Эдийн засгийн хямрал Азид халдварлаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хямрал Азид халдварлаж эхэллээ

Европ, АНУ-ын хөрөнгийн зах зээлийн уналт Азид халдварлаж эхэлжээ. Өчигдөр хөрөнгийн бирж, металлын зах зээлд үнэт цаасны ханш, түүхий эдийн үнэ унахад олон улсын хөрөнгө оруулагчид орох байх газраа олохгүй байсан гэнэ.

Евробүсийн орнууд, Их Британи төдийгүй Хятадын эдийн засгийн суурь үзүүлэлт өмнөхөөс муу гарсан нь эдийн засгийн хямралыг дохиолж эхэллээ. Лхагва гаригт АНУ-ын Холбооны нөөцийн сан тус улсын эдийн засаг яах ч аргагүй хямралтай тулгараад буйг анхааруулсан. Үнэт цаас, түүхий эдийн үнэ хаа сайгүй унаж буй нь Азид халдварлаж, үнэт цаасны зах зээл хямарч эхэлжээ. Дэлхий нийтийг хамарч буй эдийн засгийн уналтад ОУВС, Дэлхийн банкны анхааруулга дайран дээр давс нэмэхтэй адил болгож орхив. Өмнөд Солонгосын гол индекс Kospi index 3.6 хувиар, Австралийн ASX  0.8 хувиар хумигдсан бол өчигдрөөс Европын гол индексүүд таван хувиар буурсны дараа АНУ-ын үнэт цаасны ханш унаж эхэлсэн байна. ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард өчигдөр олон улсын зах зээлүүд унаж эхэлсний дараа “Дэлхийн эдийн засаг маш хүнд байдалд орлоо” гэсэн бол Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт  Зеллик “Дэлхийн эдийн засаг аюултай үед шилжлээ” гэсэн юм. Бодлого төлөвлөгчид Европыг өрийн хямралаас гаргах яаралтай арга хэмжээ авах тухай хэлэлцэж байх зуур хямрал хэдийн газар авч эхэлжээ. Үүний зэрэгцээ ОУВС, Дэлхийн банкны анхааруулга олон улсын зах зээлд дарамт болж байгаа ажээ. Вашингтон хотноо чуулж буй “Их 20” гүрний удирдагчид ОУВС, Дэлхийн банкны тэргүүн нар бодлого төлөвлөгчдийн энэ байдлаас гарах зохих арга хэмжээг авахыг уриалсан юм. “Их 20” гүрний чуулга уулзалтыг даргалж буй Францын ерөнхийлөгчөд Австрали, Канад , Индонези, Их Британи, Мексик, Өмнөд Африк болон Өмнөд Солонгос зэрэг орнууд "Евробүсийн орнууд өрийн хямралыг арилгах яаралтай арга хэмжээ авч, дэлхийн эдийн засгийн бүхэлд нь ганхуулахаас өмнө шийдэхийг уриалсан нээлттэй захидал илгээсэн байна. Үүний зэрэгцээ Бразиль, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк  зэрэг орнууд дэлхий нийтийн өмнө тулгараад буй санхүүгийн сорилтыг давахад туслах зорилгоор ОУВС-д зээл олгоход бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.  Дэлхий нийтийн эдийн засагт аюулын харанга дэлдээд буй  одоогийн нөхцөл байдлын талаарх түгшүүр, зовинол зах зээлд дарамт учруулж, байдлыг улам дордуулж болзошгүй гэж зарим ажиглагчид үзэж байгаа юм. Нөгөө талаар улам бүр хүрээгээ тэлж буй Азийн зах зээлийн өсөлт зах зээлийг хэвийн урсгалд нь оруулна гэж эерэгээр харж байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж