Макс Моол 20 сая төгрөг хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2011.09.23-нд нийтлэгдсэн

Макс Моол 20 сая төгрөг хандивлалаа

Макс Моол худалдааны төвийн анхны орлого 20 сая төгрөгийг асрамжийнханд хандивлалаа

Монголын топ компаниудын нэг Макс Групп нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллагын  хувьд бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүддээ, тэр дундаа Хүүхдийн асран хүмүүжүүлэх төвийн өнчин, эмзэг бүлгийн 40-н хүүхдэд тус бүр 500,000 төгрөгийн мөнгөн хадгаламжийг нээн өгч байна.

Макс Групп  нь 2011 оны 8 дугаар сарын 4-ний өдөр БГД-ийн 16-р хорооны нутагт дэлхийн стандартын 4-н одтой Рамада олон улсын сүлжээ зочид буудал болон Макс Моол худалдааны төвийг нээн амжилттай ажиллаж байна. Нээлтийн үйл ажиллагаанаас орсон тус төвийн анхны орлого болох 20 сая төгрөгийг хүүхдийн хадгаламж нээх байдлаар асрамжийн хүүхдүүдэд хандивлахаар шийдвэрлэсэн.

Монгол улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвд эцэг эхгүй, эмзэг хэсгийн өнчин 3-аас 18 насны 300 шахам хүүхэд амьдарч суралцаж байна. Эдгээр хүүхдүүдийн дундаас ахлах бүлгийн 40 хүүхдийг сонгосон нь тус асрамжийн газрын сургуулийн насны  хүүхдийн 30% болж байна. Дээрхи 40-н хүүхдэд Худалдаа, Хөгжлийн Банкны “Хүүхдийн мөнгөн хадгаламж”- ийн дэвтэр нээн өгч гардуулж байна. Тус банкны өндөр өгөөжтэй, ирээдүйн хуримтлалын шилдэг шийдэл болсон хүүхдийн хадгаламжийн дансны эзэд болж буй охид, хөвгүүддээ хамгийн сайн сайхныг хүсье.  

Хүүхдийн асран, хүмүүжүүлэх төвийн захирал, МУ-ын ардын багш Дүгэрээ хэлэхдээ:

Өнөөдөр их сайхан өдөр юм. Учир нь Монгол улсын иргэн 40-н хүүхэд Макс Группын ач буяанаар хүүхэд тус бүр 500000 төгрөгийн хадгаламжтай болж байна. Энэ хүүхдүүд маань эцэг, эхгүй, өнчин ч гэлээ төр, ард түмнийхээ төлөө зүтгэх боловсролтой, иргэнлэг хүн болохыг эрмэлзэж байгаа юм. Энэ нь монгол хүний дээдээр, эх, эцэг хүний халамжаар Монгол иргэн Монгол хүүхдүүдээ хайрлаж байгаагийн тод жишээ юм. Энэ мөнгө нь хүүхдүүдийг 18 нас хүрээд амьдралын гараанд алхан ороход маш их тус нэмэр болох хуримтлал юм. Мөн энэ удаагийн хандив, тусламж нь нэг хүүхдэд оногдох мөнгөн тусламжийн хэмжээгээрээ анх удаа 500000 төгрөг өгч байна. Ингээд Макс Группын ерөнхийлөгч Д.Ганбаатар, ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд болон нийт хамт олонд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж байна гэжээ.

Тус арга хэмжээнд ХАХТ-ийн хүүхдүүдээс ирсэн зочид, сэтгүүлчдэд урлагийн тоглолт үзүүлж баярласан сэтгэлээ илэрхийлсэн. Мөн ХАХТ-ийн ирсэн бүх хүүхдүүдийг Макс Моол худалдааны төвийн 5-н давхарт байрлах Берлинбургер түргэн хоолны газар хооллон тус төвийн 3-н давхарт байрлах Шидэт Тоглоом хүүхдийн тоглоомын дэлгүүрт байрлах тоглоомоор тоглуулж гарын бэлэг гардуулан хүүхэд бүрийг аз жаргалтай, баяр баясгалантай нэгэн өдрийг өнгөрүүлсэн байна.






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж