О.Насанбурмаа: Олимп гэдэг том давааг л саадгүй давахыг хүсч байна

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

О.Насанбурмаа: Олимп гэдэг том давааг л саадгүй давахыг хүсч байна

Дэлхийн энтэй тамирчин гэдгээ нэг бус удаа харуулж байгаа чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер О.Насанбурмаатай ярилцлаа. Тэрээр дэлхийн аваргаас медаль аваад зогсохгүй, олимпийн эрхээ биелүүлээд байгаа юм. Өөр нэг бахархууштай амжилт нь О.Насанбурмаа дэлхийн аваргаас хошой медаль авсан анхны Монгол эмэгтэй тамирчин боллоо. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.

-Юуны түрүүнд дэлхийн аваргаас хошой медаль хүртсэн анхны монгол эмэгтэй тамирчин болсонд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Миний хувьд гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун, маш их баяртай байна. Дараагийн тэмцээнүүдэд энэ амжилтаа улам их ахиулахын төлөө зүтгэнэ.

-Нэлээд хариуцлагатай барилдаан хийж, олимпийн эрхээ давхар авч чадлаа шүү дээ?

-Тийм ээ. Би энэ жилийн дэлхийн аваргад явахдаа хоёр том зорилго тавьсан юм. Эхнийнх нь медаль хүртэх, дараагийнх нь олимпийн эрх байсан. Медаль хүртэх л юм бол шууд олимпийн эрхтэй болно. Харин медаль хүртэж чаддаггүй юм аа гэхэд эхний тавд шалгарч, олимпод оролцох эрхээ заавал авна гэж бодоод л зүтгэсэн. Ямар ч байсан санасандаа хүрлээ.

-Ингэхэд дэлхийн аваргад хэд дэх удаагаа орж байгаа вэ?

-Стамбулыг оруулаад нийт таван удаа оролцож, хоёр хүрэл медаль хүртлээ. Үүнийг цааш нь арвижуулж, медалийнхаа өнгийг хувиргах юмсан л гэж бодож байна даа. Энэ удаа миний жинд 35 бөх оролцсон.

-Тэгвэл олимпод?

-Анх удаа оролцох гэж байна. Анхны олимп болохоор сэтгэл их өндөр байгаа. Тиймээс бэлтгэл сургуулилтаа нэлээд чамбай хийж, олимпоос медаль авахын төлөө зүтгэнэ. Хэдийгээр дэлхийн аваргаас медаль хүртсэн ч тайвшрах болоогүй ээ. Олимп хүртэл зөвхөн бэлтгэл сургуулилтдаа л гол анхаарлаа хандуулна.

-63 кг бол хамгийн өрсөлдөөн ихтэй жингүүдийн нэг. Өрсөлдөгч нар хэр байна вэ?

-Өмнө нь Япон, Хятад, Канад, ОХУ, Америкийн бөхчүүдийг гол өрсөлдөгчөө гэж боддог байлаа. Харин одоо бол бүх зүйл өөрөөр эргэсэн нь саяын дэлхийн аваргаас харагдсан. Өрсөлдөгч бүр жигдхэн амжилттай. Барилдааны арга техник, ур чадвар өндөр, илт сайжирсан байна лээ.

-Хамгийн эхний барилдаанд гарахаасаа өмнө юу бодож байв?

-Олон жил намайг дасгалжуулж энэ зэрэгт хүргэсэн багшийгаа бага ч гэсэн баярлуулах юмсан гэж бодож байлаа.

-Т.Сүхбаатар багштай хэр удаан хамтарч ажиллав аа?

-Анх тамирчин болсон цагаасаа л багшийнхаа удирдлагад хичээллэсэн. 2003 онд шавиар орж байсан, одоо ч гэсэн хамт л байна. Мөн Дамбарагчаа, Батбаяр багш нарын удирдлагад анх чөлөөт бөхөөр хичээллэж байсан. Миний хамгийн их баярлаж байгаа зүйл гэвэл өөрийн хамгийн дотны найзтайгаа нэг дэлхийн аваргад оролцож, хоёулаа медаль хүртсэн явдал юм. 67 кг-д мөнгөн медаль авсан Б.Оюунсүрэн ч бас Т.Сүхбаатар багшийн шавь. Бид хоёр дотны найзууд.

-Энэ жилийн ДАШТ-ий онцлог юу байв. Өөрөө барилдсан тамирчин хүний нүдээр харахад?

-Мэдээж юун түрүүнд олимпийн эрх олгосноороо онцлог. Мөн олимпийн наадмын өмнөх хамгийн том сорил байлаа гэж хэлмээр байна. Бас тэмцээнд оролцож байгаа орнуудын тамирчдыг онцломоор байна. Яагаад гэвэл эрэгтэй, эмэгтэй бүх жинд өрсөлдөгчид жигд байлаа. Чөлөөт бөхийн хөгжлөөр тааруу байсан орнууд хүртэл өндөр төвшинд барилдсан. Ер нь тамирчдыг тааварлаж болохооргүй болсон байна. Бас эмэгтэйчүүд маань Монголын спортын түүхэнд анх удаа багаараа гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ. Энэ бол яалт ч үгүй бидний бахархал болсон гол онцлог юм.

-1975 онд Туркийн дэвжээнд гаргасан амжилтыг бүсгүйчүүд маань 37 жилийн дараа давтаж болохоор байлаа, даанч?

-Тийм ээ. Үнэхээр алт, мөнгө, хүрэл медалийг хүртэх боломж байсан. Гэхдээ би бодохдоо бид 37 жилийн өмнөх амжилтыг бараг л давтсан гэж бодож байгаа. Д.Отгонцэцэг маань үнэхээр зоригтой барилдсаныг хэлмээр байна.

-Шүүлтийн тал дээр юу хэлэх вэ?

-Миний хувьд хэлээд байх зүйл алга. Шүүгч нар шийдвэрээ гаргасан л бол эргэж буцдаггүй. Харин бидний хувьд энэ алдааг дахиад давтахгүйн төлөө ажиллах хэрэгтэй байх. Сая А.Басхүү багш хэллээ шүү дээ. Шинэчилсэн дүрэм олон жил хэрэгжиж байгаа гэдгийг. Гол нь бид өөрсдөө анхааралтай байж, дараачийн тэмцээн болон олимпод ийм алдаа гаргаж харамсалтайгаар медалиа алдахгүй байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо.

-Одоо тэмцээн уралдаанд оролцох уу, эсвэл олимпийн бэлтгэлдээ анхаарлаа хандуулах уу?

-Олимпийн бэлтгэлдээ гол анхаарлаа хандуулах байх. Тэмцээн уралдаанд оролцох үгүйг багш нартайгаа зөвлөлдөж байгаад л шийднэ дээ.

-Бэлтгэлдгартлаа хэд хоног амарна биз?

-Үгүй ээ. Надад амрах зав байхгүй. Дээр хэлсэнчлэн олимп хүртэл зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулна. Дэлхийн аваргаас медаль хүртэж, олимпийн эрх авсан ч санаа амрах болоогүй байна. Миний өмнө олимп гэдэг том даваа бий. Үүнийг л саадгүй давахыг хүсч байна. Дараа нь амралтын тухай бодоход оройтохгүй ээ.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Баярлалаа. Энэ завшааныг ашиглаад танай сониноор дамжуулан намайг амжилт гаргахад тус болсон бүх хүнд талархал илэрхийлье. Би та бүхний итгэлийг алдалгүй амжилтаа улам бүр баталгаажуулж, ахиулах болно. Мөн биднийг тэмцээндээ оролцож байхад сэтгэлийн дэм хайрлаж, урам өгч, тамирчдаа сэтгэл зүрхээрээ дэмжсэн Монголын ард түмэндээ баярласнаа илэрхийлье.

Б.Мөнхзул

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж