Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан хийлээ. Цомхон асуудал багтаасан хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар айлчлах ХБНГУ-ын Канцлер хатагтай А.Меркелийн айлчлалын бэлтгэлийн талаар хэлэлцжээ. Канцлерын айлчлалын үеэр Монгол, Германы Засгийн газар хооронд байгуулах зарим хэлэлцээрийн төслийг энэ үеэр ярилцсан байна. Хэлэлцсэн төслүүдээс харвал уг айлчлалын үеэр эрдэс баялгийн боловсруулах үйлдвэрлэл, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааны талаар гэрээ, хэлэлцээр хийх ажээ. Батлан хамгаалахын хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг ээлжит бус хуралдаанаас дэмжжээ.
Хэлэлцээрт НҮБ-ын энхийг дэмжих болон олон улсын терроризмын эсрэг тэмцэх ажиллагаа, Монгол, Германы хамтын ажиллагааны шинэ чиглэлийг тусгасан, хэлэлцээрийн нөхцөл, хүчин төгөлдөр байх хугацаа, нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг тодотгосон шинэ заалт оржээ. Хэлэлцээр байгуулснаар Зэвсэгт хүчний шинээр байгуулах энхийг дэмжих болон барилга-инженерийн ангид техник тусламжаар авах боломж бий болох юм байна.
Д.ОЮУН