Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Зэсийн үнэ буурчээ

Өнгөрсөн наймдугаар сард нэг тонн нь 9,839.50 ам.доллар хүртэл өсч байсан зэсийн үнэ  Лондоны металлын зах зээл дээр өнөөдрийн байдлаар 275.50 ам.доллараар буюу 3.3 хувиар буурч нэг тонн нь 8,024.50 ам.доллараар арилжаалагдсан байна. Энэ нь өнгөрсөн 2010 оны арваннэгдүгээр сараас хойшхи хамгийн бага үнэ аж. Зэсийн үнэ АНУ, Хятад, Европын металлын зах зээлд өнгөрсөн арван сарын дунджаас буурсан байна. Бусад металлын хувьд хөнгөн цагааны үнэ 1.1 хувиар буурч, нэг тонн нь 2,292.75 ам.доллараар худалдаалагдсан бол цайр 1.3 хувир буурч, нэг тонн нь 2,049 ам.доллараар арилжаалагджээ.  Харин алт, түүхий нефтийн үнэ харьцангуй тогтвортой байгаа юм байна.

“Ноён зэс” хэмээн хочилдог зэсийн үнэ дэлхийн түүхий эдийн зах зээлд унаж эхэлсэн нь хөрөнгийн зах зээлд аюулын харанга дэлдэж эхэллээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд хамгийн өндөр үнэ хүрсэн зэс өчигдрийн байдлаар 18 хувиар буурсан нь энэ онд хамгийн их унасан үнэ юм.

Үнэт цаасны зах зээлийн үнийн өсөлт болгон зэсийн үнээс шалтгаалдаг гэсэн үг байдаг. Грек улсад хоёр удаа санхүүгийн зээл олгосноос Европын өрийн хямрал улам дордуулж, хөрөнгийн зах зээл унахад хүргэлээ гэж буруутгаж байгаа. Үүн дээр нэмээд  зэсийн үнэ унаж эхэлсэн нь хямрал даамжирч АНУ болон бусад зах зээлийг хамарч болзошгүй байгааг харуулж байна гэж ажиглагчид үзэж байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж