Х.Цагаанбаатарын мэс засал амжилттай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатарын мэс засал амжилттай болжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар БНСУ-д хөлөндөө мэс засал хийлгэжээ. Түүний мэс засал гурван цаг орчим үргэлжилсэн байна. Тэрээр жил гаруйн өмнө баруун өвдгөндөө бэртэл авч, шөрмөс сунаж, сэмэрсэн гэж оношлуулсан ч Олон улсын жүдо бөхийн холбооны дүрэм ёсоор тэмцээн бүрт оролцож, олимпийн эрхийн оноо цуглуулах шаардлагатай байсан тул эмчилгээгээ хойшлуулан, өнгөрсөн хугацаанд бэлтгэл сургуулилт, тэмцээндээ анхаарлаа хандуулж байсан юм. Гэвч өнгөрсөн наймдугаар сард Х.Цагаанбаатарын бэртэл сэдэрч, шөрмөс тасрах аюултай болсон тул Монголын шигшээ багийн болон БНСУ, Япон зэрэг орны эмч нарын зөвлөснөөр яаралтай мэс засал хийлгэсэн байна. Тэрээр бэртэлтэй байсан бүтэн нэг жилийн хугацаанд өнгөрсөн жилийн дэлхийн аваргаас хүрэл, энэ жилийн Азийн аваргаас мөнгө, жин, жингийн шилдэг 16 бөхийн оролцдог “World Masters”-аас алт, Майами болон Улаанбаатарт болсон “Дэлхийн цом”-ын цувралаас алт, Бразили, Москвагийн “Их дуулга”-д тавдугаар байрт шалгарсан гээд оролцсон тэмцээн бүртээ тогтмол дээгүүр амжилт үзүүлж байсан юм. Мөн өнөөг хүртэл 66 кг-ын жингийн дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байна. Түүний мэс заслын талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтохоос тодруулахад, “Х.Цагаанбаатартай утсаар холбогдсон. Биеийн байдал нь гайгүй байгаа гэсэн. Ирэх олимпод Монгол Улсаа төлөөлөх гол тамирчдын нэг болохоор бидний санаа зовж байлаа. Харин олимпийн өмнө эргэн ирэх боломжтой болсон учраас бага ч гэсэн санаа амарч байна. Х.Цагаанбаатар энэ удаа найз нөхдийнхөө тусламжтайгаар бэртлээ эцсийн шатанд орохоос нь өмнө эмчлүүллээ. Багагүй хэмжээний мөнгө төгрөг зээлж явсан. Энэ дашрамд шавьд маань тусалсан найз нөхдөд нь баярласнаа илэрхийлье” гэсэн юм. БНСУ-д мэс засалд орсон Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ирэх долоо хоногт эх орондоо ирэх ажээ.

Б.Мөнхзул

Зохиогчийн эрх: “Үндэсний шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж