Ц.Насанбат: Надад ямар нэг шаардлага ирүүлээгүй

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Ц.Насанбат: Надад ямар нэг шаардлага ирүүлээгүй

Шүүх, прокурорын байгууллага үл ойлголцлоосоо болж гурван хүний алтан амийг хөнөөх боломжийг Б.Эрдэнэбилэг гэгч этгээдэд олгосон гэх хэргийн “Үр хөврөл” одоо болтол үргэлжилж байна. Энэ хэргийн буруутай этгээдийг тогтоохоор Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ сарын 9-нд “Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат хэрэгтэн Б.Эрдэнэбилэгт холбогдох хэрэгт хяналт тавихдаа Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн эсэхийг тогтоо” гэсэн үүргийг Мэргэжлийн хяналтын зөвлөлд өгсөн аж. Улмаар эх сурвалжийн мэдээлж буйгаар тус зөвлөлийнхөн прокурор Ц.Насанбатаас тайлбар бичиж ирүүлэхийг шаардсан юм байна. Тодруулбал, тухайн хэрэг прокурорын хяналтанд орсон үйл явц, хуулийн ямар заалтыг баримталж ял төлөвлөсөн байсан талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхийг шаарджээ.

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбатаас тодруулсан юм.

-Улсын ерөнхий прокурорын дэргэх Мэргэжлийн хяналтын зөвлөлд Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав таныг хэрэгтэн Б.Эрдэнэбилэгт холбогдох хэрэгт хяналт тавьж байх үедээ Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн эсэхийг шалгах үүрэг өгсөн гэсэн. Танд энэ талаар тайлбар шаардсан бичиг ирүүлсэн юм уу?

-Одоогийн байдлаар надад ямар ч тийм тайлбар шаардсан бичиг ирүүлээгүй байна. Энэ талаар би юу ч сонсоогүй юм байна. Хэрэв Улсын ерөнхий прокурор Мэргэжлийн зөвлөлдөө тийм  үүрэг өгсөн бол зөвлөлийнхөн уг асуудлыг сарын хугацаанд шалгах боломжтой.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж