
Дуурь бүжгийн Эрдмийн Театр хоёр өдрийн турш рок, попоор амьсгаллаа. “Universe best songs” 2010 улсын уралдааны гурав дугаар шатны шалгаруулалт боллоо. "Дэлхийн хэлээр ярьж, дэлхийн хэмжээнд сэтгэцгээе" уриатай уг наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтанд тэнцсэн нийт 82 оролцогчдоос үнэхээр авъяас билигт, шилдэг тавин оролцогчдыг дараагийн шатанд авч үлдсэн. Эхний өдөр фанаграммтай дуулсан оролцогчдыг шалгаруулж харин хоёр дахь өдөр амьд хөгжимтэй дуулсан оролцогчдыг шалгаруулснаар гурав дугаар шат өндөрлөсөн. Уг төслийн удирдагч, UBS телевизийн дэд захирал Ж.Баяр: -Энэ удаагийн оролцогчдын чадвар, бэлтгэл маш сайн байна. БНХАУ, ОХУ, Буриад, Арменийн авьяастнууд оролцож байгаа нь уралдаан маань өргөжсөнийг харуулж байна хэмээн ярилаа. Энэ үеэр хамгийн залуу дуучин Н.Өнөдэлгэр дэлхийн мундагчуудын амилуулсан "О Соле Миа"-г дуулж олныг бишрүүллээ. Тэмцээний ажиглагчаар сууж, оролцогчдод хааяахан үнэтэй зөвлөгөө өгдөг Д.Ухнаа гуай түүнд олон улсын дуурийн дуучдын тэмцээнд урилгаар оролцох эрх олгож байгаагаа дуулгасан нь гэнэтийн бэлэг болсон. Дараагийн буюу дөрөвдүгээр шатны шалгаруулалт ирэх 30-ны өдөр зохион байгуулагдах ба энэ хугацаанд тэнцсэн оролцогчдыг шүүгчдийн зүгээс дууны сонголт болоод хувийн бэлтгэл дээрээ сайн ажиллахыг зөвлөсөн. Ирэх шалгаруулалт үзэгчдийн сэтгэл догдлуулан хүлээсээр байгаа шилдэг 25 одод тунаж үлдэнэ. Ингээд Монголын шинэ авъяастнууд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын алтан тайзнаас анх удаа өөрсдийнхөө ая дууг сонирхуулж, үзэгчдийн халуун алга ташилтаар дүүрэн өнгөрлөө.
Г.Даша