”Макс” бус ”бөх” Ганбаа

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

”Макс” бус ”бөх” Ганбаа

Гиннесийн номд үндэсний бөхийг бүртгүүлэхээр 6002 бөх барилдуулж буй. Өнөөдөр гурвын даваа нь эхэлнэ. Ер нь бараг л улсын баяр наадмаас цар хүрээний хувьд өргөн болох шинжтэй. Наян настай хөгшин ч барилдаж дөнгөдөг, тэр ч байтугай идэр насны залууг ч дийлж болдог өвөрмөц спортын төрөл гэдгийг ч дэлхий нийтэд харуулж байна. Аль 60-аад онд л сумын заан болж байсан хөгшин арслантай учраа таарсан залуу бөх ухарч гүйгээд байхаар засуул нь “хамжиж” байж даваа ахиулж байх жишээтэй. Ойрын хэдэн жил бараа, сургийг нь гаргаагүй улс, аймгийн цолтой бөхчүүд ч энэ удаа зодог шууд­гаа бүслээд ирчихсэн  ноцолдож байгаа нь сайхан са­нагдлаа. Хамгийн сайхан нь хүү­хэд байхдаа, эсвэл залуу насандаа бөхийн аль нэг төрлөөр хичээллэж байсан хүмүүс оролцож байгаа явдал. “Макс” группын ерөнхийлөгч Д.Ган­баатар гэхэд л тийм мундаг бөх биш ч гэлээ уг барилдаанд орол­цоод одоогийн байдлаар хоёр давчихсан байна. Тэрбээр төрсөн ах Д.Цэрэнжигмэдтэйгээ ганц, хоёр насны зөрүүтэй болохоор ч тэр үү, багаасаа л дээл тэсгээлгүй но­цолдож өссөн гэдэг. Дараа нь дунд сургуульд байхдаа бөхөөр хи­чээллэж сургуулийн аварга, хожим нь 90-ээд оны дундуур сумын заан цол хүртэж байсан бөх хүн аж. Хүмүүс түүнийг энэ үеийн хамгийн алдартай уяачдын нэг, хурдан моринд “нугасгүй” бизнесмэнүүдийн манлай л гэж мэддэг. Тэгээд ч “Макс” Ганбаагийн хэрийн бэлтэй хүн зодог шуудаг өмсчихөөд ста­дионы үүдэнд бөхчүүдтэй мар мархийгээд зогсож байна гэхээр нэг л төсөөлөгдөхөөргүй. Гэвч 6002 бөхийн дунд түүний нэр орсон төдийгүй гурвын даваанд өнөөдөр гарч барилдана.    

Н.Мөнхтөвшин

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж