“Bloomberg”: МОНГОЛЧУУД СОНГУУЛИАС БОЛЖ ОРДУУДЫНХАА ГЭРЭЭГ
Монголын Засгийн газар Оюутолгой, Тавантолгой төсөлд өөрчлөлт оруулах гэж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ. Тэд “Монголчууд хөрөнгө оруулагчдыг үргээж байна” хэмээн онцолсон байна. Энэхүү нийтлэлийг хүргэе.
Монголд хөрөнгө оруулалт хийж буй “Рио Тинто” тэргүүтэй компаниуд “Монголын төр Оюутолгой, Тавантолгой төслөөс эзэмших хувиа нэмэхээр зэхэж байна” хэмээн мэдээллээ. Эрх баригчдынх нь хувьд энэ бол ирэх онд болох парламентын сонгуульд иргэдийнхээ дэмжлэгийг авахын тулд хийж буй алхам бололтой. “Пибоди Энержи”, “Шинхуа энержи” зэрэг компаниуд хөрөнгө оруулахаар болсон Тавантолгойн нүүрсний орд газрыг ашиглах гэрээг дахин шинэчлэн байгуулахаар болсон тухай “Эрдэнэс МГЛ” компанийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш мэдээлэв. Манай сурвалжлагч түүнтэй утсаар холбогдон энэ тухай тодруулсан юм. Харин портал сайт “news.mn”-д Монголын Сангийн сайд С.Баярцогтын ярилцлагыг нийтэлжээ. Түүний хэлж буйгаар Монголын Засгийн газар Оюутолгой төслийн эзэмшлийн хувиа ч нэмэх саналтай байгаа аж. Энэхүү төслийн тодорхой хэсэг нь “Рио Тинто” компанийн мэдэлд байдаг. Харин энэ үед олон улсын шинжээчид өөрсдийн байр суурийг илэрхийлэв. Лондон дахь “Liberum Capital”-ийн шинжээч Ричард Найтс “Монголчууд гэрээ хэлцэл байгуулж, бүх зүйл дуусахын даваан дээр ийнхүү байр сууриа өөрчилж эхэлсэн нь яавч зөв зүйл биш. Гэхдээ тэд ийм зүйл хийж байгаа анхны орон ч бас биш юм. Ер нь сүүлийн үед уул уурхайн компаниуд аль нэг оронд хөрөнгө оруулалт хийхийн тулд сайн судалгаа хийж, нухацтай хандах хэрэгтэй болжээ” хэмээн анхаарууллаа. Саяхан Австрали, Чилид уул уурхайн бүтээгдэхүүний татварыг өөрчилсөн. Энэ нь үндэстэн дамнасан уул уурхайн корпорациудыг хүнд байдалд оруулсан байна.
Монголын хувьд ирэх онд Тавантолгой ордынхоо IPO-г олон улсын Хөрөнгийн бирж дээр гаргахаар бэлтгэж байсан. Тавантолгой бол нүүрсний асар их нөөцтэй, нийт өртөг нь дор хаяж гурван тэрбум ам.долларт хүрэхүйц орд юм. Харин Монголын Засгийн газар байр сууриа өөрчилж эхэлсэн учир IPO гаргах явц саатах нь тодорхой боллоо. Нийт зургаан тэрбум ам.долларын өртөгтэй, алт, зэсний асар их нөөц бүхий Оюутолгойн ордыг 2013 онд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байсан нь мөн л хойшлох бололтой. Оюутолгой ордод хөрөнгө оруулахын тулд “Айвенхоу Майнз” компанийнхан зургаан жилийн турш хөөцөлдсөн билээ.
“Рио Тинто” компанийн зэсийн олборлолтыг хариуцсан гүйцэтгэх захирал Андрью Хардинг өчигдөр Лондонд “Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал одоо ид яригдаж байгаа” хэмээн мэдэгджээ. Оюутолгойтой холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсний дараа тэрбээр ийн ярьсан байна. А.Хардингийн үзэж байгаагаар Монголд ирэх онд парламентын сонгууль болох гэж байгаагаас үүдээд иргэдэд таалагдах гэсэн улстөрчдийн саналаас болж Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах асуудал сөхөгдөх болжээ. Өчигдөр Лондонд өглөөний 10.00 цагийн үед “Рио Тинто”-ийн хувьцааны ханш 0.5 хувиар буурч, нэгж хувьцааны үнэ 3518.5 пенс болсон байна. Харин Сиднейд ханш нь нэг хувиар өсч, нэгж хувьцааны үнэ 69.59 австрали доллар болов.
Монголын парламентийн 20 гишүүн энэ сарын 7-нд Ерөнхий сайд С.Батболдод шаардах бичиг хүргүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлсэн. Тэд Монголын Засгийн газар Оюутолгой төслийн хувьцааны 34 хувийг эзэмшиж байгааг чамлаж, үүнийг нэмэхийг шаардсан. Түүнчлэн татвараа өсгөх хэрэгтэй хэмээн үзсэн тухай “Синьхуа” агентлаг онцолсон. “Рио Тинто” компанийн зэсийн олборлолтыг хариуцсан гүйцэтгэх захирал А.Хардинг үүнийг “Монголчууд ийнхүү хэлсэн үг, хийсэн тохиролцооноосоо татгалзаж байгаа нь Гвинейн Засгийн газрын бодлоготой яг адилхан байна. Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Гвинейд иймэрхүү нөхцөл байдал үүсээд байсан юм. Засгийн газрын зүгээс авч үзвэл энэ бол маш том хариуцлага” хэмээн тайлбарлажээ.
Гвинейн хууль боловсруулагчид энэ сарын 9-нд уул уурхайн салбарын шинэ хууль баталжээ. Энэхүү хуульд гаалийн татварыг найман хувь болгон нэмэх тухай заалтыг оруулж өгсөн байна. “Рио Тинто” компанийн хувьд Гвинейн Симандоу төмрийн хүдрийн уурхайг эзэмшдэг. Симандоугийн нийт өртөг дор хаяж арван тэрбум ам.долларын өртөгтэй гэнэ. Тиймээс Африкийн орон дахь хөрөнгө оруулалтаасаа болж хохирол амсахад хүрээд байгаа “Рио Тинто” компанийнхан ийнхүү дахин сандарч эхэлжээ.
“Айвенхоу Майнз” компанийн хувьд дахин шинэ хэлэлцээр хийх гэж байгаа тухай ямар нэгэн мэдээлэл гаргаагүй байна. Хэрэв Оюутолгой эдийн засгийн эргэлтэд орвол Монголын эдийн засаг 2020 он гэхэд 30 хувиар өснө хэмээн “Рио Тинто”-гийн шижээчид таамаглаж байгаа. Харин АНУ-д нүүрсний үйлдвэрлэлээр тэргүүлдэг “Пибоди Энержи” компанийн төлөөлөгчид өчигдөр “Тавантолгойн гэрээг шинэчлэх тухай хэлэлцээр хийж байгаа” хэмээн мэдээлжээ. “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Л.Энэбиш “Ийнхүү гэрээгээ шинэчлэх болсон нь манай дотоод асуудал” гэдгийг онцолжээ. Ямартай ч иймэрхүү байдлаар байр сууриа өөрчилсөөр байвал бид хөрөнгө оруулагчдыг үргээж мэдэх нь.
"Улс төрийн тойм" сонин