын нүүдлийн замд баригдахаар төлөвлөгдөж байгаа төмөр зам, авто замын сөрөг нөлөөллийг урьдчилан тооцож, түүнийг арилгах арга замыг хэлэлцэх зорилгоор уг уулзалтыг зохион байгуулсан юм.

Зэрлэг амьтдын амьдралд хамгийн их дарамт учруулж, үхэлд хүргэж байгаа аюул нь төмөр замын дагуу татдаг торон хашаа болон хоёр улсын хил хоорондын торон хаалт аж. Цагаан зээр үргэлж нүүдэллэдэг онцлогтой амьтан. Гэтэл нүүдлийн замд татсан торон хаалтад орооцолдож эрсдэх явдал үргэлж тохиолддог байна. Мөн манай улсын одоо ашиглаж байгаа төмөр замын нүхэн гарцууд шаардлага хангахуйц бишийн улмаас зэрлэг амьтад гарцаар гарч чаддаггүй гэнэ. Хурлын үеэр төмөр замын дагуух торон хаалтыг огт татахгүй байх саналыг ихэнх оролцогчид дэмжиж байлаа. Гэхдээ аливаа зүйл хоёр талтай тул туршилт, шинжилгээ нухацтай хийсний дүнд шийдвэр гаргах хэрэгтэйг сануулагсад ч байсан.

Хэлэлцүүлэгт оролцсон гадаад, дотоодын ийнхүү эрдэмтэд санал бодлоо солилцсоны дүнд тодорхой зөвлөмжүүдийг гаргалаа. Зөвлөмжийг шийдвэр гаргагчдад нэгтгэн хүргүүлэхээр болов.  

О.Хосцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж