Ингээд “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлалын тендерийг дахин явуулах бэлтгэл ажлыг Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Өмчийн хяналт, хууль зүйн хэлтсийн дарга М.Энхболдод хариуцуулж, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон аж. “Энэ хугацаанд уг үйлдвэрийг хувьчлах бэлтгэл ажлыг ерөнхийдөө хангаж дууссан бөгөөд дуудлага худалдаагаар оруулахаар зэхэж байгаа” гэх мэдээлэл бий. Нөгөө талаар “Хамгийн үнэд хүрэх байрлалтай газар учир хэвлэх үйлдвэрийг дуудлага худалдаа зарлахгүйгээр хэдийнэ эзэнтэй болсон” гэх мэдээлэл ч нисч яваа юм. Тиймээс эдгээр мэдээлэлд тайлбар авахаар энэ асуудлыг хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу Өмчийн хяналт, хууль зүйн хэлтсийн дарга М.Энхболдтой уулзахаар нийслэлийн Өмчийн харилцааны газрыг зорьсон юм. Харамсалтай нь тэрбээр ажлаа хийдэггүй бололтой. Өөрийнх нь хэлснээр ажлын цаг дуусч байхад компьютераа унтраах зорилгоор л ажил дээрээ ирдэг юм байх. Ямартай ч энэ талаар мэдээлэл өгөх сонирхолгүй байгаа нь утасны цаанаас илэрхий мэдэгдэж байсан юм. М.Энхболд дарга аа, та ийм байдлаар ажлаа хийдэг бол “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийг хувьчлах ажил нэлээн цалгардах юм байна даа. Аль эсвэл дуудлага худалдаа хийх шаардлагагүйгээр эзэн нь тодорчихсон гэдэг нь үнэн юм уу.
“Хэвлэх үйлдвэрийн хувьцааны 60 хувийг Ерөнхий сайд С.Батболд, Нийслэлийн захирагч Г.Мөнхбаяр өөрийн мэдэлд оруулсан” гэх үлгэр мэт ам дамжсан яриа гарчээ. Харин үлдсэн хувьцаа буюу 40 орчим хувийг саяхан шинэ Ерөнхий эрхлэгчтэй болсон “Улаанбаатар таймс” сонины сэтгүүлчид эзэмшиж байгаа гэнэ. Сэтгүүлчдийн мэдэлд байгаа гэгдэх 40 орчим хувийн хувьцааг удахгүй худалдах сураг ч гараад байгаа. Сэтгүүлчдийн нэр дээр байгаа 40 орчим хувийн хувьцааг худалдаж авах сонирхолтой байгаа хүмүүс ч захаасаа аваад дараалал үүсгэж байгаа юм байх. Ямартай ч энэ бүхэнд хариулт өгөх хүн олдохгүй байгааг бодоход дээрх яриа үнэн ч байж болох юм. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.
"Улс төрийн тойм" сонин