Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулъя

Манай  сонины “Газрын тосны боловсруулах боловсруулах үйлдвэр байгуулья” цуврал хэлэлцүүлэг үргэлжилж байна. Бид энэ хэлэлцүүлгээрээ газрын тос боловсруулах үйлдвэр барихын давуу тал, шинэ санаачилга, шаардлага зэргийг уншигчдад хүргэдэг билээ. Харин энэ удаад холбогдох мэргэжилтэн, багш нарын байр суурийг сонирхсон юм.

С.Жаргалан: Эрсдэлээ тооцох нь чухал

-Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тал дээр мэрэгжилтнүүдийн оролцоо тун чухал. Тиймээс томоохон суурь судалгааг маш сайн хийх хэрэгтэй болоод байгаа юм. Учир нь суурь судалгаа хийгээгүйгээс үүдэн гарч болох эрсдэл маш их бий шүү дээ. Тухайлбал, үйлдвэр байгуулчихлаа гэхэд түүхий нефтийн нөөц нь арван жил хүрэлгүй дуусвал яах вэ. Үйлдвэр байгуулах гээд олон тэрбумын зарлага гаргаж, олон хүн ажилд авсан байтал зардлаа нөхөж амжилгүй үйлдвэр нь хаагдчихвал яах вэ гэсэн эрсдлүүдийг бодолцох нь нэн тэргүүний асуудал юм. Түүнээс биш сэтгэлийн хөөрөлдөө автаад шууд энэ бүхнийг  шийдэж болохгүй байх. Эрсдэлээ л сайн тооцолох хэрэгтэй.

Ж.Цэвээнжав: Боловсруулах үйлдвэр эх орондоо барих цаг хэдийнэ ирсэн

-Танай сониноос эрхлэн гаргаж буй энэ цуврал хэлэлцүүлгийг би маш их дэмжиж байгаа.  Бид эх орондоо газрын тос боловсруулах үйлдвэр барих цаг хэдийнэ ирсэн. Ирээдүйд өөрсдөдөө л  хэрэг болох зүйлийг хийх гэж байна шүү дээ. Төвийн бүсэд хэрэглээ өндөр байдаг учраас том үйлдвэр  барих ёстой. Мөн зүүн бүсэд газрын тос боловсруулах жижиг үйлдвэрээ  байгуулж, зүүн гурван аймгийнхаа хэрэгцээг хангахаар төлөвлөх хэрэгтэй. Харин хяналтын хувьд хүчин чадлын, байгаль орчны, аюулгүй ажиллагааны стандартыг нь сайн гаргаж өгөх хэрэгтэй. Ингэснээр стандартын дагуу төр хяналтаа тавих боломжтой болно.

В.Алимаа: Түүхий эдийн системчилсэн судалгаа хийх нь чухал

-Монгол Улсад газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах нь зөв гэж бодож байгаа. Харин манай улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад түүхий эд л хамгийн чухал асуудал болж байгаа. Энэ асуудлыг эрдэмтэн, судлаачид түүхий эдийн нөөцийн талаарх төслүүддээ олон талаас нь тусгасан  байдаг. Эх орныхоо газрын тосыг дотооддоо боловсруулах нь зүйтэй. Тиймээс түүхий эдийг сайн судалсан байх хэрэгтэй ялангуяа боловсруулалтын технологи, тоног төхөөрөмж, гарч буй бүтээгдэхүүний чанар, гарц зэрэг шинж чанарт системчилсэн судалгаа хийх  шаардлагатай. Яг ийм системчилсэн судалгааг манай эрдэмтэд Зүүнбаянгийн Орд, Тосон-Уулын орд газруудад хийсэн байгаа. Мэргэжлийн боловсруулах үйлдвэр байгуулах гэж байгаа бол аж ахуйн нэгж, хувь хүн судлаачдын гаргасан судалгааны үр дүнд тулгуурлан нэмэлт шаардлагатай зүйлээ хийж, судлаачдыг  энэ ажилд татан оролцуулвал илүү үр дүнтэй гэж бодож байна.

Б.Жаргал

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж