Металлургийн үйлдвэрүүд хөгжлийг хурдацтай авчирдаг

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Металлургийн үйлдвэрүүд хөгжлийг хурдацтай авчирдаг











Ц.Даваацэрэн: Металлургийн үйлдвэрүүд улс орны хөгжилд
хурдацтай түлхэцийг авчирдаг

Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын олон
улсын “
Metals Mongolia 2011” чуулга уулзалтыг энэ оны арваннэгдүгээр сарын 3,
4-нд анх удаа Төрийн ордонд өндөр дээд хэмжээнд зохион байгуулах гэж байгаатай
уялдуулан Монголд хар металлургийн салбарыг хөгжүүлэх боломжийн талаар
Ашигт
малтмалын газрын У
ул
уурхайн судалгааны хэлтсийн дарга Ц.Даваацэрэнтэй ярилцлаа.

Манай улсад хэр
хэмжээний төмрийн хүдрийн нөөц байна вэ, ашиглалтын өнөөгийн байдал ямар байна
вэ?

-Монгол Улсад төмрийн хүдрийн чиглэлээр нэлээн судалгаа
хийгдсэн байдаг. Харин одоо нарийвчилсан судалгаанууд хийгдэж байна. Ялангуяа,
хувийн компаниуд хайгуулын ажлын судалгааг нэлээн хийж байна. 1960-1970 оны үед
хангай, говь гэсэн хоёр бүсэд төмрийн хүдрийн чиглэлээр нэлээн хайгуул судалгаа
хийсэн. Хангайн бүсээс Дархан, Сэлэнгийн бүс арай илүү судлагдсан. Ерөнхийдөө тархацын
хувьд Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, мөн Хэнтийн хойд хэсгээр нөөц байна. Говийн
бүсэд Дорноговь, Дундговь аймгийн урд талаар нөөц бий. Одоогийн байдлаар 38 аж
ахуй нэгжид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон. Эдгээрээс 24 нь идэвхитэй үйл
ажиллагаа явуулж байгаа. Төмрийн хүдрийн тоймчилж бүртгэгдсэн нөөц гэвэл тэрбум
орчим тонн бий. Гэхдээ энэ бол таамаг, бусад нөөц ороогүйгээр шүү. Хамгийн том
орд бол Сэлэнгийн Төмөртэй байна. Мөн Баянголын орд том. Төмөртэйн орд дээр
Дарханы төмөрлөгийн үйлдвэр лицензтэй. Энэ бол стратегийн орд, боломжит 200
гаруй сая тоннын төмрийн хүдрийн нөөцтэй. Дээрээс нь 200 орчим сая тоннын
таамаг нөөцтэй. Ерөнхийдөө ордын хэмжээнд 500 гаруй сая тоннын нөөц бий гэж
үздэг. Үүний хажууханд Хустайн орд бий.

Төмрийн хүдрийн олборлолт сүүлийн хоёр жил нэлээн өссөн.
Ерөнхийдөө хоёр сая орчим тонн төмрийг хүдрийг жилдээ экспортолж байна. Энэ
дотроос “Болдтөмөр ерөө гол”, “Эрдэс грүпп”-ийн экспортын хувь хэмжээ бусдаасаа
өндөр. Мөн “Мон лаа” компани Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ордоос олборлолт
явуулж, экспортолж байна. Энэ мэтчилэн ганц, хоёр сая тонны нөөцтэй жижиг
ордууд дээр хэд хэдэн гадаадын хөрөнгө оруулалттай компани бий.

Төрөөс хар
металлургийн үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр хоёр том зорилт тавьсан. Тэгвэл
ойрын үед энэ чиглэлээр хийгдсэн ямар дорвитой ажил байна вэ?

-Төрөөс барих бодлогын хувьд Дархан, Сэлэнгийн бүсэд
металлургийн том цогцолбор баръя гэсэн төлөвлөгөө бий. Засгийн газрын мөрийн
хөтөлбөрт ч энэ тухай байгаа. Хоёр дахь том зорилт бол Сайншандын аж үйлдвэрийн
цогцолбор дотор хар металлургийн үйлдвэр барихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар
энэ чиглэлээр яг хийгдээд явж байгаа ажил маруухан байна. Хувийн хэвшилд гэвэл “Хөх
ган” компани Архангай аймгаас олборлосон төмрийн хүдрээ Эрдэнэт хотод
ангижруулж байгаа. Гэхдээ ангижруулж буй технологи нь бага оврын учир байгаль
орчны бохирдол ихтэй. Мөн шинэ технологи биш юм. Гэхдээ тус компанийн хамт олон
санаачлага гаргаж ажиллаж байгаа нь сайшаалтай. Үүнийг бид цаашид үргэлжлүүлэх,
технологийг нь сайжруулах чиглэлээр бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатай.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр анхнаасаа металл хайлуулах чиглэлээр баригдсан.
Тэгэхээр тус үйлдвэрийг түшиглээд төмрийн хүдрийг олборлох, боловсруулах
чиглэлээр нэлээн томоохон цогцолбор байгуулах ёстой. Энэ чиглэлээр Засгийн
газрын төлөвлөсөн мөрийн хөтөлбөр байгаа. Гэвч бодитой ажил хийгдэж чадахгүй
байна. Ер нь 17 аж ахуй нэгж жижиг хэмжээний төхөөрөмж тавиад олборлосон
төмрийн хүдэртээ хагас баяжуулалт хийж байна. Үүнийг гаалиар баяжмал гээд
гаргаж байгаа л даа. Гэхдээ яг жинхэнэ баяжмал мөн үү гэвэл биш юм. Зөвхөн
шорооноос нь салгаад л гаргаж байгаа шүү дээ. Цаашид төмрийн хүдрийг зайлшгүй
баяжуулах шаардлага байна. Мөн ангижруулмаар байна. Үүнээсээ гангийн хайлах
үйлдвэрүүдийг байгуулмаар байна. Ер нь гангийн үйлдвэр, металлургийн томоохон
цогцолбор байгуулахад шаардагдах олон зүйл бий. Технологийн зөв сонголтыг хийх
ёстой. Мөн нүүрсний томоохон ордуудыг түшиглэх зайлшгүй шаардлага бий. Энэ
чиглэлийн судалгааг сайн хийх хэрэгтэй. Нөгөө талаас гангийн үйлдвэр тасралтгүй
явдаг технологитой байдаг. Яагаад гэвэл өнөөдөр хайлаад маргааш нь зогсоогоод
байх боломжгүй. Үүнийг нарийн тооцох учиртай.

-Төлөвлөсөн
ажил урагшлахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хойд хэсэгт Дархан, Сэлэнгийн бүсийг түшиглүүлсэн
цогцолбор, харин өмнөд бүсийг түшиглэсэн металлургийн цогцолборыг нэг бол Чойр,
эсвэл Сайншанд дээр барьж байгуулах ёстой гэж үзэж байгаа. Сайншандын давуу тал
бол хөндлөн төмөр зам тэнд ирнэ. Гэхдээ энд асар их ус шаардана. Ер нь металлургийн
үйлдвэрийг дагаад хэд хэдэн үйлдвэр дагаж хөгждөг. Тэгэхлээр зэрэг төр засгаас
төлөвлөлтөө маш оновчтой хийх ёстой. Тэгвэл энэ ажил яагаад хийгдэхгүй байна
гэвэл нэгдүгээрт, Эрдэс баялаг эрчим хүчний яам дэргэдээ эрдэм шинжилгээний
байгууллага ч юм уу, эсвэл зураг төслийн баг, институтгүй байна. Эндээс
шалтгаалж ерөнхийдөө ажлаа төлөвлөөд байдаг ч хийгдэж өгдөггүй. Нөөц дээрээ
түшиглээд цогцолбор барих юм бол ямар технологи сонгох, дагалдах үйлдвэрүүдийг
яаж байгуулах, түүний хүчин чадал ямар байх, ус, эрчим хүч нь хүрэлцэх үү зэрэг
олон асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр зураг төслийн хүрээнд сайн бодож,
нарийн судалгаа хийх ёстой. Үүнийг зүгээр яам, агентлаг хийчихгүй. Бүхэл бүтэн
шинжлэх ухааны баг гарч байж хийх ёстой. Тэгэхлээр бид ерөнхийдөө ийм цогцолбор
байж болох юм даа гэсэн ерөнхий зүйл яриад яваад байгаа болохоос бус яг ажил
руугаа ханцуй шамлаж ороогүй байна. Орох шаардлагатай. Тийм учраас энэ жил салбарын
яам, агентлаг, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Mining.mn сайт хамтраад “
Metals
Mongolia 2011
” чуулга уулзалтыг зохион
явуулах гэж байгаа нь цаг үеэ олсон хурал юм. Үүнд ихээхэн ач холбогдол өгч
байна. Ер нь бол төмрийн хүдэр бараг түүхийгээр гарч байна шүү дээ. Тэгвэл
чуулга уулзалтаар уг салбартай холбоотой олон асуудлыг цэгцэлж, тодорхойлох
ёстой.

Хар металлургийн
салбарыг хөгжүүлэхийн тулд эхний ээлжинд хангалттай хэмжээний судалгаа хийсэн
байх шаардлагатай байх нь ээ
?

-Тийм. Манайхан судалгаа хангалттай гэж үзээд байгаа.
Тийм биш. Яг цогцолбор баръя гэх юм бол хаана барих юм, тэр нь төмөр зам, эрчим
хүчний хангамжтай хэрхэн уялдах, нүүрс, шохойн чулуугаа хаанаас авах юм гэх
зэргээр маш нарийн төлөвлөх ёстой. Нэг газар барьдаг. Нөгөөх нь өндөр өртөгтэй
болчихвол хэцүү шүү дээ. Тэгэхээр үүнийг дагаад технологио зөв байршуулах
асуудал гарна. Шууд ангижруулах үйлдвэр байх юм уу, эсвэл домин зуух барих уу
гэх зэргээр олон сонголтоос манайд аль нь тохирохыг сонгох ёстой. Судалгаагаа
урьдчилж хийгээд түүний дагуу технологио сонгох учиртай. Тэгэж байж хөрөнгө
оруулалтын асуудлыг ярих ёстой. Мөн зах зээлтэйгээ яаж уялдах юм, дээрээс нь борлуулалтын
асуудал байна. Металлургийн үйлдвэр тасралтгүй технологитой байдаг. Энэ тохиолдолд
зах зээлтэйгээ уялдсан үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой. Коксын хангалт
байна. Төмөр зам дээр асар их ачаалал ирнэ. Шохойн чулуу, нүүрсийг тасралтгүй
буулгаж байх ёстой. Зах зээл дээр гарсан бүтээгдэхүүн тасралтгүй явж байх
учиртай. Энэ бүх зүйлийг хэрхэн зохицуулах юм, зах зээлийн багтаамжтай яаж
уялдах юм. Энэ мэтээр нэг бүрчлэн төлөвлөх асуудал олон байна.

Манай улс хар
металлургийн салбарыг хөгжүүлнэ гээд байгаа боловч ихэнх лиценз гадаадын
хөрөнгө оруулалттай компанид байна. Гэтэл эдгээр компаниуд гадаадад байгаа
үйлдвэрүүдийнхээ түүхий эдийг бэлтгэх зорилгоор манай улсад лиценз эзэмшсэн
байхыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл төр хар металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх
бодлогоо хэрэгжүүлэхэд энэ байдал бэрхшээл учруулах юм биш үү?

-Ер нь лицензийг гадны компаниуд эзэмшиж байгаа нь үнэн.
Жишээ нь Баянголын орд гэхэд Хятадын хөрөнгө оруулалт нэлээн давамгайлсан. Мөн Солонгос,
Япон
чууд байна. Энэ байдал цогцолбор байгуулах үндэсний
бодлоготой тодорхой хэмжээгээр зөрчилдөх хандлага гарна. Яагаад гэвэл эрдэс
баялгийг түүхийгээр нь авч гадаадад байгаа үйлдвэрүүдээ ажиллуулах зорилгоор Монголд
лиценз эзэмшсэн компаниуд бий шүү дээ. Үүнийг үгүйсгэх аргагүй. Тэгэхлээр
үүнтэй манай цогцолбор барих асуудал хэрхэн уялдах юм бэ гэдгийг бодох, судлах
ёстой. Ер нь эцсийн бүтээгдэхүүн гаргаад борлуулна гэвэл хэцүү шүү. Тийм учраас
эцсийн биш, ядаж хагас боловсруулсан, өөрийн өртгийг нэлээн шингээсэн ямар
бүтээгдэхүүн байх вэ гэдгийг бодох учиртай. Үүнийгээ цогцолбортоо нарийн тусгаж
өгөх хэрэгтэй. Төмрийн хүдрийг боловсруулах маш олон шат дараалал бий. Хагас
боловсруулах, хагас болон бүтэн баяжмал гаргах, хорголжин гэж байна. Эд нарын
алийг нь үйлдвэрлэвэл ашигтай вэ гэдгийг судалж, үйлдвэрлэлээ байгуулах нь
чухал юм. Түүнээс биш нэг хүн өнөөдөр ийм байх ёстой хэмээн ярьж шийднэ гэвэл
хэцүү.

-Нөгөө
талаас төр хилээр заавал ийм түшин хүртэл нь баяжуулсан бүтээгдэхүүн гаргана
шүү гэвэл компаниуд үүнийг дагаж мөрдөхөөс өөр аргагүй байдал үүсэх байх.
Дээрээс нь баяжуулах чиглэлд төр тодорхой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй хэмээж
байна?

-Баяжуулах тал дээр илүү анхааръя гэвэл бид экспортын
хуульд өөрчлөлт оруулах ёстой. Экспортод ямар бүтээгдэхүүн гаргах, түүн дээр
тавих шаардлага, стандартаа боловсруулж, хяналт тавиад явчихвал энэ бүхнийг
цэгцэлж болно. Одоо бол экспортод гарч байгаа төмрийн хүдрийг хянах боломж
байхгүй. Лабораторийн шинжилгээний бичиг үзүүлээд л гаргаад байдаг. Гэтэл
түүний агуулгын шаардлага ямар түвшинд байгааг хянаж чадахгүй байх зэргээр
дутагдалтай зүйл олон байна. Хэрэв ийм түвшин хүртэл нь баяжуулсан бүтээгдэхүүн
гаргана шүү гэвэл компаниуд хэрхэн баяжуулж, экспортлох тухай бодоод эхлэнэ шүү
дээ. Тэр чиглэлээр хөрөнгөө оруулаад эхлэнэ.

-Хэрэв
гурав дахь ч зах зээл рүү гаргах тохиолдолд тээврийн зардал, үнийн чиг хандлага
зэргээс хамаарч ашигтай байх хувилбар бий юу?

-Энэ хувилбарыг хэн ч тооцож үзээгүй учир шууд итгэлтэй
хэлэх хэцүү байна. Ерөнхийдөө Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн
металлургийн цогцолбор барина гэсэн төлөвлөлт байгаа. Гэхдээ үүний технологийн
сонголтыг нь хийгээд зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулсан ТЭЗҮ алга. Ер нь
тойм тооцоонууд бий. Тойм тооцоогоор Монголд металлургийн цогцолбор байгуулах
боломжтой л гэсэн дүгнэлт байдаг юм.

Металлургийн
үйлдвэрлэлийг хөгжүүлснээр манай улсын эдийн засагт ямар эргэлт бий болох вэ?

-Металлургийн үйлдвэрүүд улс орны хөгжилд хурдацтай
түлхэцийг авчирдаг. Жишээ нь Өмнөд Солонгос, Япон металлургийн үйлдвэрийг гол
болгож хөгжүүлж чадсан учир ийм хөгжилд хүрсэн байдаг. Тэгэхлээр бид зориглоод
металлургийн үйлдвэр барих юм бол улс орон маш хурдацтай хөгжинө. Бид тодорхой
хэмжээний металлургийн үйлдвэрийг зайлшгүй хөгжүүлэх шаардлагатай, заавал том
гэхгүй жижиг байсан ч болно. Үүнд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эсвэл
зээл авах, гадны компаниудыг тодорхой нөхцөлтэйгээр оруулж ирэх ийм л боломж
байгаа. Түүнээс биш төсвийн хөрөнгөөр барих боломжгүй. Яагаад гэвэл асар их
хөрөнгө оруулалт шаарддаг. Тэр хэмжээгээр ашигтай ажилладаг.

Г.Батзориг, Mining.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж