Экс Ерөнхийлөгчийн үхэл хагаралд хүргэв

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Экс Ерөнхийлөгчийн үхэл хагаралд хүргэв

Афганистаны нийслэл Кабул хотод тус улсын дээд элитийн төлөөлөгчдийн нэг тажик гаралтай Ерөнхийлөгч асан Бурхануддин Раббаниг харгис хэрцгийгээр амийг нь хороосон. Энэ улстөрч улсынхаа Энхтайвны дээд зөвлөлийг удирдаж байсан төдийгүй талибаны хөдөлгөөнийхөнтэй хийх энхийн хэлэлцээрийг хариуцаж байсан юм. Б.Раббанигийн амь насанд халдах ажиллагааг түүний Кабулд байдаг гэрт нь маш нарийн тооцоолж харгис хэрцгийгээр үйлдсэн байна. Тэгэхдээ бүр түүний сайн мэдэж, итгэж байсан тэр хүмүүс нь Б.Раббаниг хороолоо. Тэд бол талибаны хамгийн итгэлтэй элч нар Мохаммад Масум, Вахид Яр нар байсан аж. Экс Ерөнхийлөгч тэдэнтэй аль эртнээс хэлэлцээр хийж байсан. Аллага түүний хамтран зүтгэгч тажик гаралтай Ахмад Шах Масудыг устгасантай яг адилхан схемээр явагдсан байна.

2001 оны есдүгээр сарын 9-нд Хойд эвслийн цэргийн ерөнхий командлагч А.Масудтай уулзах гэж хоёр талибан хүн ирсэн. Тэд нуусан бөмбөгөө дэлбэлж түүний амь насыг хороосон юм. Тэд өөрсдийгөө сэтгүүлч гэж нэрлэсэн төдийгүй тэсрэх бөмбөгөө камертаа нуусан байжээ. А.Масудын цэргүүд улс орныхоо нутаг дэвсгэрийг талибуудаас чөлөөлж байсан юм.

Хүмүүс түүний аллаганд Америкийн оролцоо байгаа гэж үздэг байна. Учир нь Москватай хамтран ажиллаж байгаа Хойд эвсэл Вашингтонд таалагдахгүй байсан аж. Хамгийн гол нь энэ аллага НьюЙоркийн ихэр барилгыг дэлбэлэхээс хоёр хоногийн өмнө болсон юм.

Б.Раббанигийн аллагын хариуцлагыг өөртөө хүлээсэн талибаны хөдөлгөөний төлөөлөгчид энэ аллагад удаан хугацаанд бэлтгэсэн гэж мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч агсны болон түүний хүрээнийхний итгэлийг олж авах нь тэдний гол зорилго байсан аж. “Энэ бол сүүлчийн аллага биш. Бид ийм түвшний хүмүүсийг цаашид ч устгах болно” гэж талибууд мэдэгдсэн байна.

Эксийг хороохоос өмнө талибууд өндөр тушаалын хэд хэдэн түшмэлийн амийг хөнөөсөн юм. Кундуз мужийн захирагч Мухаммед Омар болон Цагдаагийн газрын дарга Абдул Рахман Сайедхели, хойд Афганистаны Цагдаагийн газрын тэргүүн Дауд Дауд, Ерөнхийлөгчийн Хамид Карзайгийн төрсөн дүү зэрэг хүний амийг хороосон билээ. Энэ бол талибаны хөдөлгөөний төлөвлөгөөтэйгөөр устгаж байгаа хүмүүсийн бүрэн нэрсийн жагсаалт биш. Харин Б.Раббаниг хороосон явдал нэлээн их хор уршигтай байж мэднэ. Афганистанд дахин цус урсгасан иргэний дайн эхлэж магадгүй.

Талибаны хөдөлгөөнийхөнтэй хийж байгаа хэлэлцээр бүрмөсөн сүйрлээ гэж тус улсын болоод дэлхийн улстөрчид үзэж байна. Экс Ерөнхийлөгчтэй цуг талибуудын эсрэг байлдаж явсан хамтран зүтгэгч Амрулла Салех “Талибаны бүлэглэлтэй хийх ямарч хэлэлцээ энх тайванд хүргэхгүй” гэж мэдэгдлээ. Гэхдээ аядуу үзэлтэй талибуудтай хийх хэлэлцээрийн тактик хадгалагдан үлдсэн гэж Б.Раббанигийн талын олон хүн үзэж байна.

Энх тайвны дээд зөвлөлийн зөвлөхүүдийн нэг Сидика Балхи “Экс Ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн явдал тус зөвлөлийн болон Афганистаны хувьд асар том гарз хохирол. Түүний үхэл хэнд хэрэгтэй байсан талаар одоо тодорхой зүйл ярихад эрт байна. Тэднээс их зүйл хамаардаг тийм хүмүүсийг хөнөөх явдал манай улсад харамсалтай нь жирийн үзэгдэл болжээ. Бид хэзээ ч бууж өгөхгүй. Б.Раббанигийн үед эхэлсэн Энх тайвны зөвлөлийн ажлыг үргэлжлүүлж хэлэлцээрийн замаар улс орны бүх асуудлыг шийднэ. Тэр тусмаа зэвсэгт сөргөлдөөнөө зогсоохыг хүсч байгаа талибуудтай хийх хэлэлцээрээ үргэлжлүүлнэ” гэжээ.

Б.Раббаниг үл эвлэрэгч талибууд л хороосон. Харамсалтай нь ийм талибууд дийлэнхийг эзэлж байна. Тэдний зорилго нь ард түмнийг айлган сүрдүүлэх, төр засагтай энхийн хэлэлцээр хийж байгаа аядуу нөхдөө зайлуулахад оршиж байгаа. Шинжээчдийн үзэж буйгаар түүний үхэл хэлэлцээрийн зорилгод өгч байгаа цохилт аж. Б.Раббани бол энэ хэлэлцээрт бие даан шийдвэр гаргах эрхгүй хүн байсан. Түүнийг Ерөнхийлөгч Хамид Карзай энэ албан тушаалд томилсон юм. Энэ нь М.Карзайн засгийн газар болон цэргээ гаргах байсан АНУ-ын төлөвлөгөөнд өгч байгаа цохилт аж.

Б.Раббанигийн үйл ажиллагааг янз бүрээр үнэлж болно. Тэрээр бурхны шавь, профессор юм. 1980-аад онд 20 мянган хүнийг толгойлж, Зөвлөлтийн цэргийн эсрэг байлдаж явсан. Хөдөлгөөнийг нь байгуулахад АНУ багагүй тусламж үзүүлснээр талибаны хөдөлгөөний эсрэг Б.Раббани байлдаж эхэлсэн байна. Афганистаны ард түмний хувь заяа түүнд шууд хамаатай байсан. Тэрээр энх тайвныг тогтоохын тулд талибуудтай хэл амаа ололцохыг оролдож байсан юм. Аллах түүнийг ивээг.

Д.Түвшинтөр

 Эх сурвалж: "Нийгмийн толь" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж