Монгол Улс архинд живж байгаа юм байна. Өсвөр насны 7000 хүүхдэд хийсэн судалгаанаас үзвэл тэдний 71 хувь нь архи ууж үзсэн гэсэн байх юм. Харин архи уух болсон шалтгаанаа “зүгээр л дуурайгаад” гэж хариулсан нь олонх нь гэнэ. Аливаа улс үндэстний долоон хувь нь архинд донтвол үндэсний аюулгүй байдал алдагдаж байгаагийн илрэл гэж үздэг аж. Тэгвэл манайхны хийсэн судалгаагаар манай улсын нийт хүн амын 20 гаруй хувь нь архинд донтох өвчтэй гэж байна шүү. Ингээд бодохоор нөгөө үндэсний аюулгүй байдал чинь алдагддагаа алдагдаад дуусч байгаа юм биш үү. Гэхдээ манайхаан санаагаар битгий унаарай. Бид угаасаа л ийм байсан шүү дээ. Архи бол идээний дээж биз дээ. Идээний дээжийн хажууд үндэсний аюулгүй байдал бол яамай. Олимпийн аварга төрөхөд төр засгийн тэргүүнүүд ямархуу байдалтай ард түмэнтэйгээ мэндэллээ. Энд тэндхийн тоглолт дээр урлагийн одод согтуу гарч ирээд л дуулдаг шүү дээ. Бид ч алга ташаад л, дахиулаад байдаг. Тэгэхээр дээрх судалгаанд хамрагдсан хүүхдүүд архи уух нь аргагүй юм биш үү. Ээж, аав нь ууна. Хайрлаж биширдэг урлагийнхан нь ууна. Төрийн түшээд нь ард түмэнтэйгээ согтуу мэндчилнэ. Даган дуурайдаг бүх хүмүүс нь архи ууж байхад тэдэнд архи уух сэдэл төрөхгүй байх ямар ч үндэс байхгүй шүү дээ. Хамгийн энгийн жишээ л гэхэд энд тэндхийн шар айрагний баярт манай урлагийнхан очиж дуулдаг, архины компанийн нээлт дээр эрхэм УИХ-ын гишүүд эхнэрээ дагуулаад л давхиад очиж байхад өсвөр насныхан тэр бүгдийг үзэж харж, сонсож байгаа гээд бод доо. “Архины үйлдвэр нээгдэж байна” гэж сонссоноос “Хаагдлаа”, “Хаалаа” гэж лав сүүлийн үед сонсоогүй юм байна. Ийм нийгэмд архи ууж үзээгүй хүүхэд байна гэвэл сонин л юм болно. Яах вэ, энэ архитай тэмцээд байгаа хэсэг бүлэг хүмүүс, газрууд байдаг. Гэхдээ өнгөн талын л ажил хийгээд байхаас гүн рүү нь хандсан томоохон ажил хийхгүй л байна. Баарыг шөнийн 00 цагт хааж, оюутан залуучуудад архины эсрэг лекц уншиж, архи заруулдаггүй өдөртэй болгосон ч нийлүүлэлт нь байгаа учраас архи уудаг хүн байсаар л байна. Ер нь л архи бол идээний дээж юм даа, уу, уу.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин