Тавантолгой-Хангийн замын тендер будилсан уу?

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Тавантолгой-Хангийн замын тендер будилсан уу?

Тавантолгой – Хангийн чиглэлийн 435 км замыг барих ажил энэ жил эхлэх ёстой байсан ч одоо хүртэл замын ажил эхлээгүй байгаа юм. Дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажил юунаас болж хойшилсныг тендерт оролцсон “Монголын авто замын консорциум”-ын ТУЗ-ийн гишүүн Э.Тамираас тодрууллаа.

-Авто замын консорциум байгуулагдсан цагаас хойш багагүй хугацаа өнгөрлөө?

-Монголын бизнес эрхлэгчид ганц ганцаараа яваад амжилт гаргаж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, нэгдэх процесс явагдах болсон байна. “Монгол 999 Үндэсний Нэгдэл”, “Монголын авто замын консорциум” цаашлаад Улаанбаатар хотын залуус нэгдэж, хотынхоо соёл иргэншил, өнгө зүсийг сэргээж, ая тухтай амьдрах орчин бүрдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын нутгийн зөвлөл”-ийг байгуулах гэх мэтээр багийн тоглолтыг эрхэмлэх болсон. 1+1=3  гэсэн томьёолол байдаг. Синержи буюу 2 ба түүнээс дээш хүчин нэгдвэл хүчний үйлчлэл давхар тооцогддог.  Нэгдлийн давуу тал их боловч хууль эрх зүйн талаас асуудал багагүй гарч байна. Компаниудын нэгдлийн эрх зүйн зохицуулалт ерөнхийдөө байхгүй байгаа учраас нэгдлийг компанийн хэлбэрт оруулсан.  

-Замын компаниуд нэгдээд зам барих бодитой ажил авч чадсан уу? Ялангуяа ганц компани ганцаараа дийлэхээргүй том ажил дээр нэгдэж орох нь нэг чухал зорилго биз дээ?  

-Уул уурхайн томоохон бүтээн байгуулалт өрнөх гэж байгаатай холбогдуулан дэд бүтцийн асуудал маш чухалд тооцогдож байна. Манайх зам тавих ажлаа хойшлуулаад шууд л ухаад, ачаад  зөөгөөд эхэлдэг. Энэ нь экологийн ямар их хохирол авчирч байгааг бид бүгд харж байгаа. Тэгэхээр юуны түрүүн замын асуудлыг шийдэж байж баялгаа эргэлтэд оруулах асуудлаа ярих шаардлага тавигдаж байгаа юм. Концессийн хуулийн дагуу явагдаж байгаа томоохон төсөл болох Тавантолгой-Хангийн чиглэлийн 435 км зам барих тендерт манай консорциум оролцож, хамгийн өндөр санал авч чадсан. Тендерт оролцож байгаа чадвар, соёл, материалын бэлтгэл, хамгийн гол нь нийлээд энэ том замаа барих техник, боловсон хүчин,  санхүүгийн гэх мэт  гээд маш том давуу талууд консорциумд байгаа. Гэхдээ нөгөөх л тендертэй холбоотой бульхай, луйвар манай улсад газар авсан хэвээрээ л байна. Энэнээс болж ажил хэдэн сар дамнан хойшиллоо.  

-Ямар луйврын асуудал гарсан гэж?

-Уг тендерт нилээд хэдэн компани оролцсон юм. Яг манай Монголын авто замын нэгдэл шиг Хятадын нэгдэл тендерт оролцсон.  Хятадын 10 гаруй компанийн нэгдэл болох уг компани “Говь Тавантолгой” нэртэйгээр орж ирсэн. Харамсалтай нь, эхний шалгаруулалт дээр тендерийн шаардлага хангахгүй, задгай материал авчирсан. Тендерт оролцож буй компаниудын хамгийн наад захын шаардлага материалаа лацдах, битүүмжлэх байдаг. Тэгэхгүй бол дундаас нь материал алдагдах, эсвэл нэмж хийх гэх мэтчилэн асуудал гарах магадлал өндөр байдаг. Энэ бол жижиг ажлын шалгаруулалт биш.  Ийм хуумгай, бусдад хүндэтгэлгүй хандаж болохгүй. Бусад оролцогчид энэ зарчмын дагуу шаардлага тавьж тендерээс “Говь Тавантолгой”-г шууд хасуулсан. Гэтэл хоёрдугаар шатны шалгаруулалт дээр нөгөөх хасагдсан “Говь Тавантолгой”ХХК гэнэт л шалгаруулалтад орчихсон явж байсан. Томоохон ажлын тендер маш өндөр хариуцлага шаарддаг. Нэг минут битгий хэл хэдэн секунд хоцорч ирээд л хасуулаад гардаг өчнөөн тохиолдол байдаг, гэтэл бүр материалаа задгай авч ирж хасагдчихаад дараа нь учир битүүлэг шалтгаанаар шалгаруулалтанд тэнцчихсэн явж байгаа нь маш олон хардалт дагуулж байгаа юм. Энэ бүх үйлдэл нь тендер шалгаруулах зарчмыг бүдүүлгээр зөрчиж байгаа нь илт байсан тул бид ТӨХ-нд хандсанаар хоёрдугаар шатнаас Хятадын “Говь Тавантолгой” ХХК дахин хасагдсан. Монголын замын компаниудын нэгдлийн материалыг мэргэжлийн чадварлаг баг хэдэн сарын туршид бэлдсэн.  Маргаангүйгээр бидний материал хамгийн сайн гэдэг нь харагдаж байсан.  Гэх мэтчилэн томоохон ажил дээр луйвар булхайн асуудал гараад байдаг нь ажилд үнэхээр их саад болж байна.

-Тэгээд тендерээ аль компани нь авсан юм бэ?

-Аль нь ч аваагүй. Ажил ид явагдах дулаан цагийг харамсалтайгаар алдаж байна. “Говь Тавантолгой” ХХК шүүхэд хандсан юм байна лээ.  Одоо их амар болжээ. Өөрсдөө бульхай хийчихээд ичих ч үгүй шүүхэд гомдол гаргачихдаг, харин шүүхийн шийдвэр нь уг тендерийг түдгэлзүүлсэн байх жишээтэй. Бидэнд ирсэн мэдээллээр нэр бүхий улс төрчид энэ тендерийг Хятадын консерциумд авч өгөх маш их сонирхол байна. Төрөөс төрсөн тэрбумтангуудын гар хөл болсон төрийн хутгуур хочит хэн нэгнээр тендерийг будлиантуулах санаархалаа гүйцэлдүүлж байгаа гэх баттай эх сурвалжийн мэдээлэл бидэнд бий.  Энэ бол Монголчуудыг Монголчуудаар нь намнуулж байгаа хэрэг ш дээ. Хэсэг шуналтай хүмүүсийн явцуу ашиг сонирхол дээр л тоглож байгаа асуудал. Хятадын “Говь Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал нь Дугар гээд хүн бий.  Монгол жижигхэн ш дээ. Бид бүх мэдээллийг авч байгаа.

-Та бүхэн ямар арга хэмжээ авах гэж байна, авлигын асуудал хөндөгдөх сэдэв юм биш үү?

-Бид юу гэж зүгээр хараад суухав. Үндэсний консорциумд Монголын бүх том компаниуд багтсан. Хятадын компанид тэр тусмаа луйварын замаар ажлаа алдана гэж байхгүй л дээ. Монголчуудыг арай дутуу үнэлээд байгаа бололтой. Бид үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүртэл явна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч энэ асуудлын талаар сурвалжилж, шүүх болоод улс төрчдийн луйврыг илчлэх хэрэгтэй.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж