Хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөл байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Хамтын нийгэмлэгийн удирдах зөвлөл байгуулагдлаа

Энэ өдрүүдэд Нью Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 66 дугаар чуулганы үеэр манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг \АОХН\-ийн  хуралдааныг амжилттай зохион байгуулав. Энэхүү хурлаар АОХН-ийн Удирдах зөвлөлийг байгуулсан юм. Хуралдаанд оролцсон орнуудаас 25 нь Удирдах зөвлөлд орж ажиллахаа албан ёсоор мэдэгдлээ.  
 
Удирдах зөвлөлийн гишүүн орон болоход зарим шалгуур тавигддаг бөгөөд  ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлсэн Варшавын тунхаглалын зарчмыг баримтлах, шинээр бий болсон эсвэл шилжилтийн үедээ яваа орнуудын ардчиллыг дэмжих,  АОХН-ийг бэхжүүлэх, түүний үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэрэг хүчин зүйлийг  урьтал болгон үздэг. 

Цаашид Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд оролцох сонирхолтой орны хүсэлтийг хэлэлцэн шийдвэр гаргах юм.

Монгол Улс АОХН-ийг  2011-13 онд даргалж байгаа хоёр жилийн хугацаандаа баримталж ажиллах үндсэн чиглэлээ тодорхойлсон. Эдгээр нь ардчиллын боловсролыг дэлгэрүүлж иргэний нийгмийн байгууллагын төлөвшлийг дэмжих, Азийн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинээр болон шилжилтийн үедээ яваа улс орнуудын ардчиллыг бэхжүүлэх үйлсэд дэмжлэг үзүүлэх, туршлага хуваалцах зэрэг арга хэмжээнд ач холбогдол өгч ажиллана.

Удирдах зөвлөлийн хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн. Тэрээр  улс орнууд ардчиллын үйл хэрэгт идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийлж, Монгол Улс АОХН-ийн дарга улсын хувьд ач холбогдол өгч ажиллах асуудлуудыг танилцуулж, хамтран ажиллахыг уриалав. Тэрээр Монгол Улс АОХН-ийг даргалахдаа авилгатай тэмцэх асуудлыг тэргүүлэх чиглэлүүдийн нэг болгон ажиллана гэдгийг цохон тэмдэглэв. Удирдах зөвлөлийн хуралдаанд Литва, Эл Сальвадор, Уругвай, Чили, Нигери, Португал, Тунисын  Гадаад хэргийн сайд  нар болон өндөр албаны 18 төлөөлөгч үг хэллээ.

Тухайлбал, Австралын  Ерөнхий сайд Келвин  Томсон , Энэтхэгийн Гадаад хэргийн  сайд Паван  Капур,   Литвийн  Гадаад  харилцааны  сайд Аудрониус Азубалис,  Румыны  Гадаад  харилцааны  яамны  төрийн нарийн бичгийн дарга Ромулус  Дору  Коштеа, Италийн  Гадаад хэргийн  дэд  сайд Винченцо  Скоти , Польшийн Гадаад хэргийн  дэд сайд Грацина Бернатовиц ,  АНУ-ын  улс  төрийн  асуудал эрхэлсэн  туслах төрийн нарийн бичгийн дарга Венди  Шерман, Япон улсаас  АНУ-д  суугаа  элчин сайд Ичиро  Фужисаки , Канадын  Олон  улсын  байгууллага,  хүний эрх,  ардчиллын товчоо,  Гадаад харилцаа,  олон улсын  худалдааны  газрын  Ерөнхий захирал Девид Анжелл , Гадаад харилцааны  яамны  газрын  дарга Истван  Сзабо,  Унгарын   Гадаад харилцааны яамны  газрын  дарга М.Аншор,  Индонезийн  Гадаад харилцаа,  худалдааны  яамны  олон улсын  хамтын ажиллагааны  газрын  ерөнхий захирал Жи  Аих  Паик нар үг хэлсэн.  

Тэд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлэх болсон Монгол Улсад амжилт хүсээд, ардчиллын загвар болсон туршлагатай учраас Монгол Улс ирэх хоёр жилд уг байгууллагыг амжилттай удирдана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.  Манай улсыг даргалах хугацаанд удирдах зөвлөлд үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаагаа хэлсэн юм.
           
АОХН-ийн үйл ажиллагаа Ажлын хэсгүүдээр дамжин явагддаг бөгөөд одоогийн байдлаар  Ядуурал, хөгжил, ардчиллын асуудлаарх ажлын хэсэг, Ардчиллыг хөгжүүлж, үндэсний болоод үндэстэн дамнасан аюулаас хамгаалах ажлын хэсэг,  Хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажлын хэсэг, Бүсийн хамтын ажиллагааны ажлын хэсэг,  Иргэний нийгмийг байгуулж хамгаалах ажлын хэсэг, АОХН-ийн шинэчлэлийн асуудлаарх ажлын хэсэг ажиллаж байна.

Манай улс Польштой хамтран ардчиллын боловсролын асуудлаарх Ажлын хэсгийн үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.
 
Удирдах зөвлөлийн хуралдааныг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар удирдаж явууллаа.

http://www.president.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж