Нарантуулын наймаачид даатгалгүй байхын горыг амсчээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Нарантуулын наймаачид даатгалгүй байхын горыг амсчээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 хорооны Консулын 12 дугаар гу­дамжинд байрлах 327 тоот ха­шаанд өчигдөр 15 цагийн үед гал гарч, “На­рантуул” худалдааны тө­вийн най­маачдын бараа хадгалдаг чингэлэг шатлаа. “Нарантуул” захын хойд та­лын хаалгатай зэрэгцээ хашаанд най­маачдын ачаа, барааг хадгалдаг бө­гөөд бүгд даатгалгүй байсан аж. Уг хашаанд байсан чингэлгийг гурав нь бүр мөсөн шат­сан бөгөөд ойр байсан хэд хэдэн чингэлэг доторх бараанууд юу ч үгүй шатсан юм. Шатсан хоёр чингэлэгт голчлон цахилгаан бараа байсан бөгөөд тэр дундаа хөргөгч, хөлдөөгч байжээ. Хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа төдийгүй ха­шааны эзний модон байшин болон хөрш айлын нэг давхар байшин бүрэн шатсан юм. Холбогдох албаныхны  мэ­дэг­дэж буйгаар түлэгдэж, бэртсэн хүн байхгүй бөгөөд гал унтраах 63 ду­гаар ангийн гал сөнөөгчид зургаан машинтай шуурхай ажилласан. Наймаачдын хэлж буйгаар тус бараа агуулах хашаанаас удаа дараа гал алдаж байсан байна. Өчигдөр биднийг очиход барааны эзэд өөрсдийн барааг ялгах гэж хашаа руу орж байсан нь Онцгой байдлын ажилчдад ихээхэн саад учруулж байв. Тухайн гудамжны хоёр талд цагдаагийн ажилтнууд хулгайгаас сэргийлэх зорилгоор дотогш нэг ч хүнийг нэвтрүүлэхгүй байсан юм. Ослын газарт гал унтраах анги, цагдаагийнхан болон онцгой байдлынхан хамтран ажилласан юм. Нийслэлийн Онцгой байдлын албанаас иргэдэд хандан гадаа гудамжинд ил гал түлэхгүй байх, хогийн цэгийн ойролцоо хог шатаахгүй байхыг хатуу анхааруулж байна. Он гарснаас хойш нийслэлд арав гаруй удаагийн гал түймэр гарсан талаар Нийслэлийн Онцгой байдлын албаны холбогдох мэр­гэжилтэн мэдээлсэн юм.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж